Х.ЦОЛМОНЗАЯА

Хурдан морины “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг хаврын тэргүүн сарын 21-нд буюу хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэхүү шийдвэр гарахаас хэд хоногийн өмнө Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат Төв аймгийн нутагт хурдан морины уралдаан, сунгаа явуулахыг хориглосон захирамж гаргаад байсан юм. Тэгвэл ирэх ням гаригт Дүнжингарав уралдаан болох эсэхийг бид тодрууллаа.

http://www.olloo.mn/upload/news/large/olloo_mn_1424494814_63286.jpg

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат:

-Дүнжингарав хурдан морины уралдааныг хоёрдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулахыг зөвшөөрсөн захирамжийг би саяхан гаргалаа. Өмнө нь хориглосон захирамж гаргасан нь үнэн. Гэвч нэгдүгээрт Засгийн газрын шийдвэр, миний захирамжийг үгүйсгэх бүрэн эрхтэй. Нөгөөтэйгүүр манай аймагт хурдан морь уяач олон бий. Тэд намраас хойш морьдоо хаврын уралдаанд оруулах гэж  олон сарын хөдөлмөрөө зориулан хүлээж байгааг хүндэтгэн үзсэн. Гэхдээ зүгээр ч шууд шийдсэнгүй. Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/, Хүүхдийн төлөө үндэсний газрын төлөөлөгчдийг байлцуулан гурван талт уулзалт хийсэн. Унаач хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг ММСУХ-ныхон хүлээж байгаа. Хүүхдүүдийг хамгаалалтын малгай, хувцастай уралдуулах, тэднийг болзошгүй аюул, ослоос сэргийлэхэд онцгой анхаарахаар тохиролцсон гэлээ.

Ийн  “Дүнжингарав” төвийн бүсийн хурдан морины уралдаан товлосон цагтаа болж, уяадын магнай тэнийх нь. Моринд дургүй  монгол хүн нэгээхэн ч үгүй боловч хаврын хатууд унаач хүүхдүүд ихэд зүдэрч, зарим нь мориноосоо унаж бэртэх нь бий. Тиймээс л хаврын морин уралдааныг хориглооч гэж олон нийт шаардаад байгаа юм.  Энэ жилийн хувьд хаврын уралдаан урьдын адил болдгоороо болох нь. Харин дараа дараагийн жилүүдэд эртнээс ярилцаж шийдэхийг сануулахад илүүдэхгүй биз.

Эх сурвалж: www.polit.mn