ШҮҮМЖ

Урлаг судлаач, профессор  Дэмчигдоржийн Мягмарсүрэн

Ертөнцийн  аугаа их ариун нандин хайр сэтгэлийн билигдэл У.Шекспирийн Ромео, Жульетта хоёр яг 420 дахь жилдээ   гурав дахь удаагаа  монголын үзэгчидтэй  учран золголоо. Тэднийг харах гэж хос хосоороо, анги бүлгээрээ, хамт олноороо  УЭДТ+ын зүг зорих залуусын хөл тасрахгүй  байна. Төрийн шагналт Н.Наранбаатарын найруулсан “Ромео, Жульетта хоёр” өвөрмөц өнгө аяс, зоримог эрэл хайгуулаараа үзэгчдийн сонирхлыг татахын зэрэгцээ, бас зарим нэгний эргэлзэл, гайхшрал, магадгүй дургүйцэл төрүүлэхүйц дуулиан тарьсан  бүтээл болжээ. Аливаа шинэлэг бүтээл бүрийн зовлон жаргал ийм л тавилантай байдаг. XX зуунд урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн  тавьсан “Ромео, Жульетта хоёр” үнэхээр тухайн цаг үедээ тэднийг байлдан  дагуулж, сэтгэлд нь мөнхөрч чадсан гайхалтай уран бүтээл болсныг үзэгчид мартаагүй байгаа. Гэхдээ  хоёр өөр эриний, хоёр өөр цаг үед мэндэлсэн найруулагчид өөр өөрийнхөө үзэл санааны ертөнцийн өнцгөөс харж Шекспирын алдарт энэ бүтээлийг Монголын театрын тайзнаа сэргээн тавьсныг харгалзан үзүүштэй. Н.Наранбаатар найруулагч 1970-аад онд постмодернизмын үед мэндэлсэн монголын театрын харьцангүй залуу үеийн томоохон төлөөлөгч.

