Д.ЦЭРЭННАДМИД

 

ӨМНӨТГӨЛ БУЮУ ХОЁР ИХРИЙН ТУХАЙ ДУРСАМЖ

1950-иад оны эхээр юм гэнэ лээ. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр (хуучнаар Хонгор сум гэж байв) сумын төвийн Лувсанзундуй гэдэг айлд нь ижилхэн хоёр ихэр хүү төрсөн нь ховор тохиолдол байлаа. Ихэр хоёрын усны дусал шиг адилханыг өхөөрдөн бас атаархан ярих хүн олон байж л дээ. Тэд сумын төвийн ойролцоох Их, Бага өргөө, Үхэр уяа гэх гурван уулын дунд тарвалзаж өсч өндийв. Хөлд орсноосоо хойш л уралдах, барилдах болж. Говь нутгийн намхавтар уулсын өөд урууг ялгахгүй л харвацгаах. Ихэр хоёрыг өөрийгөө золиослон байж өсгөсөн ээж нь Г.Батбаяр жинхэнэ хөдөлмөрч хүн байжээ. Ээж нь сүүний заводод ажилладаг болохоор ихэр хоёрын уудаг унд нь пакт хэмээх сүүнцэр. Түүнийг айраг шиг л залгилах.

-Миний хоёр хүүд энэ пакт тун зохиж байна. Хүүхдийн өсөлт ч сайн юм гэж ихрүүдийн ээж тааралдсан бүхэнд ярьдаг л байсан гэдэг. Ихэр хоёр хүү нэр нь Л.Ням, Л.Даваа. Сургуулийн багш нар хавийн хүүхдүүдийг цуглуулж барилдуулаад давсанд нь чихэр өгөх. Энэ нь ихрүүдэд бөх сонирхох эхлэл байсан юмсан уу. Сургуульд орж нэгдүгээр ангид байхдаа Л.Ням нэгэн барилдаанд түрүүлж хоёр ширхэг барааны савантай харьж ээжийгээ баярлуулсан гэдэг. Бяцхан хүү энэ үед би бөх боллоо гэж томоогүйрхэн бодсон байж ч магадгүй. Тэгээд ихэр хоёр хөдөөд бага сургуулиа дүүргээд Улаанбаатарт ирж дунд сургуульд орсон. Ихэр хоёр зөвхөн суралцсангүй. Бас л барилдсаар... Тэр тухай нь чөлөөт бөхийн ахмад дасгалжуулагч, тамирчин, ОУХМ Л.Нямтай ярилцсан юм.

 

СУРАГЧ БАЙХДАА МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛСОН НЭГЭН ТҮҮХ

 

-Ихэр хоёрын хийгээд өөрийнхөө бөхийн амьдралын түүхээс хуучилна уу?

-Нутаг орны минь уул, ус надад хишиг хайрласан нь бөхийн амьдрал юм даа гэж бодож явдгаа хэлье. Чухам бөх болох гараа чинь хаанаас эхэлсэн бэ гэвэл дунд сургуулийн зургадугаар ангид байхдаа Хөдөлмөр нийгэмлэгийн бөхийн секцэнд явдаг байсан үеэс л эхтэй гэж болно. Ихэр Л.Даваа бид хоёр сургууль дээрээ ч, секцэнд ч хамт байдаг байлаа. Сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд ч хоёул түрүүлж медаль зүүж үзлээ. Миний хувьд дараа нь нийгэмлэгийнхээ насанд хүрэгчдийн тэмцээнд ороод аварга болдог байгаа. Есдүгээр ангид байхдаа нэг тэмцээнд орж Эрдэв гэдэг хүнийг хожчихдог юм. Тэгсэн чинь ДАШТ-ий мөнгөн медальт бөхийг сургуулийн хүүхэд ялсан тухай яриа хадны цуурай шиг тардаг юм. Сургуулийн ханын сонин дээр хүртэл гарав. Би ичимхий амьтан түүнийг харж чадахгүй л явсан. Ингээд оюутан болсон үедээ буюу 1977  онд улсын шигшээ багт багтсан даа.

-Улсын шигшээ багийн орон тооны тамирчин гэсэн үг үү?

-Тийм л дээ. Цалинтай болж хөдөлмөрөө үнэлүүлж эхэлсэн минь тэр. Ижийгээ тэтгэх чадалтай болсон гэж баярлаж байлаа. Тэгээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа явж аль алинд нь шагналт байр эзэлсэн юм. Энэ үед зэрэг цолд ч хүрээгүй, улсын аварга ч болоогүй байлаа. Дэлхийн аваргад явж байсан багийн нөхөд маань гэвэл Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, З.Дүвчин, Ж.Даваажав, Д.Оюунболд гээд л тухайн үеийн аваргууд байж. Тэрнээс өмнө манай чөлөөтийнхөн дэлхийн аваргаас анх удаа дөрвөн медаль авсан түүхэн амжилт гаргасан байлаа.

-Тамирчин байх үеийн амжилтаасаа сонирхуулна уу?

-Бас ч хэлэх юмтай шүү. Улсын таван удаагийн аварга болж байлаа. Улаанбаатарт болдог “Интернационал” олон улсын том тэмцээнд гурван удаа түрүүлсэн. Европод болж байсан тэмцээнүүдээс олонхиос нь медаль авч ирсэн. 63, 65 кг-ын жинд тун гайгүй бөх гэгдэж байлаа. Яг л 10 жил шигшээ багт тамирчин байж. 1987 онд шигшээ багаас чөлөөлөгдсөн.

-Бөхийн өөр төрлөөр барилдаагүй юу?

-Монгол үндэсний бөхөд их сонирхолтой байж. Бас ч аймгийн заан болж байлаа. Наадмын өмнөх бэлтгэлд гарч байсан удаатай.

-Шигшээгээс гараад ямар ажил эрхэлсэн бэ?

-МУИС-д багш болохоор шийдчихээд байж байтал Д.Дашдовдон дарга дуудддаг юм. Санаагаа хэлсэн чинь загнаж байнаа

-Чи юу ярьж байгаа юм. Чамайг явуулахгүй. Өнөөдөр даргын зөвлөлийн хурлаар ор гэдэг байгаа. Тэгээд хурлаар орж Улсын ерөнхий дасгалжуулагч бөгөөд бөхийн холбоо (тэр үе бөхийн холбоо гэж ганц байв)-ны нарийн бичгийн дарга гэдэг албанд томилчихов. Тэр ажлыг даруй дөрвөн жил хийсэн. Дараа нь чөлөөтийн улсын шигшээ багийн дасгалжуулагч болдог юм. 1997 оны сүүлч хүртэл энэ албыг хашсан. Харин дунд нь Энэтхэгт мөн л чөлөөт бөхийн дасгалжуулагчаар хоёр жил ажилласан даа. Шигшээ багийн амжилт нь ахьсан. Урьд гавиагүй байсан тамирчид амжилт нь өсч ирсэн. Канадад болсон нэг тэмцээнээс хоёр хүн алтан медаль авсан. Бас Зүүн Азийн тоглолтоор Энэтхэгийн чөлөөт бөхийн баг түрүүлж билээ. Үүний дүнд би тус улсын оны шилдэг дасгалжуулагч болж Ерөнхийлөгч Шарма гуайтай уулзаж зоогонд нь уригдаж байлаа. Сайхан л байсан даа.

 

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙГ АНХ БАЙГУУЛСАН НЬ

-Өөрийг чинь эмэгтэй чөлөөт бөхийн багийг Монголдоо анх санаачлан зохион байгуулсан хүн гэдэг. Энэ тухайгаа ярьвал сонин дурсамжууд хэлэх байх даа?

-Тийм ээ. Би яах аргагүй монгол охид бүсгүйчүүдийг чөлөөт бөхөөр барилдуулах эхлэлийг тавьсан юм. Гадаадад тэмцээнд явж байхдаа эмэгтэйчүүд чөлөөт бөхөөр хичээллэж байгааг харж явсан. Тэгээд Монголдоо очоод эмэгтэй чөлөөт бөхийг хөгжүүлбэл яасан юм бэ гэсэн бодол төрж байлаа. Тэгээд Энэтхэгээс ирсэн даруйдаа бодсноо хэрэгжүүлж эхэлсэн. Улсын шигшээ баг тарах үе ч таарсан. Клубүүд байгуулж байх үе самбо, жүдо барилдаж байсан охидоос 15-16 хүн сонгон авч хичээллүүлсэн. Олон улсын шүүгч Ган­болд гэдэг нөхрийг Зав­ха­наас авчирч хамтарч ажил­ласан. Тэгээд 1998 оны арваннэгдүгээр сард анхны үзүүлэх барил­даанаа хийсэн. Энэ тухай ярьвал сонин их дээ.

-Түүнээсээ яриач, сонирхууштай байх вий?

-Тухайн үед эмэг­тэйчүүдийг чөлөөтөөр барилдуулъя гэхэд зөв­шөөрөхгүй хүн олон л байсан шүү. Бө­хийн хүрээнийхэнд ч эсэргүүцэгчид гарч ирсэн.

