Б.БАРС

 

Казахстаны Алма-Аты хотын “Балуан Шолак Арена” ордонд болж буй боксын 17 дахь  удаагийн ДАШТ шийдвэрлэх шатандаа орж, медалийн төлөөх тулаанууд жин тус бүрт өчигдөр эхэллээ.  Энэ удаагийн тэмцээн АИБА буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэ дүрмийн дагуу анх удаа болж буйгаараа онцлог.

Боксчид энэ тэмцээнээс эхлэн толгойны хамгаалалт дуулгагүй өрсөлдөх болсноос гадна өмнө нь хажуугийн таван шүүгч тамирчдад товчлуур даран оноо өгөх нь дэлгэцнээ шууд гардаг байсан бол одоо тоглолт дууссаны дараа л шүүгчдийн үнэлгээгээр хэн ялсныг тодруулдаг болжээ. Ингэхдээ ямар нэг булхай орохоос сэрэмжлэх үүднээс хажуугийн таван шүүгчээс сугалаагаар гурвынх нь л үнэлгээг тооцдог шүүлтийн ярвигтай систем үйлчилдэг болсон билээ.  

Дуулгагүй тоглох болсноор хүнд цохилтоор өрсөлдөгчөө цагаас нь өмнө буулган авах явдал багагүй тохиолдож боксыг улам үзүүштэй болгосон нь тодорхой. 81 кг жинд хүч үзсэн С.Эрдэнэбаяр АНУ-ын Торрес Геремиасыг илүүрхэн хоёр ч удаа нокдаунд оруулан тоолуулсны дараа өрсөлдөгч талын дасгалжуулагч рингэнд цагаан алчуур хаян бууж өгсөн нь үүний тод жишээ.

Харин шүүлтийн шинэ журам нэг л биш ээ. Үүнийг олон орны төлөөлөгчид цохон тэмдэглэсэн. Шударга бусаар шүүсэн, шүүгчийн булхай орсон тулаанууд ч цөөнгүй байв. Үүнд манай тамирчид ч өртсөнийг дурдах хэрэгтэй. 69 кг жинд Б.Түвшинбат ОХУ-ын В.Беспутинтэй, 60 кг жинд Ж.Отгондалай Бразилийн Консесайо Робсоноос ямар нэг хэмжээгээр илүү байсан ч шүүгчдийн саналаар ялагдсан билээ.

Энэ удаагийн ДАШТ-д 100 орны 570 боксчин оролцсоноос Куба, ОХУ, Казахстан зэрэг 11 орон 10 жинд бүрэн багтай хүрэлцэн ирсэн юм. Манай багийн хувьд долоон боксчин “Балуан Шолак Арена”-гийн рингэнд хүч үзсэн бөгөөд гараагаа урамтай сайхан эхлүүлсэн. Эхний даваанд манай нэг ч ширэн бээлийтэн бүдрээгүй билээ. Харамсалтай нь гавьяат тамирчин Н.Төгсцогт 56 кг жинд эхний тулаандаа Азербайжаны тамирчинд ялагдсан юм.

Үүнээс хойш манай боксчид ар араасаа учраа нартаа дийлдсээр шөвгийн наймд гандан бууршгүй ахмад боксчин У.Мөнх-Эрдэнэ ганцаараа шалгарсан. Олон жил боксын рингэнд эх орныхоо нэрийг ганцаараа тахалсаар ирсэн түүнд л монголчууд дахиад найдвар тавихаас өөр аргагүйд хүрсэн. Дугаар шилжих мөчид ДАШТ-ий медалийн тоглолтууд дөнгөж эхэлж байсан бөгөөд энэ даваанд 30 орны 80 боксчин тулалдсанаас рингний эзэн Казахстанаас хамгийн их буюу есөн ширэн бээлийтэн рингэн дээр гарч иржээ. Харин Куба, ОХУ тус бүр долоо, Энэтхэг, Узбекистан, Азербайжан тус бүр тав, Итали, Ирланд тус бүр дөрөв, Бразил гурван боксчинтой “финалын өмнөх финал” гэгддэг медаль зүүх эсэхийг шийдэх энэ үед хүрчээ.

Энд сонирхуулахад, Монголд төрсөн Жанибек Алимханулы (Алимханы Жанибек) 75 кг жинд Казахстаны далбаан дор тулалдсан билээ. Тэрээр өөрийн учраа Румыны Журатониг ялж хүрэл медалийн болзол хангажээ. Манай У.Мөнх-Эрдэнэ ч Узбекистаны С.Рахмоновыг давамгайлж ДАШТ-ээс хоёрдахь медалиа бид бүхний магнайг тэнийлгэлээ. Ганц дайчин ганцаардахгүй гэж энэ дээ.