Б.ТҮШИГ

УЕФА-гийн Аваргуудын лигийн хасагдах шатны шилдэг 16 багийн халз тулаанууд үргэлжилж байна. Өчигдөр Лондонд “Арсенал” “Барселон”-той, Туринд “Ювентус” “Байерн”-тэй тоглолоо.

“Арсенал” – “Барселон” – 0:2 (0:0)

Лондон.”Эмиратс” цэнгэлдэх хүрээлэн.

Гоолууд: Месси, 71 (0:1). Месси, 83 – торгуулийн цохилт (0:2).

"Арсенал" (Англи): Чех, Бельерин, Мертесакер, Косьелни, Монреал, Кокелен (Фламини, 82), Рэмси, Окслэйд-Чемберлен (Волкотт, 50), Езил, Алексис Санчес, Жиру (Вэлбек, 72).

"Барселон" (Испани): Тер Штеген, Дани Алвес, Пике, Маскерано, Жорди Алба, Бускетс, Ракитич, Иньеста, Месси, Суарес, Неймар.

 arsenal barsa

“Арсенал”-ын дасгалжуулагч Арсен Венгер Каталоны хүчирхэг багийн эсрэг юуны түрүүнд хамгаалалтаа зузаатган өрсөлдөгчдөө бөмбөгийг тайван эзэмших боломж өгөлгүй шахаж, сөрөг довтолгоо хийх тактик баримталсан нь тоглолтын эхнээс тодорхой байлаа. Эхэндээ ч энэ тактик үр дүнгээ өгсөн. Хэд хэдэн аюултай сөрөг довтолгоо хийж гоол оруулахад ч ойрхон байсан юм.

Нэгдүгээр үеийн төгсгөл рүү “Барселон” довтолгоогоо эрс эрчимжүүлэхэд “Арсенал”-ын хамгаалалтын шугам задарч эхэлсэн ч азаар цаг дууссан. Хоёрдугаар үед “Арсенал” өрсөлдөгчдөө торгуулийн талбай руу шахан юу юугүй гоол хийх нь үү гэмээр довтолж эхэлсэн билээ. Ингэхдээ хамгаалалтаа сулруулсан нь “Барселон”-д сөрөг довтолгоо хийх боломж олгожээ.

Тактикаа умартсан “Арсенал”-ыг Неймарын дамжуулалтаар Месси шийтгэсэн. Үүний дараа талбайн эздэд алдах юм юу байхав, байдгаараа дайрч довтолсон ч гоол хийж дөнгөөгүй. Гай газар дороос гэгчээр Фламини торгуулийн талбайдаа Мессиг унагачихав. Месси 11 метрийн торгуулийн цохилтыг алдана ч гэж юу байхав. Тооны харьцаа 0:2 болж, “Арсенал” бууж өгөв.

[embed]https://www.youtube.com/watch?v=g8NG3ppNrC0[/embed]

“Ювентус” – “Байерн” – 2:2 (0:1)

Турин. “Ювентус Стадиум” цэнгэлдэх хүрээлэн.

Гоолууд: Мюллер, 43 (0:1). Роббен, 55 (0:2). Дибала, 63 (1:2). Стураро, 76 (2:2).

"Ювентус" (Итали): Буффон, Лихтштайнер, Бонуччи, Барцальи, Эвра, Куадрадо, Хедира (Стураро, 69), Маркизио (Эрнанес, 46), Погба, Дибала (Мората, 75), Манжукич.

"Байерн" (Герман): Нойер, Лам, Киммих, Алаба, Бернат (Бенатиа, 74), Видаль, Роббен, Тиагу Алькантара, Мюллер, Дуглас Коста (Рибери, 84), Левандовски.

juve bayern

Энэ тоглолтод “Байерн”-ы хамгаалатын шугам бэртэлттэй Боатенг, Бадштубер, Мартинесгүй байсан ч тоглолтын эхнээс давамгайлж бөмбөгийг эзэмдэн талбайн эздэд хааяа нэг сөрөг довтолгоо хийх л боломж олгож байв. Тоглолтын эхний үеийн сүүлээр “Байерн”-ы давамгайлал зүй ёсоор гоолд хүргэж, Мюллер хамгаалагчдын алдааг ашиглан Буффоны хаалганд бөмбөг шигтгэсэн. Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Роббен тооны харьцааг 0:2 болгочихов.

Үүний дараа тоглолтын хувь заяа шийдэгдчихсэн гэж олон хүнд санагдсан нь лав. Европын шилдэг багуудын нэг “Байерн” хоёр гоолны давамгайллаа алдана гэдэг үлгэр шиг л санагдах учраас л тэр.

Гэвч “Ювентус” цагаасаа өмнө бууж өгөлгүй бөмбөг бөөрөнхийг нотлон тоглолтыг аварч гайхамшгийг бүтээж чадсан юм. Эхлээд Киммихийн алдааг ашиглан Дибале дэлхийн шилдэг хаалгач Нойерийн хаалганд гоол оруулав. Үүний дараа “Ювентус” улангасан дайрсаар эцэст нь Стураро тооны харьцааг тэнцүүлсэн билээ.

“Ювентус” Мюнхенд болох хариу тоглолтод ч “Байерн”-д амар бууж өгөхгүй биз ээ.

[embed]https://www.youtube.com/watch?v=Fba7Z9dty-c[/embed]

Эх сурвалж: www.polit.mn