Х.ЦОЛМОНЗАЯА
Монгол Улс Өвлийн олимпын аваргатай болж, өргөн олноороо омогшиж бахархсан өдрүүд үргэлжилж байна. Тэгвэл Норвегийн Лиллехаммер хотноо энэ сарын 12-21-ний өдрүүдэд болсон Залуучуудын өвлийн II олимпод эх орноо төлөөлсөн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Энэ үеэр Өвлийн олимпын аварга ОУХМ Б.Сумъяа болон түүний дасгалжуулагч Б.Энхбаяр нарыг Монголын олимпын хорооны удирдлагууд хүлээж авч, баяр хүргэсэн юм. Олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Б.Сумъяад алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай идээ барьсан юм. Тэрээр “Олимпоос медаль авна гэдэг бол ОУ-ын болон Монголын олимпын хөдөлгөөнд оруулж байгаа том хувь нэмэр. Мөн олон залуусыг тэшүүрийн спорт руу татан оруулж байгаа сайхан явдал боллоо. Цаашид тэшүүрийн спорт улам хөгжинө гэж бэлэгшээж байгаа. Манай олимпын хорооны хамгийн том зорилго, чухал шаардлагатай зүйл бол битүү дээвэртэй өвлийн спортын ордон. Б.Сумъяа маань булган сүүлтэй байх болтугай” гэлээ. Б.Сумъяагийн аав Г.Буянтогтохын сэтгэгдлийг сонсоход “Б.Сумъяа есөн настай байхдаа улсын аваргын тэмцээнд оролцохоор хотод ирсэн юм. Уралдаад ирсэн чинь танихгүй хүн ирж өвдгийг нь барьж үзээд “Бяртай, мундаг охин байна” гэхэд нь эцэг хүний хувьд охиноо харамлаж дургүй байсан. Тэгээд явсных нь дараа хүнээс асуухад гавъяат тамирчин Цэнд гэдгийг нь сонссон. Дараа жил нь тэмцээнд ирэхэд Цэнд багш хүрч ирээд “Сумъяа бярдах гэж ирэв үү” гээд надад зориулж “Аварга аваргаараа төрдөг юм. Аятайхан бэлтгэчихвэл дэлхийн энтэй тамирчих болно. Багшдаа өгчихвөл мундаг тамирчин болгоно” гэхээр нь би юу ч бодолгүй ав ав гэсэн. Манай охин тэвчээртэй. Ээж нь тэшүүр цанын спортыг сонирхдог байсан учраас охиноо таван настайгаас нь дагуулаад гулгадаг байсан. Охиноо чадах хэмжээгээр л дэмждэг. Хамгийн гол нь зөв хүн болоосой гэж хүсдэг. Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станц зардал мөнгөнийн тусламж үзүүлсэн. Охиныхоо ирээдүйд гаргах амжилтад найдлага тавихаасаа илүү Монголын нэр төрийг өндөр өргөж, ард түмнийнхээ хайр хүндэтгэлийг дааж яваасай гэж боддог. Олимпод явахад нь Буянтогтохын биш Монголын охин шүү гэж хэлээд явуулсан” гэлээ.
Б.Сумъяа “Өвлийн спортын олимпийн анхны аварга болж түүхэнд бичигдсэндээ баяртай байна. Анх зургаан настай байхдаа тэшүүрийг сонирхож гулгаж үзэж байсан. Харин тамирчин болно гэж бодоогүй. Хичээлээ тараад орой ээжтэйгээ хамт сонирхолоороо гулгадаг байсан. Манай гэр бүл спортод их дуртай. Аав ээж спортоор хичээллэдэг байсан нь намайг спортын хүн болоход нөлөөлсөн гэж боддог. Бэлтгэлээ Солонгос улсад хийсэн эх орондоо бэлтгэл хийх боломж хязгаарлагдмал байдаг болохоор хийж чадаагүй. Мөсөн ордонтой болбол монголын минь ирээдүй болж яваа бүх тамирчинд боломж нээгдэнэ. Хүсэл зорилго мөрөөдөл нэгтэй үеийнхэндээ тууштай шантралгүй хичээллэж бэлтгэлээ сайн хийгээрэй гэж хэлмээр байна” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn