Д.ЦЭРЭННАДМИД
Ердөө арваадхан жилийн өмнө чөлөөт бөхийн цагаан толгой үзэж эхэлсэн Очирбатын Насанбурмааг өдийд дэлхийн энтэй тамирчин болсныг эхлэхэд бахархал төрнөө. Тэр одоо улсын шигшээ багийн шилдгийн нэг нь. Он дараалсан амжилтынхаа үрээр олон одон, медалийн эзэн болж чаджээ. Алтан гадас, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын гавьяат тамирчны сүлдэт тэмдэг олных нь дотроос тодхон харагдана. Амжилтаас нь дурьдвал өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, ДАШТ-ий удаад араагийн хүрэл медальт... гээд хөврүүлэх болно. Даруухан, энгүүнээрээ содон бүсгүй юм билээ. Харин дэвжээн дээр гарахаараа огт өөр, эмнэг хангал шиг догшруун хийгээд золбоолог нь бусдаасаа ялгардаг. Үндэсний бөхтэй жиших юм бол даян аварга А.Сүхбат шиг л гэмээр. Угсраа мэх хийнэ. Мэхэндээ арга ухаанаа бүрэн шингээсэн мэт даацтай. Тиймийн учир энэ оны эхэнд дэлхийн чансаагаараа (67 кг-д) нэгт бичигдсэн бий. Тухайн жиндээ ноймор нэг бөх бол О.Насанбурмаа гэсэн үг юм. Түүнтэй бэлтгэлээ хийж байх үеэр нь уулзаж ярилцлаа.
-Чөлөөт бөхийн тамирчин болох эхлэл чинь хэзээ, ямархан дүр зурагтай байсан бол...?
-Хүүхэд байхдаа л спортод зүрх сэтгэлээ өгч эхэлсэн хүн шүү дээ би. Анх хүндийн өргөлтийн секцэнд явж байлаа. Тэгээд тун удалгүй чөлөөт бөх рүү урвасан гэх үү дээ. Тэгээд “Замчин” нийгэмлэгт одоогийн багш Т.Сүхбаатар, спортын мастер Дамбарагчаа нарын удирдлага дор чөлөөтийн секцэнд орсон.
-Урвалт юунаас шалтгаалсан юм бэ?
-Хамгийн гол нь эгч О.Мягмарсүрэн маань улсын шигшээгийн тамирчин байлаа. ОУХМ хүн л дээ. Эгчийгээ тэмцээнд ороод медаль аваад ирэхэд баярлахын зэрэгцээ бөх болохсон гэх атаархал хавчуулсан өөдрөг сэтгэгдэл төрдөг байлаа. Бас Г.Пүрэвбаатар, Лхагвадорж гээд бөх ах нарын барилдааныг их үзнэ. За тэгээд манай гэр орныхон аав, ээж нар спортод их элэгтэй нь нөлөөлсөн дөө. Эхээс олуул гурван ах, гурван эгчтэй бага нь би.
-Бөх эгчийн сургаал, үлгэр дууриалаас их юм сурсан биз?
-Өө тэгэлгүй яахав. Бөх эгч бас бусад ах, эгч нар минь миний спортын замыг засч өгсөн. Бүх юмыг “А”-гаас нь заасан гэж болно. Эхлээд л хүнтэй яаж мэндлэхэв. Яаж харьцахав. Ахмад хүнийг хүндэтгэх аливаад тууштай ханддаг болохын учрыг надад ойлгуулдаг байлаа. Бөх болно гэдэг чинь хамгийн эхлээд хүнтэй мэндлэх, хүндлэх ёс юм шүү гэж эгч минь хэлдэгсэн. Тэр бүхнийг нь дагаж дуурайж явснаар би өдий зэрэгтэй тамирчин болоод байна. Спортын амтыг, сайн сайхныг нь мэдэрлээ. Бөхийн спорт гэдэг хүнийг олон талаар зөв хүмүүжил олгодог, төлөвшүүлдэг учир олон залуус спортод татагдаасай, хичээллээсэй гэж бодогддог доо.