Европт 1960 аад оноос гараагаа эхэлсэн Постмодернизм,1970 онд эрч хүчээ авч,эдүгээ XXI зуунд дэлхийн утга зохиол, урлагийн бүх  хүрээг хамрах болжээ. ПОСТМОДЕРНИЗМ  нь шууд утгаараа бол Модернизмын дараахь үе гэсэн үг бөгөөд өнөөгийн  гоо зүй, соёл, урлагийн голлох шинэ өвөрмөц  урсгал юм. ХХ зууны эхээр  үүссэн импрессионизм, экспрессионизм, сюрреализм,  кубизм авангардаас авахуулаад модернизмын бусад бүхий л урсгалуудыг үгүйсгэж, улстөржихээс /depoliticization/ татгалзаж, ямар нэгэн “изм”-гүйгээр уран бүтээл туурвих онолоо тунхаглаж постмодернизм  анх гарч  ирсэн. Гэвч сүүлийн үед урьдах модернизмын урсгалуудыг эрх тэгш бүтээлчээр ашиглах хандлага давамгайлах болсон. Ялангуяа дүрслэх урлаг, утга зохиолд постмодернизм  эрч хүчээ аван өргөн дэлгэрч байгаа билээ. Үйл явдлын логик дэс дараалал, байгууламжаас татгалзах /deconstruction/зохиолчийн байр суурь, үүргийг үгүйсгэх /Death of author/, гагцхүү амьдралын санамсаргүй тохиолдол, текст /тext/-эх бичвэр, хүүрнэл тэмдэглэл, эрэгцүүлэл  бодол, ишлэл /Quotation/ үгээс л санаа авч зохиомжлох эвлүүлж, байрлуулах /installation/ аргаар  бүтээл туурвих хачирхалтай онолоо постмодернизм  тунхагласан.    Харин театрын урлагийн хувьд  постмодернизмыг өөрийн өвөрмөц онцлогт нийцүүлж, постмодерны өнгө аяс, хэлбэр талаас нь бүтээлчээр ашиглаж  байна. Зохиолчийг үгүйсгэсэн постмодерн утга зохиолын хандлага нь театрын  найруулагч, жүжигчдийн эрх мэдэлд бүрэн шилжих жишээтэй. Энэ нь зохиолчийн санааг нь тэд өөрсдийн үзэл бодлоор өөрчилж чөлөөтэй сэтгэнэ гэсэн үг. Өнгөрөгч онд суут их зохиолч У.Шекспир өөрөө ажиллаж явсан, 500 гаруй жилийн баялаг түүхтэй английн дэлхийд алдартай “Глобус” театрынхан манай Монголд айлчлан ирж “Гамлет” жүжгээ сонирхуулсан билээ. Тэгэхэд У.Шекспирийн “Гамлет”-ын  үндсэн санааг үлдээсэн атлаа үйл явдлын эмх цэгц, дэс дарааллын ерөнхий шугамыг олон талаар өөрчилж, зохиомжийг эвдэж эдүгээчилсэн нь содон байлаа. Үйл явдал нь өрнөх бус харин Гамлетэд тохиолдсон хэрэг явдлыг шүүн хэлцэх  дугуй ширээний ярилцлага аястай хэлбэрээр жүжгийн санааг шийдсэн нь постмодерн хандлага юм.Постмодернизмын онолч Жак Деррида анх “deconstruction” гэсэн нэр томъёг хэрэглэж  аливаа үйл явдлын зохион байгууламжийг бүрэн үгүйсгэж, “Үгийн утга санаа”-нд  онцгой ач холбогдлыг хандуулсан юм.Тайзнаа хааны сүрлэг сайхан орд харш байсангүй. Жирийн өрөөнд  жүжигчдийн яриа, хөөрөлдөөнөөнөөр “Глобус” театрынхны “Гамлет” жүжгийн үйл явц өрнөдөг. Францын  онолч Ги Дебор “жүжгийн үйл явдал гол биш ээ, үг яриа, хэлэлцүүлэг, маргаан нь чухал” хэмээн постмодерн жүжгийн нэгэн онцлогийг тэмдэглэсэн нь бий.Энд сонгодог жүжгийн нөгөө алтан дүрэм алга.Ер нь  хэвшмэл сэтгэлгээг постмодернизм  үндсээр нь өөрчлөх боллоо.Тайзны засал улам л хөнгөн хялбар, авсаархан болж, гол акцент жүжигчдийн уран чадварт тусах болжээ. Зохиолын нэр, санаа, үзэгдлийг сольж өөрчлөх нь ердийн хэрэг  мэт. У.Шекспирийн “Ромео, Жульетта хоёр”-ыг Литвийн театрын найруулагч Эмунтис Някрошюс “Верон хотод тохиолдсон  Хайр ба Үхэл” хэмээн нэрийдэж, Москвагийн найруулагч Марк Розовский “Хүүе, Жульетта ээ!” гэх зэргээр санаанд оромгүй өөрчилж тайзнаа тавьсан байх юм. К.Станиславскийн нэрэмжит Москвагийн театр ч “Ромео, Жульетта хоёр”-ын Монтекки, Капулетт нарын гэр бүлийнхний зөрчлийг орчин цагийн мафиозо бүлэглэл хоорондын тэмцлээр эдүгээчилж харуулжээ. Польшийн театрт Ромео амиа хорлохдоо өөрийгөө дүүжлэн хороож буй орчин цагийн жийнсин өмдтэй залуугаар харуулсан байдаг. Ер нь Постмодернизм өнөөгийн ертөнцийг тайван бус, ирээдүйгүй  хэмээн үздэг. Байгаль сүйдэж, дайн самуун, зөрчил тэмцэлдээн тасрахгүй байгаа нь ертөнц эмх цэгцээ алдаж, ”Chaos” буюу эх захаа алдсан замбраагүйдэлд орчихсон гэж постмодернистууд тайлбарладаг. Ялангуяа, мэдээлэл, технологийн эрчимтэй хөгжил хүнийг техникийн боол болгож, аж үйлдвэржсэн өнөө  үед нийтээрээ эд зүйлсийг хэт шүтэх болсон нь хүний мөс чанрыг доройтуулж, ёс суртахууны үнэт зүйлсийг алга болгосон хэмээн тэд үздэг. Энэ нь явсаар эрх мэдэл, эд хөрөнгийн шунал, үл итгэлцэл, дайсагнацал, өс хонзогнолд хүргэж ертөнцийг  замбараагүйтүүлж  буйг онцлон тэмдэглэдэг. ”Ертөнц бол ердөө л Chaos-Хаос,эмх журамгүй орон зай” хэмээх үзэл постмодернизмын онолын үндэс юм. Иймээс ч постмодернизм аливаа уран бүтээлийн агуулга хэлбэр, бүтэц байгууламжийг үгүйсгэж, бие даасан уран бүтээлчийн чөлөөт сэтгэлгээг илүүтэй эрхэмлэдэг.

