/upload/10-25-11.jpg

Ч.ҮЛ-ОЛДОХ

“Миний ээж” булан  ээж “амь”-тай, ижий шүтээнтэй олон сайхан эрхэмтэй уншигч таныг уулзуулж ирсэн билээ.  Энэ удаа ээжүүдийг магтаж, бурхны оронд заларсан өөрийнхөө ээжид мөн  дуун зул өргөж яваа нэгэн  уран бүтээлчийг уулзуулж байна. Энэ эрхэм бол Алтай нутгаас төрөн  гарч монгол түмнийхээ  хүндлэлийг хүлээсэн  олон сайхан дуучны нэг,  Соёлын тэргүүний ажилтан Н.Энхбат юм.

 

-Ээжийнхээ тухай дуулахыг чинь сонсох бүртээ дуучин хүүгийн ээж ямар хүн байсан бол гэж боддог. Тэр бодол минь өнөөдөр таньтай уулзууллаа. Таны ээж аль нутгийн, хэний үр сад вэ? 

-Миний ээж Гунгаагийн Баасанхүү гэж  Говь-Алтай аймгийн Наран сумын хүн байлаа. Норжин гэдэг бүсгүйн   дөрөв дэх охин болж төрөөд нутгийнхаа нэлээд хөрөнгө чинээтэй Гунгаа гэдэг айлд үрчлэгдэж өссөн. Өргөмөл аав нь хожим аймгийн прокурорын алба хашиж явсан гэсэн. Энэ бүхнийг би ээжийн ярианаас л олж мэдсэнээс бус буурал аавынхаа  барааг нь ч хараагүй.  Харин буурал ээжтэйгээ Төв аймгийн Борнуурт тоглолтоор явж байхдаа уулзаж байлаа. Миний ээж аавтай минь ханилан сууж  дөрвөн хүү, зургаан охин төрүүлж өсгөсний дээрээсээ гурав дахь нь би. Одоо бид есүүлээ, миний дараагийн дүү бурхан болсон. Биднийг багад аав минь малын эмч болохоор гэрийн бараа харахгүй, тэмээндээ эм, тариа дүүргэсэн богцоо тохож аваад сараар алга болно. Бүх ар талыг ээж минь дааж, гадаа гарч эр, эгрт орж эм болж  хэдэн хүүхдээ гэж ирсэн. Тэр үед аймаг, сумын удирдлагаас аавыг  “Томилолтоор яв” гэсэн газар бүрт манайх нүүж сууж явсан. Ингэхдээ Говь-Алтайн Халиун сумын Сүүж бригадад нэлээд удсан. Сүүж бригадынхан миний ээжийг  сэргэлэн цовоо, ажилсаг, сийрэг ухаантай, хаана хэнийх хэдэн малтай гээд бүх мэдээллийг мэдэж байдаг ой тогтоолт сайтай байсан гэж хуучилдаг. Тэнд ээжтэй минь үерхэж нөхөрлөж явсан нутгийн сайхан буурал эмээ нар олон бий. Энэ бүхнээс би ээжийгээ халуун залуугаасаа хал үзэж, хашир суусан хүн байж дээ гэж боддог.

-Арван хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг амаргүй. Айлын том хүүгийн хувьд хэр тус дэм болж байв? 

