Ч.ГАНТУЛГА
“Хөгжим хэмнэл” булангаараа Улсын филармонийн гоцлол дуучин, “Voice” хамтлагийн ахлагч, соёлын тэргүүний ажилтан С.Баттулгатай ярилцлаа. Тэрээр уран бүтээл, үзэл бодол, дотоод ертөнцийнхөө тухай ийнхүү ярьсан юм.
-Улсын филармони шинэ тоглолт тавина гэж сонссон. Та оролцож байгаа юу?
-Манай филармони ирэх сарын эхээр өвөл цагийн нээлтээ хийх гэж байна. Бүх уран бүтээлчид оролцсон том хэмжээний тоглолт болно. Миний хувьд гоцлол дуугаар болон хамтлагаараа оролцож, ая дуугаа өргөх төлөвлөгөөтэй байгаа.
-Намрыг уран бүтээлийн улирал гэдэг шүү дээ. Танай хамтлагийнхан шинэ уран бүтээл хийж байна уу?
-Шинэ уран бүтээлдээ орсон. Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын шүлэг, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын аялгуу “Мөнхийн гурван шүтээн” гэсэн эх орны сэдэвтэй дуундаа клип хийлээ. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сэлэнгэ аймагт зураг авалтаа дуусгасан. Удахгүй сонсогчдын хүртээл болно.
-Дууныхаа шүлгээс ганцхан бадгийг уншиж сонирхуулаач?
-“Мөлхөөд ч болов очмоор мөнхийн гурван шүтээн минь бий.
Гал, гэр, буурь минь гэсэн ганц алтан хоймор минь бий” гэсэн сайхан үгтэй. Эх орон, онгон тансаг байгалиа магтан дуулсан бүтээл.
-“Voice”-ийн дуунууд ихэнх нь эх орны сэдэвтэй байдаг. Учир нь юу вэ?
-Монгол хүн бүхэнд эх орноороо бахархах, омогших сэтгэл байдаг шүү дээ. Унасан газар, угаасан ус, энэ сайхан байгалиа хайрлаж, хүндэлж, дуулахгүй байхын аргагүй. Манай улс шиг түүхийн баялагтай, үзэсгэлэнт байгальтай улс хаана байна.
- Та нарт орон нутгаар явж тоглох бодол бий юу?
-Уран бүтээлчид маань орон нутагт тоглохоосоо өмнө гадаадад суугаа монголчууддаа ая дуугаа өргөхөөр явдаг тал бий. Манай хамтлагийнхан ч Европын орноор явж тоглосон. Харин орон нутгаар тоглож амжаагүй. Гэхдээ бидний төлөвлөгөөнд багтсан, ярилцаж байгаа. Тиймээс танай сониноор дамжуулаад орон нутгийн сонсогчидтойгоо удахгүй уран бүтээлээрээ уулзахаа хэлье.
-Залуу уран бүтээлчдийн тухай ямар бодолтой явдаг вэ. Ганц, хоёрхон дуутай болохоороо цомог гаргаж, тоглолт хийдэг бичигдээгүй хууль тогтчихсон юм биш үү?
-Хүмүүс залуу уран бүтээлчдэд шүүмжлэлтэй ханддаг. Харин миний хувьд зарим талаар нь хүндлэлтэй хандахыг хүсдэг. Учир нь цомог гаргаж, тоглолт хийнэ гэдэг уран бүтээлчээс асар ир хөдөлмөр шаарддаг. Харин цомогт орсон бүтээлүүд болон тайзан дээр дуулж буй дуунууд нь хэр хүнд хүртээлтэй, хэрэгтэй байх вэ гэдэг өөр. Хүссэн хүсээгүй чанартай бүтээлүүд нь шигшигдээд үлддэг. Урлаг хатуу шүү дээ.
-Та чанар гэдгийг юу гэж ойлгодог вэ?
-Сэтгэл зүрхнээсээ хүч хөдөлмөрөө шингээн бүтээсэн бүтээл бүхэн чанартай. Уран бүтээлийг шүүх шүүгчид нь сонсогчид байдаг. Үргэлж хүний чихэнд биш зүрхэнд эгшиглэж, уярал ухаарлыг өгдөг бүтээл мөнх насалдаг байх.
-Та аль нутгийн хүн бэ. Удамд тань урлагийн хүн бий юу?
-Би хотод төрсөн. Гэхдээ бага нас минь Архангай аймгийн Их тамир суманд өнгөрсөн. “Тайхар чулууны хэлтэрхий Тамирын голын тасархай” гэж манай нутгийнхан ярьдаг. Би өөрийгөө арын сайхан хангайн нэг эд эс гэж боддог юм. Аав минь насаараа найруулагч хийсэн урлагийн хүн байлаа. Ээж минь ч ялгаагүй бүжигчин, жүжигчин. Одоо ч уран бүтээлээ хийж байгаа.
-Аав, ээжтэйгээ өнгөрүүлсэн нандин дурсамж олон биз?
-Урлагийн ажил хүнд хөдөлмөр. Аав, ээж хоёр гэрийн бараа хардаггүй, үргэлж бэлтгэл, сургуулилттай байдаг байсан. Бид эхээс долуулаа. Хааяа даарч, өлсдөг байсан үе бий. Гэхдээ тарчиг, ядуу амьдралыг туулаагүй. Аав ээж хоёр тоглолтоор явахаар эгч нар маань биднийг хариуцаад үлддэг байлаа. Энэ хугацаанд олон зүйл болно. Гэрийнхээ ажлыг хувааж хийнэ, усаа авч, мод хагална гээд монгол хүүхдүүдийн адилаар л өссөн. Тэр бүхэн одоо амьдралын минь нандин дурсамж болон үлджээ.
-Багаасаа урлагаар хүмүүжсэн учраас их уяхан байх даа?
-Урлаг хүний сэтгэлийг ариусгаж, гэгээрүүлдэг увдистай. Уран бүтээлчийг уяхан, зөөлөн болгодог юм шиг. Би хэдхэн хоногийн өмнө алдарт балетчин Ю.Оюун гуайн тухай хөрөг нэвтрүүлгийг үзсэн. Хань нь түүний тухай “Бид хоёр охинтой болохыг мөрөөддөг байсан. Гурван охин заяасан боловч төрүүлж чадаагүй” гэж ярьсан. Энэ үгийг сонсоод өөрийн эрхгүй нулимс урссан. “Урлаг ямар хатуу юм бэ” гэсэн бодол төрсөн. Тэгэхээр урлагийнхныг зүгээр л гар хөлөө хөдөлгөдөг хүмүүс гэж битгий ойлгоосой. Олон зүйлээ золиослон байж амжилтад хүрдэг юм шүү.
-Танай хүүхдүүд аавынхаа авъяасыг өвлөсөн үү?
-Манай бага охин энэ жил Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид орсон. Хөгжмийн мэдрэмжтэй, өөрөө хөгжимд хайртай. Охиныгоо сайн уран бүтээлч болно гэж итгэж байгаа.
-Урлагийнхан хүүхдүүдээ аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөнө гэхэд дургүй байдаг. Харин таны хувьд эсрэгээрээ юм шиг байна?
-Манайх гурван хүүхэдтэй. Хоёр том маань урлагийн хүн болох сонирхолтой байсан. Гэвч би урлагийн хүний жаргал зовлонг мэддэг учраас зөвшөөрөөгүй. Эргээд бодоход буруу юм шиг байна лээ. Манай эхнэр “Хоёр хүүхдийнхээ хувь заяаг чи шийдсэн. Харин бага охиноо би мэдчихье.Урлагийн хүн болгоно” гэдэг юм. Аав ээжийгээ байхгүй үед өөрөө санаа тавьж гүйсээр байгаад шалгуулчихсан байна лээ. 460 гаруй хүүхдээс 15-ыг авсан юм.
-Урлагаас олж авсан хамгийн сайн чанар тань юу вэ?
-Урлаг надад тэвчээр, жинхэнэ хүн байхын утга учрыг сургаж байна. Би тайзны ард од биш юмаа гэхэд оч шиг амьдрахсан гэж хүсдэг. Тайзан дээр олны анхаарлыг өөртөө татаж, уран бүтээлээ хүргэсэн ч тайзнаас буухаараа бид ч ялгаагүй энгийн хүмүүс шүү дээ. Бид тайзнаас буухаараа хүн байж л тайзан дээр гарахаараа хүний тухай, хүний сэтгэлийг, хайрыг дуулж чадна.
-Нөхөрлөлийн үнэ цэнэ нь юу вэ. Танай хамтлагийнхан хэр дотно нөхөрлөдөг вэ?
-Хамтлагийн үнэ цэнэ нөхөрлөл, ойлголцолд оршдог гэж бодож байна. Манай хамтлагийнхан гэр бүлээрээ нөхөрлөдөг. Хэн нэгнийхээ сэтгэл нь гундуу үед тайтгаруулж, амьдралын ямар ч үед бие биедээ итгэж байж нөхөрлөл улам олон жил орших байх.
-Ганц эмэгтэй гишүүнээ хэр хүндэлж, ойлгодог вэ?
-Манай Отгоод алт шиг авьяас бий. Дээрээс нь эмэгтэй хүнд байх ёстой зан чанар, гоо үзэсгэлэн гээд бүгд цогцолсон гэж үнэлдэг. Хүнийхээ хувьд дайчин, шаргуу, хөдөлмөрч бүсгүй. Манай хамтлагийн ганц сувд шүү дээ.
-10 жилийн дараа “Voice” хамтлаг ямар байх бол?
-Манай хамтлаг тарчихсан байх байхаа. Учир нь насаараа хамт байж хамтлаг болдог гэсэн үг биш. Харин хамт байх хугацаандаа чанартай уран бүтээл хийх нь чухал. Бидэнд хамтлагаараа байх найман жилийн хугацаа бий. Харин 10 жилийн дараа хувь хувийн уран бүтээлээ хийсэн, сайхан найзууд болсон байна.