Д.НАДМИД
Тайландын нийслэл Бангкок хотод болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид медалийн хурыг ёстой л буулгаж ирэв дээ. Энэ тэмцээнд манайхаас гадна БНХАУ, Казахстан, Киргиз, Энэтхэг, Японы шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. Тивийн шилдгүүд энд ирсэн гэж болно. Харин манайхаас гол найдвар гэгддэг дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг, С.Цэрэнчимэд болон О.Насанбурмаа, Ж.Чулуунбат нар энэ тэмцээнийг өнжсөн.
Бас гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Б.Номин нар Минск хотод болсон олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга А.Медведийн нэрэмжит барилдаанд зодоглосон. Хэрэв тэд Бангкокт очсон бол манайхны хамж авсан арваар тогтохгүй олон медаль авах байсан ч болов уу. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 75 кг-д зодоглосон гавьяат тамирчин О.Бурмаа медалийн салхийг алтаар хагалж өгсөн. Дараа өдөр нь мөн эмэгтэйчүүдийн 55 кг-д Д.Отгонцэцэг түрүүлж Азийн аварга болсноор алтан медаль хос болов. Хоёр аварга ч булган сүүлтэй байж араасаа олон медальтныг дагуулав.
Эрэгтэйчүүдээс О.Үйтүмэн мөнгө, С.Батболд, Б.Батмагнай, Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Т.Түвшинтулга, Н.Золбоо, эмэгтэйчүүдээс О.Оюунтуяа, З.Болортунгалаг, Э.Гантуяа нар хүрэл медаль зүүжээ. Тийнхүү Монголын баг Ази тивийн аваргаас энэ удаа хамгийн олон медаль авсан байна. Сонирхуулахад Азийн аварга болсон О.Бурмаа өмнө нь тивийн аваргын тэмцээнээс нэг мөнгө, гурван хүрэл медаль авч байсан бол Д.Отгонцэцэг алт, мөнгө, хүрэл медальтай байв. Манай эмэгтэйчүүд Азийн аваргад өмнөх жилүүдэд сайн барилдаж Н.Отгонжаргал, Ц.Энхжаргал, О.Насанбурмаа нар аваргын алтан медаль хүртсэн байдаг. Тэр дотроос гавьяат тамирчин Ц.Энхжаргал тивийн аваргад хоёр удаа түрүүлсэн цорын ганц бөх юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин