Б.ТҮШИГ

УЕФА-гийн Аваргуудын лигийн хасагдах шатны шилдэг найман хосын эхний тоглолтуудын сүүлийн хоёр нь болж өндөрлөлөө.

Динамо”-“Манчестер Сити”-1:3 (0:2)

Киев. "Олимпийский" цэнгэлдэх хүрээлэн.

Гоолууд: Агуэро, 15 (0:1). Силва, 40 (0:2). Буяльский, 59 (1:2). Туре, 90 (1:3).

"Динамо" (Украин): Шовковский, Силва (Макаренко, 66), Хачериди, Драгович, Вида, Рыбалка, Буяльский, Гармаш (Мигел Велозу, 31), Ярмоленко, Теодорчик (Мораес, 46), Гонсалес.

"Манчестер Сити" (Англи): Харт, Санья, Компани, Отаменди, Клиши, Силва, Фернандинью, Фернанду Режес, Туре, Стерлинг, Агуэро (Ихеаначо, 90+1).

Энэ тоглолтын эхний 15 минутад “Динамо” маш түрэмгий довтолж алдартай зочин багийн хаалганд хоёр ч удаа аюултай цохилт хийж дөнгөсөн. Цэнгэлдэх хүрээлэнг дүүргэсэн үзэгчид ч хайртай багийнхаа давуу байдалд хөөрч байв. Гэвч “Манчестер Сити” ганцхан оновчтой сөрөг довтолгоогоор ямар баг гэдгээ сануулсан даа. Кот-Д-Ивуарын легионер Яя Турегийн дамжуулалтын дараа Агуэрогийн оновчтой цохилтыг 41 настай хаалгач Шкловский хаах ямар ч боломж байсангүй.

Үүний дараа эзэн багийн идэвхи мэдэгдэхүйц саарч, тоглолтын санаачлага аажмаар “Манчестер Сити”-д шилжсэн юм. Ингээд, эхний үе дуусахаас өмнөхөн Давид Силва тооны харьцааг 0:2 болгов.

Гэвч хоёрдугаар үед талбайн эзэд дахин довтолж, Ярмоленкогийн идэвхээр гоол хийх хэд хэдэн боломж гаргасан юм. Эцэст нь Буяльскийн цохилтын дараа бөмбөг Отамендиг онон чиглэлээ өөрчилж Хартын хаалганд орсон. Гэхдээ “Манчестер Сити” Киевийн багт тооны харьцааг тэнцүүлэх боломж олгоогүй. Харин ч тоглолтын эцэст гандан бууршгүй Туре гоолдож, дараагийн шатанд шалгарах “Динамо”-гийн боломжийг үндсэндээ тэглэчихсэн.

“ПСВ”-“Атлетико”-0:0.

Эйндховен. “ПСВ” цэнгэлдэх хүрээлэн.

“ПСВ”(Холланд): Зоэт, Морено, Ариас, Брума, Пруппер, Перейро(шар хуудас-54, улаан хуудас-68), Нарсингх (Исимат-Мирин, 65), Виллемс, Гуардадо (Хендрикс, 75), Локадиа (Лестьенн, 86), Ван Гинкел.

“Атлетико”(Испани): Облак, Годин, Филипе Луис, Коке, Гризманн, Оливер Торрес, Габи, Савич, Саул Нигез (Корреа, 74), Хуанфран, Вьетто (Торрес, 61).

Нэг ч гоол ороогүй энэ тоглолт сонирхолгүй болсон гэж хэлэх хүн гарахгүй. Шилдэг довтлогч Луук Де Йонгийн эзгүйд талбайн эзэд тоглолтын эхнээс л санаачилгыг “Атлетико”-д алдсан. Эхний үед Мадридын баг гоол хийх гурван сайхан боломжийг алдсан. Вьетто хаалгач Зоэтийг давуулж өшиглөсний дараа хаалганд орж явсан бөмбөгийг Брума зайлуулж чадсан юм.

Хоёрдугаар үед Перейро улаан хуудас аван хөөгдөж “ПСВ” арвуулаа үлдсэн. Тэртээ тэргүй талбайд үнэмлэхүй ноёлж байсан “Атлетико”-гийн хожих магадлал ч нэмэгдсэн нь мэдээж. Гэвч “ПСВ”-гийн хамгаалалтын шугам үнэхээр сайн байсны дээр хаалгач Зоэт багаа хэд хэдэн удаа аварснаар тоглолт тэнцээгээр өндөрлөсөн.

Аваргуудын лигийн хасагдах шатны өмнө нь болсон тоглолтуудын дүнг сонирхуулъя:

“ПСЖ” (Франц)-“Челси”(Англи)-2:1.

“Бенфика” (Португал)-“Зенит” (ОХУ)-1:0.

“Гент” (Бельги)-“Волфсбург” (Герман)-2:3.

“Арсенал” (Англи)-“Барселон” (Испани)-0:2.

“Ювентус” (Итали)-“Байерн” (Герман)-2:2.

Эх сурвалж: www.polit.mn