Н.БАТМӨНХ
П.Дагвасүрэн Төв аймгийн Батсүмбэр суманд 1944 оны модон бичин жил төржээ. Эцэг Пүрэв нь долоо дахь үеийн бөхийн удамтай, сумынхаа наадмыг гадны хүнд алдаж үзээгүй нэгэн байсан бол ээжийнх нь аав овоо тахилгын наадмын түрүү авчихдаг шаггүй барилддаг хүн байжээ. П.Дагвасүрэн айлын гурав дахь хүүхэд бөгөөд хоёр ах нэг эмэгтэй дүүтэй. П.Дагвасүрэн 1958 онд нийслэлийн 21 дүгээр дунд сургуульд шилжин ирж 14 настайгаасаа Монголын сурагчдын ордны бөхийн дугуйланд дархан аварга Б.Түвдэндорж, багш Гомбо нараар багшлуулж улмаар үндэсний бөхийн барилдаанд байнга оролцох болсон нь түүний сайн бөх болох суурь хөрс нь болсон байна. П.Дагвасүрэн 1961 оны улсын баяр наадамд анх удаа 17 настай зодоглож нэг даваад, хоёрын даваанд улсын заан Б.Бадамд унажээ.
1962 оны улсын баяр наадамд улсын арслан “Дэрэн бор” хэмээх Өвөрхангайн С.Самданжигмэдээр тав давж 19 насандаа улсын начин цол авсан юм. Тэрээр бөхийн спортоор хичээллэхийн зэрэгцээгээр Анагаах ухааны дээд сургуульд сурч хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн юм. Түүнээс хойших улсын баяр наадамд барилдсан түүхийг дэлгэн үзүүлбэл:
1967 онд долоо давж 26 насандаа улсын заан цол.
1969 онд тав давж харилтгүй хүчит чимэг.
1970 онд зургаа давж өрнөн дэлгэрэх чимэг.
1971 оны АХ-ын түүхт 50 жилийн ойн баяр наадмаар долоо давж дөрөвт үлдэж 27 насандаа Монгол Улсын арслан цол хүртжээ.
1972 онд тав давж хурц идэр чимэг.
1973 онд найм давж үзүүрлэж бат суурьт чимэг.
1974 онд долоо давж чин зоригт чимэг.
1975 онд долоо давж түмнээс төгөлдөр чимэг.
1976 онд найм давж үзүүрлэж хотлоор баясгагч чимэг.
1977 онд гурав дахиа найм давж үзүүрлэж харилтгүй жавхлант чимэг.
1978 онд зургаа давж манлайн дэлгэрэх чимэг.
1979 онд зургаа давж үнэн итгэлт чимэг.
1980 онд барилдсан эсэх нь тодорхойгүй.
1964, 1965 онуудад дөрөв давж тавын даваанд улсын заан Х.Баянмөнх, залуу бөх Ж.Хайдав нартай тунаж унасан бол 1982, 1983, 1984, 1985, 1987 онуудын баяр наадамд дөрөв давж улсын начин Д.Лхагва-Очир, аймгийн арслан А.Сугаа, Ц.Дамдин, З.Дэлгэрдалай, цэргийн арслан С.Сүхбаатар нарт, 1988, 1990 онд дөрөв давж дархан аварга Д.Цэрэнтогтоход хоёр удаа амлуулж унажээ.
1968 , 1994, 2001 онд гурав давж улсын начин Х.Төвшинсанаа, аймгийн заан Д.Нямхүү нарт, 1992, 1995, 1996, 1997, 1998, 2000, 2002 онд хоёр давж аймгийн арслан Д.Амаржаргал, цэргийн арслан И.Доржсамбуу, аймгийн арслан С.Нямжав, аймгийн заан Б.Баттогтох, цэргийн начин Д.Намдаг, залуу бөх Ц.Гэрэлт-Од, Ж.Чулуунбат нарт, 1966, 1991, 1993, 2003 онд нэгийн даваанд учраа бөхдөө унасан байна. Мөн сар шинийн барилдаанд 1974, 1979 онд үзүүрлэж байлаа.
П.Дагвасүрэн арслан чөлөөт бөхийн 90 кг-ын жинд барилдаж улсын долоон удаагийн аварга, олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. Улсын шигшээ багийн анхны тамирчдын нэг бөгөөд олон улсын спортын мастер цолтой бөх юм. Тэрээр 1973 онд сонгомол бөхийн Ази тивийн аварга болж байлаа. П.Дагвасүрэн арслан бол хэнтэй хэрхэн барилдах арга ухааныг сайн эзэмшсэн, хүний дархан мэх, барьцыг хорих, сааруулах талаар даамгай, хий гаргадаггүй, зайлж зугтаахгүй хэр нь учраадаа барьц өгөхгүй, өөрөө ч барьцанд төдийлэн шунадаггүй, бараг л илээд байгаа мэт барилддаг. Эсрэг бөхийнхөө хөлийн гишгэдэл, хий зайг сайн мэдэрч чаддаг, чимх барьцнаас мэх хийдэг унаа холтой бөх юм. П.Дагвасүрэн арслан намхандуу нуруутай, бахим зузаан биетэй, цэрвүүгээс зүүн хонгодох, хавсарч цохих, хөл авах, этих мэхүүдийг сайн хийдэг босоо өрөлттэй бөх юм. П.Дагвасүрэн арслан залуу хойч үеийн залгамж халаа бөхчүүдийг сургах, бэлтгэх тэднийг заал танхимын барилдаанаар хангах, Монголын үндэсний бөхийн холбоог үндэслэн байгуулахад их хүчин чармайлт гаргаснаас гадна Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон бөхийн барилдааны хөлийн ерөнхий цэцээр сүүлийн жилүүдэд ажиллаж байна. П.Дагвасүрэн арслан биеийн тамир спортын болон эрүүл мэндийн тэргүүний ажилтан, ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, 2001 онд “Алтан гадас” одон, 2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан юм. П.Дагвасүрэн арслан нөхөрсөг даруу төлөв, эелдэг зан харилцаатай сайхан эр юм.