Ц.БАЯР
Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров шинээр бүтээсэн "Дорнодын цэнхэр аялгуу", "Оюу эрдэнийн говь" цомгуудаас бүрдсэн "Говь, Тал" чуулбар тоглолтоо өнөөдөр / 2016.03. 28/ толилуулах гэж байна. "Дорнодын Цэнхэр Аялгуу" цомогтоо хөгжмийн зохиолч маань алдарт Мэнэн, Тамсаг, Бадам-Ишийн тал, Буйр нуур, Халх гол, Нөмрөг гэх мэт үзэсгэлэн төгөлдөр нутаг, алдарт хуурч Г.Жамъянгийн төрсөн газар, "Хэрлэн барс", хөгжмийн зохиолч Г.Бирваагийн дайны бүрээ үлээж байсан түүхт газруудаар явж байхдаа туурвисан уран бүтээлүүд нь орсон байна. Харин "Оюу эрдэнийн говь" цомгийн тухай дурьдвал,энэхүү чуулбар нь Их өглөө, Хулангийн тоос, Зэрэглээ, Угалз, Сэтгэлийн гүнээс, Ханбогдын эгшиглэн, Эрин цаг хэмээх долоон ангиас бүрдэнэ. Чихнээ яруу эгшиглэх энэхүү чуулбарыг сонсоход үзэсгэлэн төгөлдөр, тэнүүн говиор аялахын сацуу тэнд өрнөж буй эрин зууны бүтээн байгуулалтын анир чимээг мэдрэх буй заа.
Эх сурвалж:www.zms.mn