XXI  зуунд Монголын үзэгчдэд Н.Наранбаатарын  толилуулсан “Ромео, Жульетта хоёр” жүжгээс яах аргагүй постмодернизмын  үнэр ханхалж  байна. Юуны өмнө, эх зохиолын бүтэц зохиомжийг чөлөөтэй эвдэн 23 үзэгдлийг хураангуйлж, 15  болгон засаж  янзалжээ. Ингэхдээ найруулагчийн  үзэл баримтлалаар /director’s conception/ өнөө цаг үе,нийгмийн тулгамдсан асуудалтай нийцүүлж өөрчилсөн шинэ санаа, үг хэллэг элбэг байна. Ялангуяа жүжгийн оршил /prologue/ хэсгийн агуулгыг үндсээр нь өөрчилжээ. Тухайлахад, У.Шекспирийн эх зохиолын оршилд Монтекки, Капулетти хоёр  гэр бүлийнхний хоорондын сөргөлдөөн нь эцсийн эцэст, идэр насандаа ариухан хайр сэтгэлээр учирсан залуусын амиа хөнөөх аймшигтай хэрэг явдлын шалтгаан болсныг тодорхой дурдаад, тайзнаа  өрнөх үйл явдлыг үргэлжлүүлэн үзэхийг үзэгчдэд хандаж өгүүлсэн байдаг. Нэг үгээр,үзэн ядаж өшрөн хорссон  хоёр дайсны өсөрхөлөөс болж үйлийн үртэй хоёр хүүхэд нь даанч өрөвдэлтэйгээр насан эцэслэсэн тухай буюу үйл явдлын үр дүнг эх зохиолын оршилд шууд заасан байдаг бол харин найруулагчийн шинэ хувилбараар үр дүн бус, хэзээ болтол үргэлжлэх, хэдүйд дуусах   нь үл мэдэгдэх үйл явцад үзэгчдийн анхаарлыг хандуулсан нь эх зохиолд огт дурдагдаагүй шинэ санааг оруулжээ.Тухайлбал,

Юунаас ч болж муудалцдагийг нь

Хэн ч эс мэднэ

Яагаад эвлэрч болдоггүйг нь

Бурхан ч үл мэднэ.

Тодорхой зүйл нэг л байна

Тооцоо бодох, өс санах нь

Уламжлал, заншил болтлоо

Удамшиж, өвлөгдөж иржээ...

хэмээсэн нь “Ромео, Жульетта хоёр” жүжгийн модернист агуулга  мэт. Хүмүүс хоорондын үл ойлголцол, өс хонзогнол бол мөнхийн үйл явц, улмаар, бүхнийг сүйрэлд хүргэх осолтой гэдгийг л найруулагч жүжгийнхээ  үндсэн асуудал  болгожээ. Өргөн утгаараа хүмүүний, ертөнцийг эвдрэл сүйрэл, эмх замбараагүйд хүргэж буй  эх сурвалжийн нэг бол үнэндээ хүмүүс хоорондын үл ойлголцол, өс хонзогнол яахын аргагүй мөн. Эгэл атлаа туйлын хорлонтой энэ муу сэтгэлээс  л  элдэв нүгэлт хэрэг  үүдэн  гардаг. Энэ санаа нь жүжгийн үйл явдлын турш нэвтрэн гарах гол шугам болжээ. Өс хонзогнол, үзэн ядалт, XXI зуунд ч удамшин өвлөгдөж  дэлхийг дайн дажин рүү түлхэж, хүмүүс бие биетэйгээ дайсагналцах  аюул бодиттой оршиж буй нь үнэн. Монголын одоогийн нийгэм маань ч үүнийг тойроогүйг  манай бохир улс төр бэлхнээ гэрчилнэ. Жүжгийн үйл явдлын нэвтрэн гарах үндсэн энэхүү санаатайгаа уялдуулж найруулагч  жүжгийн төгсгөлөө У.Шекспирийн эх зохиолоос тэс өөрөөр шийджээ. Сонгодог уламжлалаар бол Ромео, Жульеттагийн  хайр сэтгэл, эмгэнэлт хагацал нь Монтекки, Капулетта нарт гашуун сургамж болж олон жилийн турш дайсагналцсан хоёр удмынхныг эцсийн эцэст, учраа ололцон эвлэрүүлж буйгаар  уг жүжиг төгсөх учиртай. Гэтэл тэгсэнгүй. Өс санах, тооцоо бодох, атаа жөтөө, мөнгө хөрөнгөд шунах сэтгэл мөнхөд үргэлжлэх үйл явц гэдэг санаагаа найруулагч Н.Наранбаатар нээлттэй орхиж байна. Үүгээрээ тэрээр уг асуудлуудыг одоохондоо хүмүүн төрөлхтөн бүрэн төгс  шийдэж чадаагүйг   хэлэхийг зорьсон болов уу. Тэгээд ч Монтекки, Капулеттийн гэр бүлийнхэн  оршуулгын ёслолыг нэр төртэй   үйлдсэн ч эвлэрээгүй үлдэв. Харин Ромео, Жульетта хоёр хорвоогоос хальсан ч сүнс  нь сэрж, дахин өөр биеэр төрж буй сонирхолтой шийдлийг найруулагч олжээ. Тайзны гүнээс цацрах хөх гэрлийн өөд авснаасаа босоод Ромео, Жульетта хөтөлцөн явж буй хэсэг бий. Төрөл арилжих тухай Буддизмын номлолоос  санаа авсан найруулагчийн энэхүү уран сэтгэмж үнэхээр өвөрмөц сонин содон  байлаа. Ромео, Жульетта хоёр ертөнцийн мөнх бусыг үзсэн ч оюун санаа нь хойд төрөлдөө ахин амилж, түг түмэн үзэгчид, өнөөгийн хүмүүсийн зүрх сэтгэлд үүрд мөнхөд  орших үнэнч хайр сэтгэлийн билигдил болж байна уу гэлтэй. Үүгээрээ У.Шекспирийн эмэгнэлт төгсгөлийг гэгээлэг өнгө аястай болгожээ. Дотны хүний  хагацал  амьдралын нөхөж баршгүй хүнд гарз байдаг боловч Ромео, Жульетта хоёрын үхэл уй гашууг ийнхүү өөдрөг сайхнаар тайлж чадсан нь бас л найруулагчийн   бодсон шинэ уран санаа болой.

Н.Наранбаатар постмодернизмын үед мэндэлсэн уран бүтээлчийн хувьд нийгмийн задрал, ёс суртахууны доройтол,ялзралын эх  үндсийг эрж хайсан хандлага их байна. Энэ үүднээс У.Шекспирийн эх зохиолын санааг нилээд өөрчлөх оролдлого хийжээ. Тухайлахад  жүжгийн хоёрдугаар үзэгдлийн Капуллет, Парис хоёрын  яриаг анзаарахад  ажиглагдана. Энд Капулетт нь эдийн шуналдаа хөтлөгдөн өөрийнхөө ганц хайртай охиноороо  дэнчин тавьж  Паристай наймаалцаж байна.Тэрээр:

 Дүүгээс хүсэх зүйл байна

Миний хийх гэж байгаа ажлыг

Цэмбэний наймаачин Монтекки

Авлигадаж авах гэж байна гэсэн сураг сонслоо

Үүнийг болиул гэж аавыгаа чи ятгаач ... хэрвээ үүнийг бүтээж л чадах юм бол Капулетт   сүй тавих ёслол үйлдэх болно гэдгээ Парист битүүхэн ойлгуулдаг. Ийм яриа У.Шекспирийн  эх зохиолд огтхон байхгүй. Үе үеийн нийгмийн ёс суртахууныг мөхөөхөд хүргэж буй томоохон хүчин зүйлийн нэг “авилга” хэмээх орчин цагийн хамгийн тулгамдсан ноцтой асуудал энд бас дурдагдаж байна. Үүгээр эрин үеийн, ялангуяа Монголын өнөөгийн амьдралд  жүжгийн агуулга санааг эдүгээчлэн ойртуулжээ. Постмодернизмын нэгэн онцлог бол  дүрийн  хэв шинжийг эвдэх, ер бусын хачирхалтай төрхөөр харуулахыг эрмэлздэг. Үүнтэй холбогдуулж тэд “Симулякр” хэмээх ч онолыг бий болгожээ. ”Симулякр” гэдэг нь  латин гаралтай “simulo” хэмээх үг бөгөөд францаар “хоосон хэлбэр”,  ”хуурамч юмс” гэсэн утгатай аж. Францын постмодернист Жан Бодрийяр  хүмүүний бодит төрх далд байдаг, тэдгээрийн мөн чанарыг элдэв  өөр зүйлээр дамжуулан илэрхийлж болох тухай санааг “Симулякр” онолдоо тусгасан байдаг. Н.Наранбаатарын  уг жүжигт Ромео, Жульетта хоёроос бусад нь хувцаслалт, өнгө зүсээрээ ялгардаг. Ялангуяа, Капулетт, Монтеккийнхан гадна талаасаа амьтанлаг, араатанлаг төрхтэй харагддаг. Хөрөнгө, мөнгө, эрх мэдэл, эдийн шуналаас болж хүн чанараа гээсэн хүмүүс араатан амьтнаас өөрцгүй гэсэн уран санааг найруулагч,зураачид  бодож олсон бололтой. Эдний дунд хүний мөс, ариун нандин сэтэлээрээ үлдсэн нь гагцхүү Ромео,Жульетта хоёр тул тэд  дүр төрхөөрөө хэний ч нүднээ дулаахан, ойр дотно танил  санагдахуйц байхаар  бусдаас онцолжээ. Иймээс ч Ромео, Жульетта  нарын цайлган сайхан сэтгэлийг билигдэж цагаан өнгийн хувцасыг тэдэнд  сонгосон  нь учиртай. Хүмүүний сэтгэлийн мөн чанарыг өнгөөр илэрхийлэх гэсэн уран санаа хувцасны эскиз дээр ихэд ажиглагдаж байлаа.Тухайлахад Ромео,Тибальт нарын анд нөхдийн сайн муугийн талцал, сөргөлдөөнийг улаан,хар өнгийн хувцсаар нь ялгахад төвөггүй  байлаа. Жигүүртэн амьтан ч юм шиг, хүн ч юм шиг хачирхалтай хувцас  төрхийг  эмийн санчаас харж болохоор. Гавъяат жүжигчин Б.Жаргалсайханы эмийн санч цочирдмоор хачирхалтай дүр. Мөнгө ашиг л олж байвал хүний амь түүний хувьд огтхон ч падлийгүй эрээ цээрээ алдсан нэгэн болохыг сонирхолтой харуулав. Ийм  этгээд хаана ч тохиолдох тул  хаа сайгүй нисч явах жигүүртэн амьтанг санагдуулахуйц дүр  болжээ.

Авъяастай жүжигчинд жижиг дүр гэж байдаггүй аж. Аливаа дүрийг  жүжгийн гол баатрын дайтай бүтээхийн жишээг Сугарын  Болд-Эрдэнэ, гавъяат жүжигчин Ж.Оюундарь, ардын жүжигчин П.Цэрэндагва, залуу жүжигчин Э.Тодгэрэл гээд уран бүтээлчид харуулсныг энэ дашрамд тэмдэглүүштэй. Постмодернизмын бас нэг нь онцлог гэвэл дүрийг  гаж, этгээд аргаар бүтээхийг эрхэмлэдэг. Ингэхдээ егөөдөл/irony/, ёжлол/vitriol/, хачирхал/paradox/ зэрэг уран хэрэглүүрийг   чухалчилдаг. Манай жүжигчид егөөдлийн олон янзын өнгө аясаар үзэгч олноо гайхшруулж баясгасан тоглолтыг  үзүүлсэн.

Ялангуяа С.Болд-Эрдэнийн  Лоренцо лам байна. Харахад сэгсийсэн үстэй, үг яриа нь эмх цэгцгүй, дуу хоолой нь чихарч сөөнгөтөж, хачирхалтай сонин зүйл ярьсан, уймраа будлиу юм шиг атлаа, үнэн хэрэгтээ, байгалийн юмс үзэгдлийн учрыг эрж хайсан, сорьж туршсан эрдэмтэн хүн байлаа. У.Шекспирийн эх зохиолд бол Лоренцо нь сүмийн  буян үйлдэгч, сургаал ном айлдсан  жирийн нэг ламтан хүн. Гэтэл энд нас намба тогтсон баймаар атлаа залуу хүний хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, хийж бүтээх ирмүүн хүсэл мөрөөслөөр жигүүрлэсэн шинжлэх ухаанч сэтгэлгээтэй өвөрмөц бие хүн. Өөрийнх нь санасан зүйл бүтэхэд хүүхэд шиг баярлаж хөөрөх нь үзэгчдийг баясгана. Залуу хосын хайр сэтгэлийг эрхэмлэн хүндэтгэж тэдэнд чин зүрхнээсээ тус хүргэхийг хичээсэн авч тэрээр алдаж оносон. Гэлээ ч сэргэн мандалтын энэрэхүй үзэл, хүмүүний бүтээлч оргилуун тэмүүллийг тээж, шударга үнэний талд баттай зогссон хүний  дүрийг Сугарын Болд-Эрдэнэ урлажээ.

Хачирхалтай зан төрхтэй дүрийн нэг бол ардын жүжигчин П.Цэрэндавгын хотын захирагч байлаа. У.Шекспирийн эх зохиолоор бол Хунтайж  бөгөөд туйлын шударга хүн. Гэтэл хотод бурууг шүүж, үнэнийг тогтоогч хүчирхэг энэ хүн маань хоёр нүүртэн болж таарч байна. Олны нүдэнд дээр шударга дүр эсгэвч, мөнгөний гараас мултарч чадахгүй, шийдвэрээ өөрчлөхөд хүрч буйг П.Цэрэндагва тун чадварлаг харуулав.

