Б.ТҮШИГ
Польшийн нийслэл Варшавт болж өндөрлөсөн Европын цомын эмэгтэйчүүдийн жүдогийн нээлттэй тэмцээнд 34 орны 145 тамирчин оролцсоноос манай улсын найман бөх таван жинд хүч үзсэн юм.
52 кг-ын жинд А.Цолмон Чехийн Е.Герасименко, Мексикийн Л.Олвера, Польшийн А.Перенц, Украины О.Старковаг тус тус хожин аваргалжээ. Мөн жинд барилдсан М.Бундмаа Нидерландын М.Волфслагийг даваад хэсгийн аваргын төлөө дэвжээний эзэн П.Пьенсковскад хожигдсон ч, Румыний Л.Флориан, Польшийн А.Перенцийг нарыг буулган авч хүрэл медалийн тавцан дээр зогссон байна.
63 кг-д Б.Мөнгөнчимэг Словакийн Л.Комлосиова, Ц.Цэрэннадмид, Нидерландын Ж.Вичерс, Испанийн И.Пуче нарыг тус тус даван түрүүлсэн юм. Б.Мөнгөнчимэг аваргалсныхаа дараа товч ярилцлага өгөхдөө, “Би мөрөндөө гэмтэл авч нэг жил барилдалгүй өнжсөн юм. Дахин дэвжээн дээр гарч дөрөв дэх тэмцээндээ оролцоод түрүүлсэндээ сэтгэл хангалуун байна. Би одоо 21 настай. Иймд Токиогийн 2020 оны олимпоор миний үе ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Ц.Цэрэннадмид Английн А.Ливсигийг даваад Б.Мөнгөнчимэгт хожигдсоныхоо дараа Мексикийн А.Гутьеррез, Унгарын Ф.Сабо нарыг ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм.
70 кг-ын жинд Ц.Наранжаргал Германы Ж.Вернер, Казахстаны Ж.Кашкин, ОХУ-ын В.Мальцева нарыг хожин аваргын төлөө барилдаанд Польшийн К.Клист хожигдон мөнгөн медаль хүртжээ.
-78 кг-ын жинд М.Ууганжаргал Украины А.Турчинад, П.Лхамдэгд Польшийн Б.Пакутад, +78 кг-д О.Жавзмаа Украины Е.Каланинад тус тус хожигдсон байна.
Багийн дүнгээр дэвжээний эзэн Польшийн баг гурван алт, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн манай улсын баг удаалсан юм.
Эх сурвалж: www.polit.mn