-Би боддог юм, ээж минь арван хүүхэд төрүүлж өсгөсөн гэхээр наанадаж 30 жил нойр хоолоо хассан даа гэж.  Хоорондоо хоёр насны зөрүүтэй гэж бодоход тэр хүнд цаг үед яажшуу болгож байсан юм бол гэж өрөвддөг. Ээж минь өөд болтлоо л  хүүхэд “маллаж” байгаад бурхан болсон байх. Дүү нарын хүүхдүүд, ач зээ нараа өсгөсөн.  Хоёр хөл нь маажийчихаад  гартаа нэгийг нь хөтөлж, араасаа нөгөөг нь зүүгдүүлчихсэн явдаг сан. Тэгээд би дүү нартаа “Та нарыг өсгөх гэж ээж минь зөндөө зовсон. Одоо та нар хүүхдүүдээ өсгүүлэх гэж зовоож байна, юу болж байна аа” гэж зэмлэдэг байлаа. Тиймээс  ээжийгээ бага зовоохсон гэхдээ  би хоёр охиноо харуулаагүй. Багадаа ээжийгээ зовоосон ч ухаан орсон цагаас ээждээ дэм тус болохыг хичээсэн. Гуравдугаар ангиас хажуу айлынхаа хүүхдийг зуны гурван сар харж, хичээл эхлэхийн өмнө цалингаа аваад хичээлийн хэрэглэлээ авахуулдаг байлаа. 5-6 дугаар ангид байхдаа аавтайгаа  хөдөөгүүр малын тарилга, туулгалтын ажилд явсан. Долдугаар анги төгссөн жилээ ээжтэйгээ хамт сумын барилга дээр зуны гурван сар  ажиллаж  135 төгрөг авч байлаа. Тэр мөнгөөр ээж минь олон хүүхдийнхээ идэх уух, өмсөх зүүхийг бэлдэж байсан байлгүй. Харин сүүлд аймгаас  нэгдэл дундын барилгачид ирэхэд хамт ажиллаад 250 төгрөгийн цалин авсан маань их мөнгө санагдаж, талыг нь ээждээ өгчихөөд сээгий малгай авч өмсөөд гангарч байсан юм даг. Удалгүй цэрэгт явсан. Ирээд Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгад 250 төгрөгийн цалинтай  дагалдан дуучнаар ажилд орсон. Тоглолтоор аймгуудаар их явна, авсан цалингаараа өөрийгөө болгоод зогсохгүй дүү нартаа илүүчилнэ. Эр хүн гэсэндээ бас алсын бодолтой, айл гэр болох гэж хавтастай толь, данх савнаас эхлээд ойр зуурын юм цуглуулж явлаа. Аль болох аав, ээждээ нэрмээс болохгүйг хичээж яваад өдий зэрэгт хүрсэн.

-Ээж  тань хүүхдүүддээ юу захиж сургадаг байв?

-Миний ээж амьдралын хат суусан ухаантай  хүн байсан юм. Тиймээс бидэнд захиас сургааль хэлэхдээ   “Хүнд ухаан байвал нас багаддаггүй юм” гэдэг байлаа. “Энэ биеэ битгий хайрлаж, юмнаас бүү хойш суу” гээд өөрөө юмны түрүүнд хөдөлж байдагсан. “Олонтой яв”, “Бусдад тустай яв”, “Хүнийг сайн хооллож, ундалж бай” гэж байнга сургана.  Манайх олуулаа, өдөр хичээлээс ирэхэд банштай, будаатай, борцтой цай чаначихсан гэр дүүрэн хүмүүс  цуглаж, ойр хавийн авгай хүүхнүүд тас тас инээлдэж суудаг сан. Ээжийн минь гарын цай, хоол үгээр хэлэхийн аргагүй амттай.  “Алтай” чуулгад ажиллаж байхад  манайхан  урлагийн бригадаар явах  замдаа манай сумаар дайрч  ээжийн гарын цай, хоолоор дайлуулж аваад явна. Танил тал, найз нөхөд маань бүгд л  тэнд очихоороо  орж гарч, хөл хөөр  болж явсан. Олон хүүхэд төрүүлж өсгөж, олонтойгоо дандаа хамт байж, бусдыг хайрлаж  явсан болохоор миний ээж  бурхны оронд төрсөн дөө.

-Тэр өвлийн тэсгим хүйтнийг, нар шиг ээжээсээ хагацсан сэтгэлийн хэцүүг гэж та нийтлэлдээ бичсэн байсан. Түүнээс “Үдлээд буцдаг хорвоод уулзаж чадалгүй үлдлээ” гэсэн харуусал  мэдрэгдэж байсан?

