Х.ХАТАН

Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан энэ сарын 26, 27-нд УДБЭТ-ын тайзнаа “Conconanse Crossover” сонгодог тоглолт болох гэж байна. “Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцож олонд танигдсан тус театрын залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Консонанс” хамтлагийнхнаас тоглолтын талаар тодрууллаа.

-Сонгодог дуунуудыг поптой хослуулсан өвөрмөц тоглолт хийх гэж байна. Ямар онцлогтой болох бол?

-А.Наранбаатар: Манай хамтлаг анхны бие даасан тоглолтоо Дэлхийн театрын өдөрт зориулан хийх гэж байгаадаа баяртай байна. Манай театрт залуучууд их ирдэг, тэдний сонирхлыг татахуйц тоглолтууд хийж, сонгодог урлагийг сонирхолтойгоор хүргэхээр бид ажиллаж байна.

Тиймээс залуу үеийнхэнд чиглэсэн Crossover урсгалын дуунуудаас бүрдсэн энэ тоглолт нь сонгодог дуу, аялгууг олон нийтэд хүртээмжтэй, сонсголонтой байдлаар хүргэх юм. Нэг ёсондоо сонгодог дууны элементүүдийг поп дуунд, поп дууны элементүүдийг сонгодог дуунд оруулж өвөрмөцөөр хослуулснаараа онцлог болно.

-Бэлтгэл сургуулилт хангалттай юу. Италиас удирдаач уригдан ирсэн гэсэн үү?

-Г.Дашчанрав: Анхны тоглолт учраас догдолж сандарч, тэр хэрээрээ бэлтгэл сургуулилтаа сайн хийж байна. Тоглолтод Италиас уригдан ирсэн удирдаач Роберто Салвалаио оролцоно. Итали, Испани, Франц, Англи болон Монголын алдартай бүтээлүүдийг орчин үеийн хэмнэлд хүргэхээр бид хичээн бэлдсэн. Тиймээс манай хамтлагийн тоглолтод хайрын дуунууд дуулагдах учир залуусыг уйдаахгүй, нэгэн үдшийг сонгодог урлагийн ертөнцөөр аялуулах болно.

-Та гурваас гадна тоглолтын бүрэлдэхүүнд ямар хүмүүс байгаа вэ?

-Э.Отгонбат: “Consonance-Сrossover” тоглолтын ерөнхий продюсерээр УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Сарантуяа, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, удирдаачаар Италийн Роберто Салвалаио, бүжиг дэглээчээр Э.Эрдэнэжаргал, хөгжмийн найруулагчаар “Чингис хаан” хамтлагийн төгөлдөр хуурч Ц.Байдраг, гэрлийн найруулагчаар “D-Light” компанийн ерөнхий захирал П.Даваа нар ажиллаж байна. Манай тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжим, балетын жүжигчид, цэнгээнт бүжгийн “Moon dance” хамтлаг болон театрын бусад уран бүтээлч оролцоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин