А.НОМУУНДАРЬ
Сүүлийн үед бага насны хүүхдүүдэд тохиолдож буй “хэт хөдөлгөөнтөх, анхаарал дутмагших” эмгэгийг талаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Д.Энхтуятай ярилцлаа.
“Хэт хөдөлгөөнтөх, анхаарал дутмагшил”-ийн эмгэг гэж юу вэ? Хэдэн настай хүүхдэд ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
Энэ эмгэг нь хүүхдийн сэтгэц, хөдөлгөөний хөгжлийн үе шаттай холбогддог. Ихэвчлэн хүүхдийн 4-5 насанд тодорч илрээд, аажимдаа 12 нас хүрэхэд өөрөө намждаг юм. Ийм эмгэгтэй болсон хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар маш муу байдаг. Хэт хөдөлгөөнтэй, сониуч зантай, юм юм руу үсчсэн хүүхдийг бид өрөмний өт шиг гэж ярьж зүйрлэдэг. Өөрөөр хэлбэл анхаарлаа төвлөрүүлээд удаан сууж чаддаггүй. Дээд тал нь 10 минут л анхаарлаа төвлөрүүлж чадна. Бусад цагт нь үсэрч, харайж, гүйж, маш их хөдөлгөөнтэй байна. Энэ шинж тэмдгийн хурц үе нь бага ангийгн хүүхдэд илэрдэг бөгөөд сурах үйл явцыг удаашруулж, бэрхшээл гардаг. Энэ эмгэг нь эрэгтэй хүүхдэд түлхүү илэрдэг онцлогтой.
Юуны улмаас хүүхдэд ийм эмгэг үүсдэг вэ?
4-5 нас гэдэг бол хүүхэд цэцэрлэг, сургуульд явж нийгмийн харилцаанд орж эхэлдэг үе. Яг энэ үед хүүхэд танин мэдэхүйн дутуу хөгжилд орохоор юмуу ямар нэг таагүй орчин нөхцөлд орсны улмаас стрессдэж эхэлдэг байна. Гэр орны ая тухтай нөхцлөөс нийгмийн орчинд буюу олон хүний дунд ороод хүүхэд дасан зохицож чадахгүйн улмаас үүсдэг эмгэг юм. Стрессээс үүдсэн анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг өөрөө аажимдаа намддаг. Мөн оюуны хөгжлийн бэрхшээлүүд буюу оюуны хомсдол, аутизмийн эмгэгүүд зэргээс шалтгаалан үүсч болдог.
Энэ эмгэгийг яаж эмчлэх вэ? Гэр бүл нь юу анхаарах ёстой вэ?
Мэргэжлийн эмчид үзүүлж, эмчийн заавраар хөнгөн хэлбэрийн сэргээх үйлчилгээтэй эм уулгадаг. Түүнчлэн хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөрөөр хичээллэх ёстой. Ийм эмгэгтэй хүүхэд анхаарал нь төвлөрөхгүй, хөдөлгөөн нь ихэсдэгг учир загнаж, уурлаж болохгүй. Энэ нь эргээд хүүхдэд стресс болдог. Загнах, уурлах тусам хөдөлгөөн нь улам ихэж үйлдэлүүд нь нэмэгддэг. Байнгын хөдөлгөөнд байгаа хүүхэд их ядардаг. Үүнээс болоод нойрны дутмагшил болж, тайван бус гомдомтгой болдог. Иймд эцэг, эх, гэр бүл нь онцгой ач холбогдол өгч анхаарах ёстой. Хэрвээ дээрхи шинж тэмдгүүд ажиглагдвал мэргэжлийн эмчид хандаж, эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хүүхдийг тайван унтуулж, сайн амраавал аажимдаа зүгээр болно. Хамгийн гол нь хүүхэдтэйгээ дотно харьцах хэрэгтэй. Орчин үеийн гэр бүл хүүхэддээ хөндий хандах, зөвхөн хичээл хий гэж шахах нь элбэг ажиглагддаг. Эцэг, эх хүүхэддээ хараа хяналт тавих, зөвлөгөө өгөх, ярилцах чадвартай байх хэрэгтэй.
Эмгэгийн үед хүүхдийн сэтгэл зүй ямар байдаг вэ? Хүүхдийг ямар хэлбэрээр хөгжүүлэх хэрэгтэй вэ?
Ер нь бага насны хүүхэдтэй урамшуулж харьцах нь хамгийн зөв. Магтаж, сайшаах хэлбэрээр юмыг тайлбарлавал хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа уртсах хандлагатай байдаг. Тиймээс суугаад хичээллэдэг спортууд буюу шатар, даамаар хичээллүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хүүхэдтэйгээ харилцан тоглох тоглоомны хэлбэрийг сонгох хэрэгтэй. Мөн хөдөлгөөнөөс гарч байгаа их энергийг нь зөв чиглүүлэх буюу өөрийх нь сонирхсон спортоор хичээллүүлж болно.
Бага насны хүүхэд ийм эмгэгтэй болоход гар утас, компьютер нөлөөлдөг үү?
Эцэг эхчүүд хүүхдээ хэт их хөдөлгөөнөөс нь саатуулах гээд гар утсаа өгчихдөг. Эсвэл компьютер дээр тоглуулдаг. Хэт хөдөлгөөнжих эмгэгтэй хүүхдийн анхаарал дээрх зүйлс дээр сайн төвлөрөхгүй ч гэсэн хор уршиг нь адилхан. Наад зах нь утасны дэлгэц жижиг учраас түүнийг харах гэж нүдний булчин хэвийн хэмжээнээс илүү ажилладаг. Хүүхдийн ядаргаа, стрессийг улам нэмж байгаа үйлдэл юм.
Эх сурвалж:www.zms.mn