- 2002 онд би СУИС-д сурч байлаа, хажуугаар нь уран бүтээлээ хийгээд. Тэр жил Говь-Алтайд аймшигтай зуд болсон юм. Тэр үед ээж минь эдгэшгүй хүнд өвчин тусч, хэвтэрт байсан. Бид зав чөлөөгөөрөө ээжийгээ  ээлжээр асарч тойлж, би Улаанбаатар, Говь-Алтайн хооронд ирж очно. Ээж минь намайг “Миний хүү дуугаа л дуул. Ажлаа сайн хий” гэхээс, өөр юм хэлэхгүй. Ээжийг сахиж байх үеэр манай аймгийн таван гавьяат  зудад нэрвэгдсэн малчдад зориулж “Сэтгэлийн өргөл” нэртэй хандивын тоглолтыг Улаанбаатарт  хийж түүндээ намайг урилаа. Ээжийгээ сахиж байгаа болохоор явах хэцүү, байх тиймхэн. Ингээд ээждээ учрыг хэлэхэд “Миний хүү яваад ир. Түмний төлөө буянтай ажилд оролцолгүй яахав” гэсэн юм. Царайг нь харвал бие нь овоо ч байх шиг. Гараад нутгийн ламтай уулзаж  учраа хэлээд “Намайг иртэл ээж минь байж байдаг  бол уу” гэлээ. “Толгой дээр нь судар тавиад яв. Иртэл чинь байна” гэхээр нь замд гарлаа. Гурав хоног цас ухсаар хотод иртэл ээжээсээ салсан мэдээ сонссон. Хотод ах дүү, садан байх биш, дээшээ хэлэх тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч боллоо. Хэндээ юугаа хэлэх вэ, Гандан орж ээжийнхээ араас ном уншуулж, “Алтан сав” -ыг нь нээлгэхэд  “Ээж чинь буянтай хүн байжээ. Бурхны оронд төрсөн байна” гэсэн нь сэтгэлийг минь  цэлмүүлж, үдээс хойш нь нутаг буцаж байлаа. Би ер нь аав, ээжийнхээ толгойг түших хувьгүй шиг билээ. Аавыгаа өнгөрөхөд цэрэгт байсан, сүүлчийн замд нь гаргахаас 30-хан минутын өмнө очиж байлаа. Ээжийгээ нутаглуулахаас нэг хоногийн өмнө арай гэж амжиж очсон. Би тийм нэг хатуу гэх үү,  хяслантай  гэх үү тавиланг амссан. Түүндээ өөрийгөө дотроо зэмлэж явдаг.

-Ингэхэд дуулах авьяасыг та ээж, аав хоёрынхоо хэнээс нь өвлөв?

-Миний ээж сайхан дуулдаг байлаа. Бас сайхан хүн байсан юм. Ер нь бүх хүний ээж үрдээ сайхан шүү дээ. Ээж минь хөлөө жийж суугаад өвөр дээрээ дүү нарыг  бүүвэйлдэг нь санаанаас гардаггүй. “Хүрэн толгойн сүүдэр”-ийг сайхан дуулна. Тэр дууныхаа аяар хүүхдүүдээ бүүвэйлнэ. “Говийн өндөр” гэдэг дууг гэгэлзтэл дуулдагсан. Намайг жаахан байхад ээж минь баг, сумын урлагийн үзлэгт орж дууны уралдаанд  нэгдүгээр байрт орж “Баярын бичиг”-ээр шагнуулж явсан. Ер нь манайхан бүгд сайхан дуулна шүү. Аав харин дуунд маруухан байсан санагдана. Нэг удаа мал эмнэлгийн ажилтны өдөрлөг болоход нь би очсон юм. Аав нэг хүнтэй хамт гарч ирээд уртын дуу дуулахад нь би ичээд гараад явчихсан юм даг. Тэгэхээр тун  тааруухан дуулсан хэрэг биз.

