Д.ЖАВХЛАН

Монголчууд Олон улсын бодибилдинг фитнессийн холбоонд 1993 онд анх элссэн түүхтэй.  Энэ хугацаанд Монголын тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нэг бус удаа амжилттай оролцож олон  ч удаа медалийн тавцанд гарч байсан юм. Тэгвэл энэ сарын 24-27-нд Улаанбаатар хотноо бодибилдинг фитнессийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээн Олон улсын бодибилдингийн холбоо (IFBB)-ны хөтөлбөрт албан ёсоор орсон ажээ. Украины нийслэл Киев хотноо Бодибилдинг фитнессийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 13-16-нд амжилттай болж өндөрлөсөн бөгөөд манайд болох тэмцээний дараа буюу арваннэгдүгээр сарын 4-8-нд Мароккогийн Мар­ракеш хотод Боди­билдинг фитнессийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Олон улсын бодибилдингийн холбооны их хурал болох юм байна.

Энд тэмдэглэхэд, 1946 онд байгуулагдсан, Канадын Квебек хотноо төвтэй тус холбоонд 145 орон гишүүнчлэлтэй юм. Манай оронд болох тэмцээнд дэлхийн 60 орны 400 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлээд байна. Тив тивийн тамирчид тус спортын 25 төрөлд авхаалж самбаагаа сорин өрсөлдөх ажээ.

Бодибилдинг фит­нессийн ДАШТ Ази тивд анх удаа зохиогдож байгаа Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо тус тэмцээнийг өөрийн эх оронд зохион явуулах эрхийн төлөө хоёр жилийн өмнөөс шаргуу хөөцөлдсөний үр дүнд ийнхүү хүлээн авч байна. Манай улсаас энэ тэмцээнд 20 гаруй тамирчин оролцох бөгөөд хоёр сар гаруйн өмнөөс үндсэн бэлтгэлдээ гарчээ. Дэлхийн аваргад оролцох Монголын баг тамирчид гурван хэсэгт хуваагдан бэлтгэл сургуулилтаа хийж буй.

Монголын баг тамирчдын 50 хувийг дангаар бүрдүүлж буй “Flex gym” клубын багш дасгалжуулагч, УАШТ-ний долоон удаагийн аварга, 2010 оны Ази тивийн аварга ОУХМ Л.Өнөрбат “Манай тамирчид тэмцээн дөхөөд ирэхээр нэгдсэн цугларалтад гарч, бэлтгэлээ эрчимтэй хийх юм” гэж ярьсан юм.

Түүний удирдлага дор тус тэмцээний 40 насны ангиллын 80 кг-ын жинд өрсөлдөх улсын хошой аварга ОУХМ Э.Ганхуяг, 70 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцох УАШТ-ий гурван удаагийн аварга, спортын мастер Ч.Батхүү, залуучуудын 75 кг-ын жинд өрсөлдөх УАШТ-ний таван удаагийн аварга М.Чинзориг болон эмэгтэйчүүдийн 23-аас доош насны бикини фитнесс төрөлд өрсөлдөх залуу тамирчин Ч.Булган нар “Flex gym” клубт хоёр сарын өмнөөс цугларалтад гарсан байна. Тэмцээн дөхсөн учраас тамирчдын бэлтгэлийн ачааллыг бууруулаад байгаа гэнэ.

Одоо өдөр бүр өглөөний 8-10, үдээс хойш 15-17 цагийн хооронд дасгал сургуулилт хийж байгаа ажээ. Манай баг тамирчдын бэлтгэл хийж буй “Flex gym” клубт очиход тэнд гантель, штанг, гүйлтийн зам, хоёр толгойт болон гурван толгойт мөрний булчин сайжруулах хэрэглэл гээд шаардлагатай бүх зүйл байлаа. Монголын баг тамирчдыг ахалж буй дасгалжуулагч Л.Өнөрбат хэлэхдээ “Манай тамирч­дын бэлтгэл сургуулилт 70 хувьтай байна. Үлдэж буй гурван долоо хоногийн хугацаанд ачааллыг нэмнэ” гэсэн юм.