-Тамирчин болсны анхны амжилтаа дурсаач?
-Дунд сургуулийн сурагч байхдаа улсын аварга шалгаруулах тэмцээнд орж хүрэл медаль зүүж бөөн баяр болж байлаа. Үүндээ урамшиж чөлөөт бөхийн тогоо руу эргэж буцалтгүй орж явчихсан. Тэгээд л дотоод гадаадын уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн. Тив, дэлхийн чанартай анхны тэмцээн бол Казахстаны Алма-Атад болсон Азийн цомын тэмцээн байлаа. Тэр тэмцээнээсээ хүрэл медальтай ирж байлаа. Түүний дараа жил нь Японд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож бас хүрэл медаль авчирсан. Энэ тэмцээнд Мягаа эгчтэйгээ цуг явж байсан. Түүнээс хойш оролцсоон тэмцээн бүрээсээ шахуу медаль авсан.
-Тийм байх шүү. Тив, дэлхийн медаль түүчихсэн тамирчны нэг нь чи болов уу?
-Өсвөрийн болон залуучуудын Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтай. Өсвөрийнхөөс бүр хошой алт авсан.
Цаашлаад залуучуудын дэлхийн аваргын мөнгө, хүрэлтэй. Насанд хүрэгчдийн Азийн аварга боллоо. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван удаа хүрэл медаль хүртсэн. Мөн нас насанд улсын аваргаар арав гаруй удаа шалгарсан даа. Энэ бүхэн би л сайн болоод хүрсэн амжилт биш. Миний аав, ээж, эгч болон багш дасгалжуулагчид, шигшээ багийн хамт олон, МЧБХ, “Хүч” спорт клубын хамт олон, ивээн тэтгэгч байгууллагынхны хамтын амжилт. Олон хүн сэтгэл, зүтгэлээ нэгэн зорилгод чиглүүлж чадсны үр дүн гэж боддог доо.
-Тамирчин хүний баярлах үе чухам хэдийд байдаг вэ?
-Дотоод, гадаад хаа ч бай түрүүлээд төрийн дууллаа эгшиглүүлж байх л сайхан. Жинхэнэ баярлах үе л тэр. Миний хувьд алив тэмцээнээс медаль авах бүртээ л баярладаг даа. Медалийн өнгө гол нь биш “би чадлаа” гэдэгтээ л баярладаг.
-Санаанаас чинь гардаггүй барилдаан гэж байна уу?
-2005 онд Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний тойрог бүрт огт торолгүй түрүүлсэн барилдаанууд содон. Би учраа бүхнээ түвэггүй ялсан юм. Ямар сайндаа Т.Сүхбаатар багш намайг магтахдаа:
-Насааг дэвжээнд түлхэж гаргаад өрсөлдөгчтэйгөө өрөхтэй зэрэг нь тонгойгоод камераа аваад харахад л ялчихаад буцаад ирж явах юм. Бичлэг хийлгэхгүйгээр хурдан барилдах юм гэж омогшингуй байж билээ. Нээрээ би тэр тэмцээнд тун гаргуун барилдсаан.
-Зарим тамирчин бэлтгэлийнхээ зэрэгцээ хувийн зохион байгуулалтдаа их анхаардаг. Наад зах нь унтах нойр, идэх хоол ундаа хүртэл зохицуулдаг гэдэг. Өөрөө тийм дэг журам барьдаг уу?
-Надад тийм нарийн баримталдаг зүйл байдаггүй ээ. Энгийн л амьдралаар амьдардаг даа. Зарим хүмүүс жаахан амжилт олсон нэр төртэй тамирчин хүнийг нэг л их тусгай мэт ойлгодог юм билээ. Харин жин хасах, нэмэх шаардлага гарвал өөр байх нь мэдээж.
-Спортын өөр төрлүүдийг хэр сонирхдог вэ?
-Ер нь сонирхоно шүү. Спорт тоглоомын хувьд тоглож үзээгүй нь ховор байх. Сагс, хөлбөмбөг, ширээний теннисийг сав л хийвэл тоглохыг хичээдэг. Гайгүй тоглочихноо. Бас усан бассейнд хааяа явдаг. Би чинь Биокомбинатад Туул голынхоо эрэгт тоглож өссөн болохоор усан спорт гоё санагддаг. Гэхдээ голын ус, усан бассейн хоёр их өөр юм билээ. Өсвөр үеийн тамирчин байхдаа хүндийн өргөлтөөр улсын аваргын тэмцээнээс мөнгөн медаль авч байсан удаатай шүү.
-Хүн бүхэн зорилготой байдаг даа. Өөрийн чинь цаашдын зорилго юу вэ?
-Спортын замналаа эргээд харахад оролцож чадаагүй, медаль зүүж үзээгүй тэмцээн бараг алга шиг санагдаж байна л даа. Олимпод зодоглохсон гэсэн ганцхан чин хүсэл бий. 2016 оны олимпийг л хүлээж байна. 2015 оноос эрхийн төлөө тэмцээнүүд эхэлнэ.
-Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн улсын шигшээ баг болон өөрийн чинь амжилтын нууц чухам юунд оршиж байна вэ?
-Энэ сайхан спортыг хөгжүүлж ирсэн үе үеийн дасгалжуулагч багш нар, тамирчдын хүч хөдөлмөрийн үр дүн. Энэ нууц юм биш. Одоо ч улсын шигшээ баг гэдэг халуун ам бүлийн гол цөм нь Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар нарын зүтгэлийн үр шим. Бид энэ жил түүхэн амжилт үзүүллээ. ДАШТ-д багаараа хоёрдугаар байрт орж долоон жингийн тавд нь медаль хүртсэн. Үүний дүнд манай баг дараагийн тэмцээнд зоноо ахалж оролцох эрхтэй болсон. Дэлхийд данстай гэж хэлдэг. Чухамхүү одоо манай чөлөөт бөхийн эмэгтэйчүүд жинхнээрээ дэлхийд данстай болсон шүү гэдгийг хэлье.
-Одоо та бүхнийг ямар тэмцээн хүлээж байгаа вэ?
-Энэ сарын 20-доор дэлхийн шилмэл 16 бөхийн Гран-при тэмцээн эхэлнэ. Азербайжаны нийслэл Баку хотноо болох юм. Урьд нь энэ тэмцээнээс би мөнгөн медаль хүртэж байсан удаатай.
-За тийм байж. Хүнд заавал нэг сонирхдог юм байдаг даа. Хообий ч гэж нэрлэдэг. Түүнийг чинь сонирхож байна л даа?
-Би ном л их уншдаг. Чөлөө заваараа хийдэг юм маань тэр. Сүүлийн үед улам их унших болсон. Номын амтанд ороод тэр биз. Мөн хөргөгчний наалт цуглуулдаг. Очсон улс орон бүхнээсээ эрж байгаад л олдог юм. Мөн тэмдэг, янз бүрийн сувинер нэлээд бий.
-Өөрөө бөхийн удамтай юу?
-Ээжийн талаас удамтай гэдэг юм. Сүүлийн үед сайн барилдаж байгаа нэг бөх бол улсын начин Чотонгийн Баянмөнх. Тэр ээжийн ойрын хамаатан юм билээ. Эгч О.Мягмарсүрэн ОУХМ цолтой сайн бөх. Гурван ах маань барилдах дуртай л хүмүүс дээ.
-Хол ойрын алив тэмцээнд очоод дэвжээнд гарахдаа юуг сүсэглэдэг вэ?
-Тийм их шүтлэгтэй хүн биш ээ би. Дэвжээнд гарахдаа аав, ээжээ, Сонгинохайрхан уулаа бодно. Сүэглэж байгаа нь л тэр дээ. Гадаадад дэвжээнд гарахдаа эх орноо л гэдэг. Би аав, ээж, ах, эгч нарынхаа үргэлжлэл юм шүү гэж бодож залбирдаг даа.