-“Алтай” чуулгын дуучин болж, сүүлд СУИС-д суралцаж уран бүтээлээрээ олны талархалыг хүлээж нэр алдар нь  түгэхэд ээж тань  ихээхэн баярласан байх. Та ч ээжийгээ баярлуулж,  уран бүтээлийн аз жаргалыг амсч сэтгэлдээ омогшсон байх?

-Ээж минь хүүгээ дуучин болоход хэмжээлшгүй их баярласан. Ялангуяа 2000 оны эхээр миний дуу түмэн олонд түгж, радио телевизээр цацаж байхад ээж минь хөл газар хүрэхгүй баярласан. Хүний л ээж юм болохоор хүүгээ төр, түмнийхээ  хүндлэлийг хүлээгээсэй гэж бодно шүү дээ. Хааяа очиход “Миний хүүгийн ажил төрөл дажгүй юу, Төр, түмний зүгээс шагнал, урамшуулал ярьж байна уу” гээд л  асуудагсан. Би ээжийгээ баярлуулсаан, бурхан болохоос нь өмнө. Ээжийгээ торго дурдан, чихэр амттанаар баярлуулах бус надаас хойш зөв сайхан амьдрах нь дээ гэсэн амар тайван сэтгэлийг өгөх нь хамгаас чухал болохыг ойлгож, эртнээс дотроо бодож явсан юм. Ээж минь нэгэнт эдгэшгүй өвчин туссан болохоор амьд сэрүүн байх хугацаа тун богино, дараа жил гэхэд байхгүй байх юм байна. Ээж минь байхгүй болчихвол би хэндээ золгох билээ гэж бодож байгаад Цагаан сарыг хамтдаа хийе гэж бэлдээд гэр бүлээрээ  очсон. Ингэхдээ өөрийнхөө дуулсан бүх дууг нэгтгэж МҮОНРТ-д бичүүлж, Монголын радиогийн хамт олон миний хөрөг сурвалжлагыг шинийн 1-ний өглөө нэвтрүүлэхээр болж түүгээрээ ээждээ бэлэг барьж очсон. Битүүний орой ээж минь хүүхдүүдийнхээ дунд сууж  банш, буузаа идэж, хүүгийнхээ тоглолтын бичлэгийг телевизээр үзэж их сайхан байсан. Өглөө нь бидэнтэй золгож, Монголын радиогоор хүүгийнхээ яриа, дуулсан дуу, хүүгийнхээ ээждээ зориулж дэвшлүүлсэн мэндчилгээг сонсч их ч баярласан. Хүүгээ өөрөөс нь хойш гэр бүл, үр хүүхдээ сайхан авч явж, өнчрөл хагацал үзүүлэхгүй нэр төртэй сайхан амьдрана гэдэгт итгэсэн байх. Тэгээд  намайг “За миний хүү наашаа суу. Надаас хойшхи ачааг чи үүрч явна шүү” гэсэн. Сэтгэл нь амарч тайвширсан ээжийнхээ амгалан царайг харахад сайхан байсан даа, тэгэхэд.

Хэдийгээр ээжийгээ  баярлуулах гэж  санаж сарвайж, бодож сэтгэж явсан ч надад үлдсэн нэг харамсал  бол дууныхаа клипэнд дүрийг нь мөхөлж чадаагүй. Өвөрт нь нэг  унтана даа гэж бодож явсан ч бас л чадаагүй. Сайхан хар гэзэгээ самнахад нь сэвийг нь ч болтугай аваад үлдсэн бол ээжийн минь үнэр шингэсэн байх байсан даа гэж бодсон, бас л чадаагүй.

-Таны урын санд ээжийн тухай  олон бүтээл бий. Түүнээс  сэтгэлд хамгийн ойр, дуулах дуртай дуу гэж байна биз?

-Ээжийн тухай олон сайхан дуу бий. Бараг нэг цомог гаргах хэмжээнд хүрсэн шүү. Тэр дотроос “Дөмөн борлог мориороо

Дөрөлжийн голоор дүүхэлзэнэ ээ

Төвшин буурал ээжийгээ

Таны хүү чинь дуулж явнаа” гэсэн сайхан үгтэй “Дуулж явна би” гэдэг дуугаа 1986 онд цэрэг байхдаа дуулж, Бүх ард түмний урлагийн үзлэгийн алтан медалиар энгэрээ мялааж, Ш.Арвай генералаас арав хоногийн чөлөөгөөр  шагнуулаад ээждээ очиж байлаа. Тэр дуу “Уран сайханч, байлдагч Энхбатын дуулснаар нэвтрүүлж өгөөч” гэсэн сонсогчдын хүсэлтийн дагуу Монголын радиогоор олон удаа цацагдсан. Тэр дуугаараа нэрлэсэн “Ээж ээ, хүү нь дуулж явна” нийтлэл бичиж өнгөрсөн хавар гуравдугаар сарын 27-нд уншигчдад хүргэсэн. Тэр  бол  миний ээжээсээ амь орсон өдөр юм. Энхбат хорвоод мэндэлсэн гэхээс илүү орчлон хорвоод ээж минь хүүтэй болсон баярын өдөр юм. Миний ээж ямар их баярласан бол тэр өдөр. Үртэй болсон, хүүтэй болсон ээж яаж баярласан бол гэж бодож тэр нийтлэлийг бичсэн. Нөгөөтэйгүүр, би хүүхэд байхын мөрөөдлөө биелүүлж хожуу ч гэсэн сэтгүүлзүйн чиглэлээр мэргэжил эзэмшиж анхны бүтээлээ ээжийнхээ сүүн замаар эхлүүлье гэж бодсон минь тэр.

-Танайх хоёр охинтой. Тэгэхээр та ирээдүйн хоёр ээжийн дотоод ертөнцийг бүтээж байгаа аав. Тэдэндээ юу гэж захиж сургаж байна?

-Том охин маань гуравдугаар ангид байхдаа Толгойтын эцсээс автобусаар хичээлдээ явдаг байсан юм. Нэг өдөр хичээлээс оройтлоо. Тосоод очтол “Автобусны кондуктор ядарсан хүнийг мөнгөгүй гээд буулгах гээд байхаар нь 200 төгрөгөө өгчихөөд явган ирлээ” гэсэн. Түүнийг сонсоод ямар ч байсан миний охин хүнийг хайрлах нинжин сэтгэлтэй өсч өндийж байгаад баярласан. Би хоёр охиндоо том хүн болох гэж яарах хэрэггүй, зөв хүн болох  чухал гэж захидаг.

-Ярилцлагынхаа  төгсгөлд  хүмүүст ухаарал өгч, залууст сургамж болгох үгийг “Миний ээж”-ийн шууданд дайхыг танаас хүсч байна?

-Би өдөр болгон аав, ээж хоёроо бодож залбирдаг. Хүн байгаль хоёрын хүйн холбоо нэг юм. Тиймээс аав, ээж хоёр маань биднийг  тэнгэрээс байнга харж, ажил амьдралын зам мөрийг гэрэлтүүлж, саад тотгорыг арилгаж байдагт итгэдэг. Тэнгэр эцэгтээ сүсэлж, ээж, аав хоёроо нүдэндээ харж залбирдаг. Тэгж байж ажил, амьралын минь  зам мөр гэгээн саруул болдог болов уу. Хүн болгон аав, ээжийгээ хүндэлж, дээдэлж, биширч байж дараа нь эх орон, ард түмнээ хайрлаж хүндлэх байх. Ээж, ааваас төрөхөд эх орон тосч авдаг, дараа нь элгэн түмэн хүмүүжүүлдэг. Тиймээс аав, ээж хоёроо хүндэл, дээдэл. Энэ эрхэм хүмүүсээс өөр ид шидтэн энэ дэлхийд байхгүй. Тиймээс миний үгнээс жаахан ч гэсэн  ухаарал, сургамж авсан бол ээж, ааваа амьдад нь баярлуул, асарч тойл, бурхан мэт шүтэж яв гэж хэлье.