С.УЯНГА
Монголын кино нэгтгэлийн ахмадын хорооны дарга Д.Цэнддорж, кино найруулагч Х.Дамдин нарын ахмад уран бүтээлчид Кино үйлдвэрийн дарга Ж.Солонготой шүүхээр заргалдаж байгаа талаараа олон нийтэд мэдээллээ.
Монголын кино урлагийн салбарын түүхийн үнэ цэнийг хойч үедээ өвлүүлэхэд бэрхшээлтэй болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, 1995 оноос хойш үе үеийн Засгийн газар, харьяа яаманд монгол киноны асуудлаар олон удаа санал тавьж байсан ч хойрго хандаж, ямар ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрчээ. Кино урлаг эзгүйдэж, хөгжил нь зогсонги байдалд хүрсэн нь одоогийн удирдлага болох Ж.Солонготой холбоотой гэнэ. Тэрээр энэ байгууллагыг 16 жил удирджээ.
Ж.Солонго Кино нэгтгэлийн дарга болсон даруйдаа байгууллагын үлдэгдэл төсөв болох таван мянган ам.долларыг үр ашиггүй зарцуулж 69.479 амдолларыг хувьдаа завшсан байна.
Мөн зураг авалтын өрөөнүүдийг ноос, ноолуураар дүүргэсэн гэнэ. Тэрээр барилгын компанитай хуйвалдаж нууцаар газрын гэрээ хийсэн байжээ. Түүнчлэн кино үйлдвэрийг хувьдаа завшсан дараагийн үйлдлийн тухай ахмадын хорооны дарга Д.Цэнддорж ярьсан. Тэрээр “Ж.Солонго Монгол кино нэгтгэлийн хуучин үйлдвэр болон операторын цехийн барилгыг блансаас блансанд шилжүүлэн КУДС-ийн Төрийн өмчийн оролцоог 51 хувь хэмээн хувьдаа 49-ийг шилжүүлсэн байдаг. Түүний эл хэргийг баримт нотолгоотойгоор цагдаагийн газар, хуулийн байгууллагуудад хүргүүлсэн боловч хэргийг хэрэгсэхгүй болгосоор байна. Түүнтэй холбоотой өөр хэргүүдийн тухай баримтыг бид АТГ-т өгсөн боловч эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаангүй гээд Нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Гэтэл зөвхөн Ж.Солонгын өгсөн мэдүүлгийг үндэслэн түүний хууль бус үйлдлийг өмгөөлсөн тайлангаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан. Тэр нь ямар ч тамга тэмдэггүй, албан ёсны баримт гэж хэлэхээргүй мэдэгдэх хуудас байсан. Бид үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэв. Тэдэнд Ж.Солонго “Та нар хэзээ ч намайг дийлэхгүй. Хөлөө хүрэх газраа яв” гэдэг ажээ.
Монгол киноны өв соёлыг хамгаалах гэсэн ахмад уран бүтээлчид яваагүй газар үгүй. Тухайлбал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад хандаж захидал илгээсэн ч хариугаа аваагүй гэнэ. Аргаа барсан ахмадууд ийнхүү хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Тэд Ж.Солонгын хууль бус үйлдлийг таслан зогсоотлоо тэмцэхээ мэдэгдлээ.