 Гаднаасаа  ааш аяг нь хөнгөндүү  гэмээр  ч юм шиг атлаа сэргэлэн цовоолог зан, хүн чанар,  цайлган, нээлттэй сэтгэлээрээ  Ж.Оюундарийн Өрлөг эх  бусдаас ялгарч байв. Түүний элдэв баашлал, тунирхлын цаана наргианч, бас шогч  зан төрх нь бүгдийг хөгжөөж, Жульетта, Ромео хоёрыг хайрлах, өрөвдөх хамгаалах нинжин сэтгэлийн олон өнгө аясыг тэрээр чадварлаг гаргав. Ж.Оюундарийн Өрлөг эх бас эрхэмсэг агаад биеэ туйлын цэвэр цэмцгэр, дэгжин авч явдаг нь түүний өөдрөг, оргилуун сэтгэлийнх нь нэг илрэл... У.Шекспирийн эх зохиолоор бол Өрлөг эх туйлын даруухан, хүнлэг, ухаалаг  бүсгүй.

Найруулагч Н.Наранбаатар У.Шекспирийн эх зохиолын агуулга санаа, баатруудын дүр төрхийг постмодерн маягаар  өөрчилсөн ч гэлээ Сэргэн мандалтын үзэл санааг ерөнхийд нь хадгалсан нь сайшаалтай. Ж.Оюундарийн Өрлөг эх, Ж.Болд-Эрийн Лоренцо Сэргэн мандалтын үеийн баатрууд. Сэргэн мандалт гэдэг үнэндээ хүмүүн төрөлхтний түүхэнд үүлний завсар түрхэн зуур мандсан наран лугаа адил...Далдын ид шид, Бурхныг бус хүмүүний хүч чадал, оюун ухааныг дээдлэн, хүмүүст өөртөө итгэх итгэл хайрлаж, хүн ч чанарыг өргөмжилсөн энэ үеийг сэргэн мандалт гэдэг. Сэргэн мандалтын үед л хүн өөрийгөө мэдэрч, өөрийнхөөр амьдрахыг эрмэлзсэн үе. Тэдний  нэг бол  залуу жүжигчин Э.Тодгэрлийн бүтээсэн Меркуцио байлаа. Түүний Меркуцио үзэл бодолдоо тууштай, найз нөхөрлөлдөө үнэнч, дайчин цогтой төрх, эрч хүчээрээ бусдаас онцгойрч, үзэгчдийн ч сэтгэлийг эзэмдэх  шиг болсон.

Хүн өөрийнхөө хүч чадлыг ухаарч, амьдралын сайн сайханд итгэх болсон түүний өөдрөг  үзэл, хүсэл тэмүүлэл, нандин бүхнийг  нь сэргэн мандалтын хэвлийд үүсч өндийсөн нийгмийн шинэ давхарга хөрөнгөтнүүд булшилсан гэдэг. Тэдний төлөөлөл Капулетт, Монтекки нар юм. Г.Эрдэнэбилгийн Капулетти цайчихсан ичгүүргүй луйварчин, Төрсөн ганц охиноо ч наймаа арилжааны золиос болгоход сийхгүй  байна. Өрсөлдөгчөө ямар ч хамаагүй аргаар  унагаахаас буцахгүй хүн. Бүхнийг гагцхүү мөнгөөр хахуульдаж  авахдаа гаршсан аж. Үүнийгээ  юунаас ч санаа зовохгүйгээр ил тод хэлж байна. Түүнд хүн ч чанарын үнэр ч алга. Өөрийнх нь хөлжих гэсэн хувийн эрх ашигт саад болсон Жульеттад гар хүрч байгааг бодоход  охиноос нь илүү эрхэм зүйл нь гагцхүү  эд хөрөнгө гэдгийг Г.Эрдэнэбилиг чадварлаг харуулав.

Монтеккийн хувьд Г.Амгаланбаатар түүний дотуур тамир, муу санааг нь илүүтэй гаргав. Г.Амгаланбаатарын Монтекки хумсаа нуусан муур адил. Чив чимээгүй гарч ирнэ. Дуугарах дуу нь ч гэсэн намуухан. Гаднаасаа соёлтой хүн шиг атлаа асуудал тулгараад ирэхэд эвтэйхэн ч шиг мөнгөө хүний хармаанд шургуулчихна. Ингээд амыг нь үдэж, асуудлаа шийдчихэж байна. Чухамдаа, Капулетт, Монтекки хоёулаа хахуульчин, эд хөрөнгөөрөө өрсөлдсөн нэг тэрэгний хоёр  дугуй. Г.Амгаланбаатар жүжигчний хувьд их өвөрмөц. Тэрээр дүр бүртээ өөрийгөө эвдэж, танигдахын аргагүй хувилах чадвараараа тун авъяастай, ховорхон уран бүтээлчийн нэг гэдгээ Монтеккийн дүрээр нотлов.