-Ням чи ер нь дэмий юм сэдээд. Эмэгтэй хүн барилдуулаад хэзээ амжилтад хүрэх юм. Энэ санаагаа бага дээр нь татаж ав гэцгээж байв. Гэвч би түүнийг үл хайхарсан. Монголын бөхийн холбооны нэрэмжит тэмцээний дундуур үзүүлэх тоглолтоо хийхээр болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди тэр тэмцээнийг ирж үзнэ гэсэнд би бүр олзуурхаж байсан. Тэгтэл Ерөнхийлөгч ирсэнгүй ч бөхийн гол зүтгэлтнүүд цөм л тэнд байсан юм. Тэд миний шавь охидын үзүүлэх тоглолтыг үзээд их л шоолонгуй инээлдэж байж билээ.

-Шоолж байсан гэнээ. Тийм байдал өөрийг чинь зорилгоос чинь ухраагаагүй нь сонин юм?

-Би нэгэнт зорьсон юмандаа итгэж байсан болоод ухрах бодол огт байгаагүй. Хангалттай шоолуулж муулуулсан даа. Намайг зарим нь “Эмэгтэйчүүдийн эцэг” гэж хочилж байв. Харин сүүлдээ эмэгтэйчүүд сайн барилдаж хөгжлийн шинэ шатанд гараад ирэхээр тэр үг нь өөрчлөгдөж эмэгтэй чөлөөтийн “загалмайлсан эцэг” гэсэн үг болж хувирсан. Тэгж бичих, ярих болсон доо. Бас нэг сонин тохиолдлоо хэлэхгүй өнгөрөх гэж байна. Үзүүлэх тоглолт хийх гэсэн тэмцээн зохион байгуулагчид цааргалаад болдоггүй. Тэгэхээр нь тэмцээний нэвтрүүлэгчээс микрофоныг бараг булааж аваад эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид үзүүлэх тоглолт хийх гэж байна гээд өөрөө зарлачихсан. Тэгээгүй бол яах ч байсан юм мэдэхгүй. За тэгээд дараа нь 2-3 жил улсын аварга шалгаруулах тэмцээн зохиосон. Үүний дараа хүмүүс дэмжих болсон доо. Нөгөө шоолж байсан улсууд зөв юм хийж гэж магтсан. Тэгээд биеийн тамирын хороо, яаманд асуудал оруулж шийдүүлж чөлөөтийн эмэгтэй багийг төсөв цалинтай болгоод цол зэрэг олгох журамд хамруулж ангилалд нь оруулаад улмаар багш, дасгалжуулагчтай болгоод анхны шигшээ багийг бүрдүүлж өгсөн. Энэ нь хөгжих үндсийг нь баттай суулгасан гэсэн үг. Түүнээс хойш охид, бүсгүйчүүдийн маань амжилт ахиж олон улс, тивийн тэмцээнээс медаль авч эхэлсэн.

-Тэгвэл таны хүчин зүтгэж байгуулсан чөлөөтийн эмэгтэйчүүдийн баг дэлхийд танигдсан амжилтын эзэн болоод байна даа?

-Үүнд нь би анх санаачилж байгуулж өгсөн хүний хувьд тун их баяртай байна. Анх Бусанд болсон тэмцээнээс Даваабунд гэдэг охины авсан хүрэл медаль Монголын эмэгтэй бөхийн анхны медаль  байсан. Дараа нь 2003 онд Азийн аваргаас мөнгө, хүрэл медаль авчирсан. Тэгээд 2005 онд ДАШТ-ий хүрэл медалийг Ц.Энхжаргал авсан. Түүнээс хойш медалийн буухиа үргэлжилсээр өнөөдөр Монголын эмэгтэйчүүд чөлөөтөөр дэлхийн хүчтнүүдийн тоонд багтлаа. Олимпийн мөнгөн медальтан, дэлхийн аварга төрлөө. Энэ оны ДАШТ-д долоон жинд өрсөлдөхөд тавд нь медаль авч багаараа дэд байрт орсон. Энэ бол түүхэн том амжилт. Одоо л анх намайг эмэгтэй баг бүрдүүлэх гэж байхад шоолж байсан хүмүүсээс амыг нь асуумаар санагдаж байна. Эмэгтэйчүүдийн амжилт өсөөд ирэхээр эрчүүд ч сэргэдэг юм шиг байна. Нэг зүйлийг тодосгож хэлэхэд эмэгтэйчүүд барилдахдаа эрчүүдээс илүү. Тэвчээр сайтай, уян хатан чанараар давуу, их нэхэл хатуутай, шар хортой нь чөлөөтөд тохирч байгаа юм.

 

ЧӨЛӨӨТ БӨХИЙН АМЖИЛТ НЭГ ҮЕ БУУРСАН НЬ ҮНЭН

-Чөлөөт бөхөд уналт бий болсон гэж ярьдаг. Үүний учрыг та л  тайлбарлана даа?

-Ер нь 1990-ээд оны дараа зах зээлийн шуурганд өртсөн нь нөлөөлсөн. Спортын бусад төрөл ч ялгаагүй. Нөгөө талаар чөлөөт бөхийн хувьд зарим сайн дасгалжуулагч, тамирчид амьдралын эрхээр наймаанд явж спортоос хөндийрсөн тал бий. Гэхдээ олимп дэлхийн тэмцээнийг арай л таслааагүй дээ. Ер нь юм унах бол туйлын амархан, харин сэргэнэ гэдэг хэцүү. Чөлөөт бөх нэг хэсэг унаснаар залгамж халаа нь тасалддаг юм байна. Бөхийн залгамж халааг бий болгоход доод тал нь 10 жил хэрэгтэй. Чөлөөт бөх одоо сэргэж байна. Цаашид ч улам өөдлөх өнгө төрх харагдаж байгаа. Холбооны удирдлага ч сайн ажиллаж байна л даа.

-Та сүүлийн үед эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байгаа юм билээ. Өөрийн судалж бичсэн номоос дээжилж хэлэх зүйл юу байна даа?

-Спортын сургалт дасгалжуулалтын холбогдолтой 30-аад ном бичлээ. Тэр бүхнээ бүтээхдээ шинэлэг талыг нь их анхаардаг болсон. Эндээс одоо бичиж байгаа нэг номынхоо санааг сонирхуулъя. Энэ ном сургалт дасгалжуулалтыг монголоороо хийе гэсэн санаа. Бид өнгөрсөн үедээ дан европ, америк арга стилиэр явж ирж. Энэ нь буруу юм шиг санагдаж байгаа. Алив салбарт монгол өв уламжлал гэж заавал бий. Ялангуяа бөхөд бүр ч тодорхой байдаг. Миний номын гол санаа нь монгол хүнд өөрийн гэсэн монгол өв уламжлалаасаа авсан арга барил тохирно гэдгийг батлахын тулд бид ажиллах шаардлагатайг хэлэх гэсэн юм.

-Монголчууд бөхөө бэлтгэдэг, сургадаг шилдэг аргууд байсан тухай үлгэр домогт их гардаг. Үүнийг монгол арга гэмээр юм уу даа?

-Яг тийм. Тэр тухай би судаллаа. Ер нь өрсөлдөгчөө дийлэх, унагах арга монголд л байж. Түүнийг судалж зөв талаас нь авах нь чухал. Харь орныхны бөхийн бэлтгэлийн аргыг анзаарч үзэхэд эх үүсвэр нь нүүдэлчин монголчуудын өв уламжлааас эхтэй байж магадгүй зах зух ажиглагддаг. Тиймээс манай бөхийг ялчихаад байдаг ч юм билүү. Тухайлбал монгол бөхийн сорилго гэж байж. Тэрэнд хамрах бөхчүүдээ эхний долоо хоног нам унтуулчихдаг. Идэхээс бусад цагт унтах. Энэ нь харшааг нь гаргаж байгаа арга. Дараа долоо хоногт нь айраг цагаа цадтал нь өгч дотрыг нь цэвэрлэдэг. Тэгээд гурав дахь долоо хоногоос гүйлгэж, мэх заана. Дөрөв дэх долоо хоногоос усны элсний, модны гэх мэт хүчний бэлтгэл хийлгэдэг. Ийм монгол арга байхгүйгээс өнөөгийн бөхчүүд бие хаа нь дэндүү нялхарч. Хатуужил тэсвэр суулгах олигтой бэлтгэл үнэндээ дутмаг байна. Бас байгаль гэдэг эм бий. Тамирчин хүнд байгалийн сайхан гэдэг бэлтгэлжилтийн тал хувийг өгдөг. Дасгалжуулагч зөвхөн 50 хувийг нь хангадаг. Энэ мэт маш нарийн зүйл бий. Үүнийгээ хэнд ч хэлээгүй, задлаагүй байгаа. Чамд нууцаа жаахан алдчихав уу даа.

Ингээд яриад байвал Монголын нэгэн шилдэг дасгалжуулагч, ОУХМ тамирчин, доктор Л.Ням бид хоёрын яриа дуусамгүй санагдлаа. Түүний 38 жил спортын тэр дотор бөхтэй амьдралаа холбосон түүх Монголын түүхийн нэгэн боть мэт. Доктор Л.Ням одоо спорт бэлтгэлийн төвд эрдэм шинжилгээ судалгааны багийг ахлан ажиллаж байна. 1997 онд “Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан юм билээ.