Н.БАТМӨНХ

Ө.Эрдэнэ-Очир Төв аймгийн Баянзүрх сумын наймдугаар багийн нутаг Төрхурахын ам гэдэг газар 1936 оны гал хулгана жил айлын хоёр дахь хүү болон төржээ. Ө.Эрдэнэ-Очир эхээс нэг ах, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй өнөр олуул юм. Ө.Эрдэнэ-Очирын аав, ээж нь Сэцэн хан аймгийн алдарт То вангийн нутаг Цагаан ууланд төрсөн бөгөөд 1929 онд Төв аймгийн Баянзүрх суманд шилжин ирж суурьшжээ. Ө.Эрдэнэ-Очир олон үе дамжсан өөрийн  зургаа дахь үеийн удамт бөх юм. Түүний өндөр өвөг дээд үе болох Бат-Очир 1836 оны тусгай даншиг наадмын заан, Хас-Очир 1848 оны даншиг наадамд үзүүрлэж арслан цол, Саманд 1850 оны даншигийн заан Дашдоной 1881 оны даншигийн арслан, Хас 1903 оны тусгай даншигийн арслан, түүний аав Өлзийсайхан нь 1941 оны улсын баяр наадамд үзүүрлэж арслан цол авч байсан халхын үе дамжсан хүчтэнгүүд юм. Ө.Эрдэнэ-Очир хар багаасаа бөхийг сонирхож барилдах болж  1951 оны Баянзүрх сумын багийн наадамд наадамчин олны шахалтаар барилдаж түрүүлж шагналд цай, дүнсэн тамхи, чихэр төгрөгөөр байлуулж урамшсаар түүнээс хойш нийслэл хотын спортын танхим, клубуудын барилдаанд байнга оролцох болсон байна. Ө.Эрдэнэ-Очир анх удаа 1955 оны улсын баяр наадамд зодоглож нэгийн даваанд Дорнод аймгийн бөх Хаянхярваад унажээ. 1957 оноос дархан аварга Б.Түвдэндорж, багш Гомбо нарын бөхийн дугуйланд орж суралцжээ. Тэгээд 1957 онд 21 насандаа цэргийн албанд морджээ. Цэргийн албанд байхдаа улсын арслан Ц.Бадамсэрээжидээр бөхийн барилдааны арга техник заалгасан нь цаашдын барилдаанд амжилт гаргах эхлэл болжээ. 1957 оны улсын баяр наадамд тав давж 21 насандаа Монгол Улсын начин цол авчээ.

1961 оны Монгол бүх ард түмний анхдугаар спартикиадад “Алдар” нийгэмлэгээс шалгаран оролцож, аймаг нийгэмлэгүүдээс шалгарсан хүчит 28 бөх тойргийн журмаар барилдахад 25 давж гуравдугаар байр эзэлж улсын заан цол авчээ.  1962 онд зургаа давж үнэн хүчит чимэг.

1963 онд зургаа давж улам нэмэх чимэг.

1964 онд тав давж хурц шаламгай чимэг.

1965 онд тав давж бат хүчит чимэг.

1966 онд зургаа давж тун ч гарамгай хүчит чимэг.

1967 онд тав давж саруул сайжрах чимэг.

1968 онд долоо давж гарамгай хүчит чимэг.

1969 онд зургаа давж бат орших чимэг.

1970 онд долоо давж чин зоригт чимэг.

1972 онд зургаа давж үлэмж бадрах чимэг.

1973 онд зургаа давж хуурнин шуугигч чимэг.

1974 онд зургаа давж хичээнгүй нягт чимэг.

1976 оны Ардын хувьсгалын 55 жилийн ойн баяр наадамд долоо давж дөрөвт үлдэж он удаан жил тогтмол сайн барилдсан гэсэн үнэлгээгээр улсын арслан цол олгожээ.

1960, 1961, 1971, 1977, 1978, 1980, 1981 онуудын улсын баяр наадамд дөрөв давж улсын начин Д.Жамц, улсын заан Ж.Мөнхбат, залуу бөх Д.Лхагвасүрэн, Д.Лхагва-Очир, Д.Нэгдэл, аймгийн арслан Р.Лхагвасүрэн, цэргийн арслан Д.Батмөнх нарт,

1982, 1984, 1985 онуудын баяр наадамд гурав давж улсын арслан Л.Сосорбарам, улсын аварга Д.Хадбаатар, цэргийн арслан С.Ганзориг нарт,

1983, 1986, 1988, 1989, 1993 онуудын баяр наадамд хоёр давж аймгийн арслан А.Сугаа, улсын начин Р.Лхагвасүрэн, аймгийн арслан П.Сүхбат, Д.Адъяатөмөр, залуу бөх Б.Баянбаатар нарт,

1957, 1990, 1991 онуудад нэг давжээ. 1958, 1989 онд доогуур даваанд унажээ. 1992 оны баяр наадамд барилдаагүй. Үүнээс гадна 1963 оны Хэнтий аймгийн дөчин жилийн ойн баяр наадамд очиж барилдан Х.Баянмөнх аваргыг улсын начин цолтой байхад нь хаяж түрүүлжээ. Мөн Сар шинийн барилдаанд 1963, 1964, 1975 онуудад их шөвөгт үлдэж байв. Ө.Эрдэнэ-Очир арслан үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 1960 онд 23 бөхөөс нэг ч уналгүй түрүүлж, 1962 онд нэг унаж түрүүлж оны аварга бөх болж байв. Мөн 1964 онд хоёр, 1965 онд гуравдугаар байр эзэлж байсан боловч энэ барилдаануудад амжилттай барилдсан бөхчүүдэд улсын цол чимэг олгоогүй юм. Үүнээс гадна тэрээр чөлөөт бөхөөр хичээллэж 1958, 1959, 1960 оны ардын армийн аварга бөхөөр шалгарч улмаар улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг анхлан байгуулалцсан тамирчны нэг юм. Ө.Эрдэнэ-Очир арслан бөхийн чөлөөт барилдаанаар тивийн аваргаас гадна 1966, 1969 онд Америк, Аргентин улсад болсон дэлхийнх аварга шалгаруулах тэмцээнд оролцож тус бүр дөрөвдүгээр байр, 1964, 1968 оны Токио, Мехикогийн олимпод оролцож шагналт 5-7 дугаар байрт гурван удаа орж байв. Мөн ах, дүү армиудын тэмцээний хүрэл медальтай. Бас бөхийн чөлөөт барилдааны манай улсын хүнд жингийн шилдэг бөх бөгөөд энэ спортоор гаргасан амжилтыг нь үнэлж 1968 онд спортын гавьяат мастер цолоор шагнажээ.

Эхнэр Хорлоожавтайгаа 1962 онд гэр бүл болсноос хойш долоон хүүхэдтэй өнөр өтгөн айлын аав, ээж болсон юм. Ө.Эрдэнэ-Очир арслан бол ер бусын бяртай бөх төдийгүй тун чиг гүндүүгүй, илүү дутуу зангүй, хор шар атаа жөтөөгүй, тун ч сайхан сэтгэлтэй, энгийн дөлгөөн зан авиртай жинхэнэ эр хүн. Арслан маань биеэр том, хүнд жинтэй, тухайн үедээ хамгийн их хүч тэнхээтэй гэгддэг бөх байлаа. Түүнтэй барилдах бөхчүүд тун тайван дөлгөөн барилдахыг хичээдэг байв. Арслангийн гол мэх нь солгой барьцнаас тонгорох, далавчлан гуядах мэхтэй, ер нь хүнтэй удаан барилддаггүй, хөдөлгөөн дундаа хийтэй, хэнтэй, хэрхэн барилдах нарийн боловсруулсан арга барил тооцоо муухантай бөх байв. Тэрээр дэгээ ороосон хүнд огт унадаггүй, хаяж салдаг байлаа. Ө.Эрдэнэ-Очир арслангийн улс эх орон, тив дэлхийд гаргасан амжилтыг нь тухайн үеийн төр, засгаас үнэлж гавьяат цолноос гадна, хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ.