Ч.ОЛДОХ
Үндэсний хувцас үйлдвэрлэж, сүүлийн үеийн загварын чиг хандлагад нийцүүлэн шинэчилж, монголдоо төдийгүй дэлхийд сурталчилж ирсэн “Ур Ундрах” компани 10 жилийн ойгоо тэмдэглэлээ. Тэд баяраа “Бурхан хувцас” загварын шоу, урлаг соёлын цэнгүүн болгон зохион байгуулсан юм. Үндэсний хувцас нарийн дэг ёс, утга билэгдлийг агуулж байдгаараа онцлог. Тэгвэл тус компанийн үйлчин бүсгүйчүүд тэр бүхнийг нарийн шингээж урладагаараа хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрчээ. Компани нь ч хүрээгээ тэлж, өнөөдөр дээл, малгай, бүс, гутал, жижиг хэрэглэл зэрэг үндэсний хувцсаа иж бүрнээр үйлдвэрлэх үүд хаалгыг нээсэн байна. “Ур Ундрах” компаниар бөхчүүд, урлаг соёлын одод, тэр дотроо уртын дуучид, яруу найрагчид, үндэсний хувцсыг эрхэмлэдэг эрмүүд өргөнөөр үйлчлүүлдэг. Сүүлийн жилүүдэд зөвхөн урлаг соёлынхон гэлтгүй монголчууд нийтээрээ үндэсний хувцсаа өргөнөөр өмсөх болж тус компани ч энэ чиглэлд арван жилийн нөр хөдөлмөрөө зориулж тэрхүү үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн юм. Тиймээс тэдний ойн баяр, “Бурхан хувцас” шоу үзүүлбэр нэг ёсондоо торгоны наадам гэмээр зочид олонтой, шинэлэг бөгөөд өвөрмөц загвараар олны нүдийг хужирлаж байлаа. Торгон дээр сувс болон сувдаар үндэсний хээ шаглаж, суусар, халиу, булганы арьсаар эмжсэн дээл хантааз, хүрэмний эрэгтэй, эмэгтэй хослолууд үзүүлбэрийг чимсэн. Мөн Эзэнт гүрний үеийн ташуу энгэр, нарийн хацуй, өндөр оноотой дээлнээс сэдэвлэсэн өдөр тутмын энгийн болон гоёлын загварын эмэгтэй дээл, нөмрөг охид, бүсгүйчүүдийн сонирхлыг татсан. Хутагт, хувилгаадын малгайнаас санаа авч мөөрөлжин захтай дээлтэй хослуулсан хүрээтэй малгайн үзүүлбэр ч зочдыг багагүй шуугиулсан.
Тэнд сонирхуулсан загварын бүх үзүүлбэрт дээл, малгай, бүс, гутал гээд өнгө дагуу хослуулсан нь чамин харагдаж байлаа. Түүнээс гадна ирсэн зочдын олонхи нь үндэсний дээлээр гоёж ирсэн нь олны нүдэнд содон тусч, хэвлэлийнхний анхаарлыг татаж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрт нь сайхан зохисон ногоон кашимер дээлтэй ирсэн. Тэрхүү дээлийг гурван жилийн өмнө “Ур Ундрах” компанийн захирал А.Алтантуяа урласан бөгөөд ямар ч хэмжээ аваагүй атлаа яг тааруулсныг тэрээр онцлоод түүнээс хойш байнга үйлчлүүлдэг болсноо дурсч байв. Брэндээр биш дээлээр гоёх дуртай УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ чуулганы хуралдаанд байсхийгээд өөрт нь сайхан таарсан, бас зохисон дээл өмссөн харагддаг нь тус компанийн үйлчин бүсгүйчүүдийн гарын ур шингэсэн бүтээлүүд гэнэ. Мөн энэ үдэш Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл гэр бүлийн хамт ойн баярт ирсэн нь үндэснийхээ соёл, зан заншил, төрт ёсны билэгдэл болсон үндэсний хувцас, түүнийг урлан бүтээгчдийг ихээхэн хүндэтгэдэгийн илрэл байв. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас үндэсний үйлдвэрлэлийн салбарт амжилттай яваа тус хамт олонд талархал дэвшүүлж амжилт хүссэн нь төрөөс тэдний гавьяа зүтгэлийг үнэлж байдгийн нэг жишээ байлаа. “Ур Ундрах” компанийн захирал А.Алтантуяа ойн баяраараа арав гаруй жилийн өмнө ганцаараа энэ чиглэлд зориглон бизнес эхлүүлж байснаа дурсаад өдгөө хорь гаруй хүнтэй хамт олон болсноо ярьж цаашид үйлдвэрлэлээ улам өргөжүүлэхээ амласан. Тэгвэл түүнд баяр хүргэхээр ирсэн МЗЭ-ийн дарга Ц.Буянзаяа, гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг нар жил болгоны “Болор цом”-ын тэргүүн найрагчийг дээлээр мялаадагт нь зохиолч нөхдийнхөө өмнөөс талархал дэвшүүлж байв. Нэг үдшийг ийнхүү үндэсний хувцасны уламжлал, хувьсал өөрчлөлт, шинэчлэл, орчин үеийн загварын чиг хандлагын тухай мэдлэгээр “бүүвэйлсэн” “Бурхан хувцас” загварын шоу, “Ур Ундрах” компанийн 10 жилийн ойн баяр монголчуудын түүх, тэр дотроо үндэсний хувцасны түүхэнд нэгэн шинэ хуудас нэмлээ. Тус компанийн удирдлага, ирсэн зочдын сэтгэгдлийг сонирхсоноо хүргэе.
А.Алтантуяа: ЦААШИД ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛНЭ
-Миний хайрлаж, хүндэтгэдэг бүхэн өнөөдөр цуглаж, бидний баярыг хуваалцлаа. Манай хамт олны урласан хувцсыг сонирхож “Бурхан хувцас” загварын үзүүлбэрт саатан морилсон бүх зочиддоо талархаж байна. Цаашид компаниа улам хөгжүүлж, зах зээлээ өргөжүүлж, чанартай бүтээгдэхүүнээр ард түмэндээ үйлчлэх болно. Бид мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал гэж монголчуудынхаа эрхэмлэн ярьдаг, хүндэлж дээдэлдэг үндэсний хувцсаа иж бүрнээр нь үйлдвэрлэж олон түмэндээ хүргэж байна. Хүртээмжтэй, чанартай, уламжлал шинэчлэлийг хослуулсан өнгө үзэмж сайтай байхад анхаарна. Надад, бидэнд тусалж дэмжиж байдаг бүх хүн, байгууллага, хамт олон, найз нөхөддөө баярласнаа илэрхийлье. Монголынхоо ард түмнээс “Үндэснийхээ хувцсыг өдөр тутам өмсөөрэй” гэж хүсье.
Б.Бат-Эрдэнэ: ДЭЭЛЭЭ ӨМСЧ, ТӨРТ ЁСОО ДЭЭДЭЛЖ ЯВААРАЙ
-Монголчууд үндэсний хувцсандаа түүх соёл, зан заншил, төрт ёсны уламжлалаа шингээн урлаж, түүнийгээ өмсч эдэлж “Бүтэх төрийн бүс, мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл” хэмээн дээдлэн хүндэтгэж ирсэн. Энэ уламжлалыг А.Алтантуяа захиралтай “Ур ундрах” компани орчин цагт үргэлжлүүлэн авч яваад бид бүхэн, монгол хүн болгон талархан дэмжиж байдаг. Энэ компанийн хамт олон үндэсний хувцсаа монгол түмэн, залуу үедээ сурталчлаад зогсохгүй олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож дэлхийн бахархал болгож яваа нь тун бахархууштай. Хойч үеийнхэнд үндэсний хувцсаа өөрсдийн соёл, зан заншлыг шингээн хэрхэн оёх, урлах талаар зааж сургаж, өвлүүлж байгаа нь сайхан юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө энэ компаниар найз нөхөд маань миний дээлийг захиалж оёулсан байсан. Хэмжээ аваагүй атлаа миний дээлийг яг тааруулж оёсон нь биед их эвтэйхэн сайхан болсон, би одоо ч өмсдөг. Тухайн үед Д.Долгорсүрэн зааны дээлээр баримжаалж, намайг тэр хэмжээнд өмсөх болов уу гэж бодож миний дээлийг эсгэж оёсон гэсэн. Сайхан дээл болсон учраас би сүүлд дээл хийлгэхдээ найз нөхдөөсөө хаана хийлгэснийг асууж байгаад захиалга өгч байлаа. Өнөөдөр “Ур ундрах” компани үндэсний хувцсыг зөвхөн ганц дээл бус малгай, бүс, гутлын хамт цогцоор нь хийдэг болжээ. Үндэсний хувцсыг урладаг ёс дэгийнх нь дагуу бүтээж буй энэ хамт олонд баяр хүргэе.
З.Баянсэлэнгэ: БИ БРЭНДЭЭР БИШ ДЭЭЛЭЭР ГОЁДОГ
-Үндэсний бахархал болсон монгол дээл, уламжлалт хувцсыг иж бүрнээр нь үйлдвэрлэж яваа “Ур Ундрах” компанийн 10 жилийн ойн баярт оролцож, монгол зан заншил, түүх соёлоороо амьсгалсан энэ оройг та бүхэнтэй хамт тэмдэглэж байгаадаа баяртай байна. Түүх соёлоороо, үндэснийхээ зан заншил, уламжлалаар бахархана гэдэг хамгаас эрхэм сайхан юм. Анх би сонины зар харж байгаад охиндоо Цагаан сарын дээл захиалж байлаа, “Ур ундрах” компанид. Сүүлд өөртөө захиалж, өнөөдөр найм дахь дээлээ уран гартай хамт олноор бүтээлгэж авлаа. Анхны дээл бол УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө өмссөн саарал дээл юм. Би дээл өмсөх дуртай, чуулганы хуралдаанд дээлээ өмсөөд суух сайхан байдаг. Хүмүүс надаас асуудаг юм, яагаад их төлөв дээл өмсдөг юм бэ гэж. Би брэндээр биш дээлээр гоёх дуртай. Дээл үндэсний маань зан заншлыг харуулаад зогсохгүй төрт ёсны маань эрхэм бэлгэдэл. Тийм болохоор хүн болгон өмсч байгаасай, аливаа баяр ёслол, найр наадамд дээлээ өмсч хэвшээсэй гэж захья.