М.ГАН
Парламент бужигнаантай байна. Хоёр өдөр ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хуралдаагүй байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр нэг юм цэгцэндээ оров. Нэлээд хэдүүлээ чуулганы танхимдаа цугласан гишүүд энэ оны төсвийн тодотголыг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Байнгын хорооны даргын албаа өгсөн ч яахав” гээд хэлнэ лээ. Мөн гишүүн О.Баасанхүү байнгын хорооны дарга нарыг солих санал гаргав. Ялангуяа Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг солих саналтай байгаа гэсэн. Энэ байнгын хорооны даргаар А.Бакей ажилладаг юм. Мөн УИХ дахь олонх, Засгийн газар хариуцлага хүлээхгүй юм бол гишүүнээс татгалзахад бэлэн гэдгээ Р.Амаржаргал гишүүн хэлэв. Ийм халуун мэдээллүүдийн дундуур гишүүн Ж.Батзандан бас л үг шидэв. Тэрээр “Нүүрс шуудайлж зарахаас өөр зүйл хийхгүй байна. Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байна. Ийм Ерөнхий сайдтай Монгол Улс цаашаа явахгүй. Дандаа худлаа ярьдаг, хүн хуурдаг, урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг Ерөнхий сайдтай улс орон дампууралд, хүрнэ. Одоо зогсоо” гэв.
Энэ мэтчилэн гишүүд, дарга нар суудлаасаа татгалзах тухайгаа зарлаж, зарим нь өөр бусдыг унагахыг шаардав. Уг нь чуулганы нэгдсэн хуралдааны үндсэн хэлэлцүүлэг төсвийн тодотгол байлаа.
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа.
Нэгдсэн төсвийн 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг энэ оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн тооцоход 2013 оны нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал ДНБ-ний -6.8 хувьд хүрэхээр байгаа нь Төсвийн тухай хуулийн 34.1.2 зүйлийн “Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их хуралд өргөн мэдүүлнэ” гэсэн заалтын дагуу 2013 оны төсөвт тодотгол хийх нөхцөлийг үүсгэсэн байна. Хуулийн төсөл батлагдсанаар үүсч буй төсвийн орлогыг нөхөж, Төсвийн тухай хуульд заасны дагуу нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүрч, санхүүжилт тасалдахгүйгээр төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа хангагдах юм байна.