Сэргэн Мандалтын хүмүүнлэг үзэл санааны дээд  идеал, сэтгэл тэмүүллээрээ хамгийн ариухан нь Ромео,Жульетта хоёр билээ. Иймдээ ч орчлон хорвоо дээр олон тохиохгүй тэдний нандин хайр сэтгэлийн эмгэнэлт түүх  зуу зуун жил өнгөрсөн ч  үе  үеийн хүмүүсийн зүрх сэтгэлийг  шимшрүүлж, догдлуулсаар өдийг хүрлээ. Энэ утгаараа Ромео, Жульетттийн дүрийг бүтээнэ гэдэг жүжигчдийн хувьд  туйлын аз завшаантай, бас нэр төрийн хэрэг бөгөөд өндөр хариуцлага шаардсан бэрх даваа юм. Ямартай ч гэсэн Б.Шинэбаярын Ромео, О.Дөлгөөний  Жульетта  нүдэнд  дулаахан, дотно танил төрхөөрөө Улаанбаатарын хаа ч дайралдах өнөөгийн залуусаас өөрцгүй  харагдах нь үзэгчдийн сэтгэлийн үүдийг нээж буй хэрэг...Найруулагч ч энэ талаас бодож тэртээх 500 жилийн өмнөх бус XXI эриний залуусын сэтгэлд ойр Ромео, Жульеттаг  сонгосон  нь талаар өнгөрсөнгүй. О.Дөлгөөн Жульеттийн  хүүхэд насны гэнэн томоогүй, эрхлэнгүй зан төрхийг эвлэгхэн урлаж бүтээв. Өөрт тохиолдсон хайрын шаналал, эцэг эхийн зүгээс ирэх дарамт шахалт дунд охин наснааас аажимдаа  ухаажин төлөвшиж буй бүсгүйн  оюун сэтгэлийн өөрчлөлтийг бодитой нээсэн нь залуу жүжигчний хувьд  чамлалтгүй амжилт. Жаргалд умбаж, зовлон огт үзээгүй өссөн танхил жаал охин анх удаа амьдралын сорилттой тулгарахдаа түүний турьхан биенээс гарамгүй тэсвэр тэвчээр зааж байна. Мах цусны тасархай, төрсөн ах Тибальт нь өөрийнх нь хайрт залуугийн гарт амь үрэгдэхэд О.Дөлгөөний Жульетта Ромеог аман дээрээ алуурчин хэмээн хараавч, дотроо ханиа хайрлахдаа ”Яагаад би эр нөхрөө үзэн ядах гэж”...хэмээх нь түүний хэрсүү ухааныг илтгэнэ. Ялангуяа амиа егүүтгэх гэж байгаа хэсэгт О.Дөлгөөний Жульетта оюун сэтгэлийн хувьд асар их өөрчлөгдсөн нь түүний эрс шийдэмгий төрхөөс илт.

