Д.ЖАВХЛАН
Хоёр жил тутам болдог боксын дэлхийн аварга шалгаруулах ээлжит тэмцээн Казахстан улсын Алма-Аты, хөрвүүлбэл Алимтай хотод энэ сарын 11-нд тамирчид, зочдоо хүлээж авснаар эхэллээ. Энэ жилийн ДАШТ-д Лондоны олимпийн аварга нэг, өмнөх Бакугийн ДАШТ-ий таван аварга оролцож байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн боксын өнгийг тодорхойлж явсан алдартнууд болох Украины олимп, дэлхийн тус бүр хоёр удаагийн аварга Василий Ломаченко, ОХУ-ын дэлхийн аварга М.Водопьянов, Лондоны олимпийн аваргууд болох Английн Люк Кэмпбелл, Кубын Сотолонго, Японы Мурата Риота, Хятадын Зоу Шиминг, Казахстаны Серик Сапиев нарын шилдэг ширэн бээлийтнүүд Алма-Атыгийн рингэнд гарахгүй нь.
Тэдний дийлэнх нь мэргэжлийн бокс руу шилжсэнтэй холбоотой болов уу. ДАШТ-ий эхэнд боксчид өөрсдөө төдийгүй энэ спортын сонирхогч бүхэн техникийн зөвлөлийн хурлаар оноолтын сугалаа хэрхэн гарахыг сэтгэл догдлон хүлээдэг. Оноолтын байдлаас харахад энэ тэмцээнд хүрэлцэн ирсэн улс орон болон тамирчдын тоо урьд урьдынхаас цөөрч, 100 орны 457 боксчин аваргын титмийн төлөө тулалдахаар болжээ.Өмнө нь 2007 онд Чикагод 102 орны 557 боксчин, 2009 онд Миланд 133 орны 552 боксчин, 2011 оны Бакуд 120 орны 570 боксчин тус тус хүч үзэж байсан юм.
Энд тэмдэглэхэд, АИБА-гийн шинэ дүрмийн дагуу тус тэмцээнээс эхлэн боксчид толгойны хамгаалалт дуулгагүй тулалдаж эхлэх билээ. Ингээд, энэ удаагийн ДАШТ-ий оноолт хэрхэн таарсан талаар танилцуулъя.
49 кг
Тус жинд чансаагаараа дэлхийд тэргүүлдэг рингний эзэн Бирзан Жакипов эхнийхээ тулаанд л Украины хүчтэй боксчин Вадим Кудряковтой өрсөлдөх ба дийлбэл ОХУ-ын тамирчин, бидний элэг нэгт буриад хөвгүүн Билэг Галановтай тулалдана. Энэ хэсэгт мөн Кубын Вэйта Ёсбани байгаа юм.
Харин манай тамирчин Г.Ган-Эрдэнэ эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт мөн л гоц мөргөсөн Унгарын залуу тамирчин Иштван Унгаритай тоглоно. Г.Ган-Эрдэнэ эхний тулаандаа энэ сарын 19-нд гарах юм. Манай боксчны хувьд маш аятайхан оноолт таарсан.
Унгарын боксчныг ялбал Австрали, Тайланд, Бразилийн боксдын хэн ялж гарч ирсэнтэй үзэлцэх ажээ. Тэдгээр тамирчдаас дэлхийд чансаагаар хоёрт бичигдэж буй Лоренсо Патрик гарч ирэх магадлал тун өндөр юм.
Хэрэв Г.Ган-Эрдэнэ энэ давааг давбал хүрэл медалийн төлөө Хятад, Румын, Алжир , Мексикийн боксчдын хэн ялж гарч ирсэнтэй нь тулалдана. Ер нь залуучуудын дэлхийн аварга Хятадын Ли Бин гарч ирэх болов уу. Хүрэл медалийн болзол хангачихвал манай тамирчин алтан медалийн төлөө дээр өгүүлсэн Куба, Орос, Казахстаны тамирчдын аль гарч ирсэнтэй нь тулалдахаар байгаа юм.
Энэ жинд бусад жингүүдтэй харьцуулахад хамгийн цөөн буюу 38 боксчин өрсөлдөнө.
52 кг
Энэ жингийн 47 тамирчны хувьд сугалаа жигдхэн гарсан. Гэвч тус жинд тэргүүлж буй Бакугийн дэлхийн аваргын мөнгөн медальт Уэлсийн боксчин Селбигийн хувьд Кубын залуу боксчин Тежериатай нэг дэд хэсэгт орсон нь бас л бурхан хатуурхсан хэрэг гэмээр.Энэ хэсэгт түүнчлэн Казахстан, Узбекистан, Азербайжаны хатуу гарууд олон бий, Харин нөгөө хэсгээс бидний сайн мэдэх, Казанийн Универсиадад манай Х.Энхдэлгэрт ялагдсан Оросын дэлхийн аварга Миша Алоян гарч ирэх нь бараг л тодорхой болов уу. Гэсэн ч тэр өдрийн тэнгэр мэдэх биз ээ. Энэ жинд манайхаас уг нь Х.Энхдэлгэр оролцох байсан ч нас хүрээгүйн улмаас хасагдсан билээ. Уг нь энэ жинд манай боксчид Олимпийн мөнгө, Универсиад наадмын алтан медаль авчихсан, дэлхийд тэргүүлэгчдийн нэг болоод байгаа билээ.
56 кг
51 ширэн бээлийтэн хүч үзэх энэ жинд монголчууд ихээхэн найдвар тавьж буй. Энэ жинд манай залуу гавъяат Н.Төгсцогт чансаагаар тавд эрэмбэлэгдэн дэд хэсгийг толгойлжээ. Энд тэмдэглэхэд, тэмцээний өмнө АИБА-гаас гаргасан чансаа зарим тамирчдын жингийн шилжилт эсвэл энэ тэмцээнд оролцоогүй зэргээс шалтгаалан өмнөхөөсөө нэлээд өөрчлөгдсөн. Н.Төгсцогтын хэсэгт Лондоны олимпод аваргын төлөө тулалдсан Кубын боксчин Карразана Робейси байгаа. Манай тамирчинд даагаа нэхэх сайхан боломж байна гэсэн үг.
Н.Төгсцогт нэгийн даваанд хийлж, улмаар Азербайжан Тажикстаны тамирчдын хэн ялсантай, тэгээд Венесуел, Уэлс, Кенийн боксчдоос ялж гарч ирсэнтэй нь тулалдана. Хүрэл медалийн төлөө Энэтхэг, Филиппин, Аргентин, БНАСАУ-ын тамирчдаас шигшигдэн гарч ирсэнтэй нь хүч үзэх юм. Тэгэхээр манай хүнд мөнгөн медаль хүртэл бас ч гайгүй өрсөлдөгчид таарчээ. Н.Төгсцогт маань энэ сарын 19-нд рингэн дээр гарч эхлэх юм.
60 кг
46 боксчин аваргын төлөө өрсөлдөх энэ жинд манай улсын өөр нэг найдвар Ж.Отгондалай хүч үзнэ. Тэрээр нэгийн даваанд Кенийн боксчинтой, удаах даваанд өмнө нь хоёр удаа ялж байсан Бразилийн боксчин Консесайо Робсонг давамгайлж чадвал ОХУ-ын аварга Дмитрий Полянский, Украины залуу боксчин Дмитрий Чермак нарын хэн ялсантай халуухан тулаан хийх ажээ.
Эдгээр даваануудыг ардаа хийвэл Ж.Отгондалай хүрэл медалийн төлөө Унгар, Шотланд, Литв, Энэтхэг, Киргизстан, Польшийн тамирчдаас шалгарсантай нь үзэлцэж медаль зүүх эсэхээ шийднэ.
Энэ хэсгийг дэлхийн алт, мөнгө, хүрэл медальт Италийн Валентино Доминико тэргүүлж байгаа ба Белорусийн шаггүй боксчин Вазген Сафарянц ч бас бий. Манай боксчин энэ хоёрын аль нэгтэй хагас шигшээд өрсөлдөх магадлал өндөр. Харин нөгөө хэсэгт өмнөх ДАШТ-ий аварга, Лондоны олимпийн хүрэл медальт Кубын Алварези Лазаро болон Тажикистан, Казахстан, Узбекистан, Тайландын шилдэг боксчид хүч үзэх юм. Гэхдээ бас битүү боксчид байхыг үгүйсгэж болохгүй.
60 кг бол монголчуудын хамгийн их амжилт үзүүлсэн жин бөгөөд манай Ж.Отгондалай ямар ч медалийн тавцанд зогсч чадах хэмжээний тамирчин билээ.
64 кг
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 55 боксчин хүч үзэх энэ жинд чансаагаараа хоёрт бичигдэж хэсгийг толгойлжээ. Өөрөөр хэлбэл аваргын төлөөх тулаан хүртэл өөрөөсөө доогуур эрэмбэлэгдсэн боксчидтой үзэлцэнэ гэсэн үг. Тэрээр нэгийн даваанд гоц мөргөж, дараа нь Туркменистан, Хятадын боксчдын хэн ялсантай нь, улмаар Израиль, Украин, Венесуел, Болгарын боксчдын хэн ялж гарч ирсэнтэй тулалдана. Хүрэл медалийн төлөө Алжир, Армян, Белорус, Узбекистан, Филиппин, Азербайжаны боксчдоос шалгарсантай нь тулалдан дэлхийн аваргын хос медальтан болох эсэхээ шийднэ. Манай боксчинд ур чадвар, туршлага, нэр хүнд аль аль нь бий.
Хагас шигшээд мөнгөн медалийн төлөө түүнтэй өрсөлдөхөөр Оросын Закарян, Энэтхэгийн Манож Кумар, Кубын Лопез Ясниер нарын аль нэг нь гарч ирэх болов уу. Харин аваргын төлөөх тулаанд буюу нөгөө хэсгээс Бакугийн дэлхийн аварга энэ жиндээ нэгдүгээрт бичигдэж байгаа Бразилийн боксчин Лопес Эвертон, Казахстаны Мерей Акшалов нарын хэн нэг нь гарч ирэх илүү магадлалтай.
69 кг
ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогтоо БНХАУ-ын Мехмед Турсунтай учраа таарсан. Манай тамирчин Мехмед Турсунтай өмнө нь 2012 онд Астанад болсон олимпийн өмнөх сорилго тэмцээний шигшээд, 2011 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд ялагдаж байсан. Энэ удаа даагаа нэхэх сайхан боломж тохиож байна. Б.Түвшинбат хүчтэй, туршлагатай тамирчин. Тэрээр эхний учраагаа давбал ОХУ-ын Александр Беспутинтай, улмаар Туркменистан, Танзани, Энэтхэгийн боксчдын хэн илүүрхсэнтэй өрсөлдөх юм. Барвал медалийн төлөө Венесуэл, Унгар, Тайланд, Хорват, Польшийн боксчдын аль нэгтэй үзэлцэнэ. Энэ хэсэгт мөн Куба, Канад, Алжир, Мексикийн шаггүй тамирчид ч бий.
Харин нөгөө хэсэгт олимпийн мөнгөн медальт Уэлсийн Эванс Фреддигээр толгойлуулсан Казахстан, Бразил, Италийн хүчтэй боксчид финалд шалгарахын төлөө тулалдана.
Манай боксчдоос хамгийн хатуу сугалаа Б.Түвшинбатад таарсан болов уу. Гэхдээ манай боксчин Д.Банди багшийнхаа хамтаар олимп, дэлхийн аварга Серик Сапиевыг хүнд цохилтоор сөхрүүлж явсан цорын ганц тамирчин бөгөөд Азийн аваргын мөнгө, хүрэл медальтай, оюутны дэлхийн аварга гээд дэлхийд данстай тулаанч болохоор юунаас бэргэх билээ. Түвшээг дэлхийн аваргын хамгийн өндөр шагналын тавцанд зогсч байхад улс улсын боксын мэргэжилтнүүдийн хэн ч гайхахгүй.
75 кг
48 боксчин аваргын төлөө нудралцах энэ жинд Н.Шинэбаяр нэгийн даваанд Израилийн тамирчинг хөнгөхөн дөнгөчих болов уу гэж найдна. Тэгвэл хоёрын даваанд Польшийн боксчинтой , гурвын даваанд Румыны Журатон Богдан гэдэг хатуу самартай тулалдана. Энэ нөхрийг буулган авбал Казакстан, Итали, Азербайджаны шилдгүүдийн аль нэгтэй медалийн төлөө тулах юм. Түүний хэсэгт түүнчлэн Украин. Куба, Германы хүчтэнүүд бий. Эсрэг хэсэгт олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Бразилийн боксчин Флорентино Искуэва , ОХУ-ын Чеботарев, Ирланд, Унгар, Арменийн боксчдын дунд гол тулаанууд өрнөнө.
81 кг
Манай С.Эрдэнэбаяр эхний даваанд АНУ-ын боксчин Торрес Геремиас, хоёрт Узбекистаны боксчин, энэ жингийн чансаагаар дөрөвт бичигдэж байгаа Орзубек Мамазулиновтай тус тус тулаад барвал шөвгийн наймд үлдэхийн төлөө Латвийн тамирчинтай өрсөлдөнө. С.Эрдэнэбаяр бол манай хүнд жингийн боксчдоос хамгийн өндөр амжилт үзүүлж 2009 оны Миланы ДАШТ-д хоёр давж, шөвгийн наймд олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Францын боксчинтой эн тэнцүүхэн тулалдаж маш цөөхөн оноогоор ялагдаж байсан туршлагатай тамирчин юм. Энэ тэмцээнээс бас л их юм хүлээж байгаа ахмад боксчдын нэг. Медальд хүрэхийн тулд энэ учраануудаа даваад Голланд, Туркменистан, Киргизстан, Шотландын тамирчдын шалгарсныг нь ялах хэрэгтэй. Эдний хэсэгт Лондоны олимпийн мөнгөн медальт Казахстаны Адилбек Ниазимбетов, Белорус, Молдавын хүчтэй боксчид орсон байна. Харин нөгөө хэсэгт дэлхийн аварга Кубын боксчин Пераза Жулио тэргүүтэй Ирланд, Хорват, Алжирийн хүчтэнүүд бий. Энэ жинд 40 боксчин рингэнд гарах юм.