Б.Шинэбаярын  Ромео  хайрын эрэлдээ алдаж онож яваа хүү...Розалина гээд л  шаналаад явсан,түүний сэтгэл ганц үдшийн дотор хувирсан. Найз Меркуциогоо өмөөрч хайртай бүсгүйнхээ төрсөн ахын алтан аминд хүрснээр амьдралдаа бас алдсан.Дараалсан олон зөрчил дунд бухимдан яваа Ромео болж таарлаа. Бухимдал яахав аа....Хамгийн гол нь үзэгчдийг  догдлуулах Ромеогийн гайхалтай сайхан хайрын амт  хүч л  үгүйлэгдээд байна уу даа....тайзнаа  үсэрч харайж, ийш тийшээ амьсгаадаж гүйсэн, уймраа хархүү л харагдчих гээд л байгаа...Энэ нь магадгүй найруулагчийн зүгээс тогтоосон үйлдэлд өөрийгөө хүлчихээд байж мэдэх. Уг нь хайрын  сэтгэл олон янзын ньюанс өнгөтэйсэн. Гаднаа сайхан харагдавч дотроосоо сайн асч өгмөөр л санагдсан....гэхдээ заримдаа сэтгэлийн гал дөл нь  үе үе  гарч байгаа хэсэг бий. Нэг талаас Тибальд тулаанд дуудаад, нөгөө талаас Жульетта түүнийг хүлээгээд  ийм хоёрдмол нөхцөл дунд  байгаа Ромеогийн сэтгэхүйн зөрчлийг тун эвлэгхэн гаргасан. Өөрөөр хэлбэл, нэг нь гэмт хэрэгт, нөгөө нь хайрын болзоонд дуудаад түүний  өмнө яггүй сорилт тулгардаг. Ийм төвөгтэй бэрхшээлийн дундуур Ромеог  оруулсан нь бас найруулагчийн сонин содон шийдэл  юм. У.Шекспирийн  эх зохиолын агуулга санааг гүнгийрүүлж баяжуулсан иймэрхүү уран сэтгэмж элбэг бий. Ромеогийн зүүд жүжгийн хамгийн романтик  хэсэг  юм. Ер нь театрт постмодерн утга зохиол,дүрслэх урлагаас өөр  замаар дэлгэрч байна. Илүү чөлөөтэй, нэг үгээр явцуу хэлбэрээр биш, урьдах “изм”үүд, тухайлахад реализм, авангард, урлагийн бүхий л урсгалуудыг  хослуулан бүтээлчээр хэрэглэж буйгаараа онцлог юм. Үүнийг постмодернистууд “Олон арга маяг” буюу “style pluralism” хэмээн  нэрлэх аж.Н.Наранбаатар  уг жүжигтээ Ромео, Жульетта хоёрын дүрийг эх зохиолын дагуу  реалист хэлбэрээр нь огт хөндөлгүйгээр үлдээжээ. Харин бусад дүрийг постмодерн өнгө аясаар  нэлээд өөрчилсөн байна. Ерөнхийдөө жүжиглэлд хачирхал, егөөдөл, ёжлол давамгайлжээ.

Францын онолч Кристофер Бидан постмодерн жүжигт  рок дуу, хөгжим бүжиг, орчин үеийн техник, технологийн бүхий л дэвшлийг ашиглаж болох тухай дурдсан байдаг. Н.Наранбаатрын энэ жүжиг ч үүнийг тойрсонгүй. Хөгжмийн зохиолч Б.Чинбатын  ер бусын аялгуу жүжгийн постмодерн өнгө аясыг чимж, агуулга санаатай нь тун донжтой нийцснийг  дурдууштай.Н.Наранбаатарын “Ромео,Жульетта” бидний хэвшмэл сэтгэлгээг ямартай ч гэсэн эвдлээ. Үзэгчид үүнийг олон янзаар л хүлээн авах байх....Шинэ эрэл хайгуул бүхэн маргаан шүүмжлэл дагуулах нь зүйн хэрэг. Алдаа оноогоо дэнсэлж үзэх хэрэгтэй биз. В.Мейерхольдын биомеханик хөдөлгөөнийг бүтээлчээр хэрэглэх оролдлого хийсэн нь сайн л хэрэг. Гэхдээ дэндүү хэлбэр хөөгөөд дүрийн амьдлаг шинж алдагдах вий. Бас “Гамлет” жүжгийн найр цэнгээний хэсэг, зарим үйлдэл, ёсолгоо, поз хөдөлгөөнүүд  давтагдаж  шаблон маягтай болчих гээд буйг анхаарна биз ээ. П.Цэрэндавгын маань хотын захирагчийн дүрийн ерөнхий төрх нь бас л “Гамлет”-ын Клавдияг санагдуулаад л байна билээ.

Ерөнхий зураач Д.Ариундэлгэрийн бүтээл өвөрмөц сонин шийдлээрээ нүднээ тусч байлаа. Тайзны засал хөнгөн авсаархан ялангуяа Ромео, Жульетта хоёрын учирдаг тагт, Сүмийн  доторхи, байдал гээд сценографын олзуурхууштай шийдлүүд жүжгийн агуулгыг тодосгох чухал хүчин зүйл болжээ. Харин хувцасны эскиз зарим талаараа жүжигчдийн төрх манерт зохицоогүй юм уу даа гэмээр. Цаашид постмодерн жүжиг театрт байнга байх уу,үгүй юу гэдэг бас асуудал юм. Энэ бол театрын уран бүтээлийн бодлогоос л хамаарах зүйл. Гэхдээ Монголдоо ганц мэргэжлийн ууган театрын хувьд ямагт цаг үетэйгээ хөл нийлүүлэн явахад буруу  нь юу байхав. ”Ромео, Жульетта хоёр” жүжгээрээ Монголын театр  шинэ авъяаслаг үенийхнээ түрэн гаргаж ирэнгээ, 85  дахь жилийнхээ  босгон дээр улам ч залуужиж, эрч хүчтэй яваагаа харууллаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин