Д.ЦЭРЭННАДМИД
“ТВ-9” телевизийн ажилтан, бөх тайлбарлагч Ц.Батнасантай ярилцлаа. Тэр миний асуултад яг л бөхөө тайлбарлаж байгаа мэт яруухан хийгээд хүнгэнэсэн дуугаар хариулж байсан юм.
-“ТВ-9” телевизийн 10 жилийн ойн мэнд хүргэе. Тус телевизийн тухай бодохоор спортын тэр дотор бөхийн талаар юм хэлмээр санагддаг. Танд бол бүр хэлэх юм их байгаа болов уу?
-За баярлалаа. Манай телевиз эхнээсээ үндэсний спортыг дэмжие, өргөн сурталчилъя гэсэн бодлогыг барьж ажилласан. МҮБХ-той хамтран ажиллаж монгол үндэсний бөхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, бөхийг алдаршуулахад онцгой ач холбогдол өгч ирсэн гэж болно. 2005 оны намраас эхэлж хот төдийгүй хөдөө орон нутагт болж буй улс, аймгийн цолтой бөхчүүд оролцсон томоохон барилдаан бүрийг газар дээрээс нь шууд дамжуулж олон түмэндээ хүргэсэн. Ер нь зөвхөн бөхийг биш морийг ч гэсэн эх орны дөрвөн зүг найман зовхисоос сурвалжилан нэвтрүүлж байгаа. Ингэснээр Монголын үнэт өв-морин соёлыг өргөн сурталчилж бөхийнхөө адил алдаршуулж байдаг юм. “ТВ-9” телевизийн бусдаас ялгагдах нэг онцлог энэ байх шүү. Монгол бөх бол олон зуун жилийн түүх намтартай, ард түмний аугаа их соёл. Тиймдээ бөхөөр дамжуулж монгол гэдэг нэрийг дэлхий дахинд сурталчлахад үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн, оруулсаар байгаа.
-Шууд нэвтрүүлгийн бичлэгүүд бүрэн архивлагддаг уу?
-Тийм ээ. 2007 оноос хойших нь лав яг бүрэн эхээрээ хадгалагдаж байна. Хүмүүс авах гэх нь бий. Гэвч тэр болгоныг гадагш нь гаргахгүй нарийн журам байдаг. Зөвхөн ерөнхий эрхлэгчийн зөвшөөрлөөр онц шаардлагатай гэвэл зарим байгууллага, хүмүүст өгдөг л дөө. Улсын баяр наадамд түрүүлсэн бөхийн хувьд бол дэлгэрэнгүй намтарчилсан түүх байдаг юм.
-Өөрөө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын унаган хүн юм билээ. Тэгэхээр сумынхаа бөхийн түүхийг сайн мэднэ биз?
-1900 оноос эхлээд л бараг мэднэ. Манай сумаас төрийн их баяр наадамд амжилттай сайн барилдаж байсан олон сайн бөх байсан. 1940-өөд онд аймгийн хурц арслан “дарваан” хэмээх Думын Өвгөн гэж бөх байв. Тэр 1946, 1953 оны улсын баяр наадамд дөрөв давсан байдаг юм. 1950-иад онд Рашаант багийн бөх, олондоо алдаршснаар заан Ш.Доржтовуу гэж том бөх байлаа. Улсын харцага цол хүртсэн дээ. Одоо бол мөн улсын өсөх идэр начин О.Чинзориг байна. Цэргийн арслан Санжаасүрэн, аймгийн арслан А.Алтанхуяг, Б.Батсүмбэр, Баатарсүх нар байна. Тэдний өмнө төв газар бараадаад барилдааныхаа мөрийг жаахан хөөсөн бол улсын цол авахаар хүн олон л байсан юм билээ.
-Таны хувьд бөхтэй холбогдсоныхоо учрыг тайлбарла гэвэл та юу хэлэх вэ?
-Би хүүхэд байхаасаа бөхийн хорхойтон байлаа. Радиогоор бөх чагнаад хэвтчихнэ. Бөхийн тухай номноос салахгүй ээ. Бөх хүн нэг л сайхан харагдаад байх. Өөрөө бас барилдахыг их бодох. Ийм л байлаа. Бөхийн тухай ном, сонинг өвөртөлж малын бэлчээрт уншаад чанга чанга хэлж баясна. Тайлбарлагчийн дуу хоолой ч сайхан санагдаад байх. Бас дуурайж үзнэ. “Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын харьяат, Монгол Улсын далай даян дархан аварга Дарийн Дамдин манлай” гээд л. Тэгсээр 1995 он гэхэд өөрийгөө туршаад үзэхэд сумын наадам мэтийг тайлбарлачихаж болмоор санагддаг болсон. Гэвч хэнд хэлэх вэ дээ. Өөртөө л тайлбарлагч байлаа л даа.
-Тэгээд анх хэзээ бөх тайлбарлав даа?
-1995 онд цэрэгт мордсон. Зүүнхараагийн цэргийн ангид алба хаасан. Даргадаа рапорт өгөхөөр:
-Чи ер нь бөх тайлбарлавал яасан юм бэ. “Постод гарсан зөрчилгүй байлдагч Батнасан” гээд хүнгэнүүлэх юм. Бөх тайлбарлаж чадах уу байлдагчаа гэх. Би чаднаа гэчихсэн чинь шалгуул гэж байна. Тэгэхээр нь тэр жилийн улсын баяр наадмын тавын даваанаас эхлээд тэр тэрнийг амлаж тийм мэхээр давлаа. Аймгийн арслан тэр улсын начны болзол хангалаа гэх зэргээр л урсгачихлаа. За боллоо гэж байна. Тэгээд зун нь Зүүнхараагийн наадмын бөхийг тайлбарлаж жинхэнэ шалгуулсан даа.
-Тайлбарлагч хүний ой тогтоолт тийм сайн байдаг юм уу. Бүр уншиж судлаад мэргэшчихсан байдаг уу?
-Би багаасаа л номын нөхөр байв. Тэр дотор бөхийн холбогдолтой номыг үлдээхгүй уншинаа. Тэхдээ үүнийг цээжилчих юм шүү гэж хичээж байсангүй. Тэгсэн хэр нь уншсан бүхэн л толгойд тогтчихсон байх. 1921-2013 оны улсын баяр наадамд түрүүлсэн бөхийг түгдрэлгүй хэлдэг болох юмсан гэж бодож байтал нэг л мэдэхнээ мэддэг болчихсон байсан.
Ой тогтоолын хувьд тун гайгүй байсан юмсан уу. Бөхийн тухай 400 хуудастай номыг нэг удаа гүйлгээд уншчихсан байхад бүгд толгойд орчихсон, хэлэхэд бэлэн байдаг. Угийн сонирхол бас нөлөөлдөг болов уу.
-Ой тогтоолтод удам нөлөөлдөг байж болох талтай гэж хэвлэлээс уншиж байсан шүү?
-Магадгүй. Манайхны удамд тийм ой сайтай хүн байсан юм билээ. Эмээгийн талд өндөр Өвгөн гэж лам хүн байж. Түүний тухай нутгийн хууччуул ярихаараа сайхан унзад дуу хоолойтой, хэллэг сайтай хүн байж билээ. Энэ Батнасан адилхан юм гэж хэлэхийг сонссон. Би бол тэр хүнийг мэдэхгүй. Намайг хоёр настай байх үед өөд болсон юм билээ.
-Бөхийн тайлбар хийхэд үзэгчдэд хамгийн өгөөжтэй нь юу вэ. Барилдаж явсан хүн тайлбарлагч болох нь дөхөмтэй гэж үнэн үү?
-Ер нь барилдаж явсан хүн сайн тайлбарлагч болдог жишээ олон. Улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид гуай гэж алдартай, дууриалтай хүн байна. Шагдарын Чанарав, Агвааны Ганбаатар нар байна. Бүгд л сайн бөх, сайхан тайлбар хэлдэг хүмүүс байлаа. Тайлбарлагч хүн бөхийн нутаг ус, алдар цолыг л дуудаад байх гол биш болж байгаа барилдаандаа орж одоо тэр тийм мэх хийж болзошгүй, тийм мэхийн дараа тийм л мэх ирдэг, барьцын хувьд тэр нь илүү байна гэх мэтээр хэлэх. Ингэвэл үзэгч түмэнд хүрэх нь илүү санагддаг. Бөхчүүдийн барилдааны явцыг мэдрэх л тайлбарлагч хүнд эрхэм зүйл.
-Өөрөө бас барилдаж байсан тайлбарлагч гэсэн байх аа?
-Бөхөд туйлын сонирхолтойн учир залуу байхад барилдаж л байлаа. Аймагт тойргийн барилдаанд барилдаж цол авч байлаа. Сумандаа бол гурав түрүүлсэн сумын заан цолтой. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор улсын наадамд зодоглож хоёр давсан. Барилдана гэдэг залуу насны юм. Харин тайлбарлагч бол хэзээ ч хийгээд байх алба юм даа.
-Тайлбар хийж байхад хэцүү үе тохиолдох уу?
-Тохиолдоно шүү. Барилдааны явцад элдэв маргаан гардаг. Унасан, давсан гээд будилах бол энүүхэнд. Зарим нь нэгийгээ нудрах, дэлсээд авах илэрхий муухай юм гарна. Түүнийг олон түмэн зурагтаар харж байгаа юм чинь тайлбарлагч дуугүй байх хэцүү. Тэглээ дэлслээ, зодлоо гэж хэлэлтэй биш дээ. Тайлбарлагч хүн хөлийн цэцийн шийдвэрийг л дагах учиртай. Цэц ямар шийд гарганав. Түүнийг л дагаж үгээ хэлдэг. Зарим үед үзэгчид дургүйцлээ буруу илэрхийлж сав суулга шидэж “мөндөр буулгадаг”. Түүнийг үзэгчид юм шидээд байна. Цэнхэр дэлгэцнийхээ өмнө суугаа та бүхэн сайн хараарай гэлтэй ч биш. Гэхдээ буруутанг анхаараасай, дутагдлаа засаасай гэсэндээ саяын үйлдэл монгол бөхийн дүрэмд харш байдаг юм. Үзэгчдээ хүндлэхийг анхааруулж байна гэх зэргээр хэлэх удаа бий. Цэц буруу шийдвэр гаргаж давсан бөхийг унасанд тооцчих явдал гарна. Тэгэхэд нь энэ чинь буруу гээд би цэцийнхэнтэй маргаж суудаг ном байхгүй. Зөвхөн дүрмийн хүрээнд л ажилладаг юм. Өөр нэг хүндрэлтэй юм тайлбар хийхэд телевизийн дэлгэцийг ойроос 4-5 цаг ширтээд суучихна гэдэг хэцүү дээ. Сүүлдээ нүд чилж нулимс урсаад ирдэг юм.
-Сайхан барилдаан болж байхад тайлбарлах бас урамтай биз?
-Тэгэлгүй яахав. Гоё уран барилдаж байгааг харахаар омогшил хөдлөөд хэлэх үг ч урсаад ирнэ. Бөх хүн шударга, сайхан барилдаад олон түмнээ баясгаад ирэхээр тайлбарлагч ч баярладаг юм. Харин зарим өрнөл муутай, унтаахай барилдаан хэцүү дээ хэцүү.
-Наадмаар бөхчүүдийн найраа гэж нэг хэцүү юм байдаг. Начны найраа гэдэг байсан бол одоо наадам тэр чигээрээ хавтгай найраа болох тохиолдол гараад байгаа. Энэ талаар өөрийн чинь бодол...?
-Би наадмаар Төв цэнгэлдэхэд очиж бөхчүүдийн дунд орж үзээгүй шахуу даа. Цэнхэр дэлгэцийнхээ өмнө л тайлбараа хийгээд суучихна. Найрааны тухай нарийн мэдэх юм алга. Гэхдээ энэ чинь бодитой байгаа л юм шүү дээ. Анхаарч цэгцлэх асуудлын нэг гэж боддог. Хөдөө орон нутгийн наадам ийм тийм боллоо гэдэг. Тэр бүхнийг сураг ажиг сонсож л байдаг. Уржнан манай аймгийн наадам гэж тун хачин наадам болсон юм билээ. Яах ч аргагүй болхи. Оноолт хийхдээ цол хэргэм, эрэмбэ гэж огт хайхраагүй, давсан бөхийг хассан, унасан бөх дахиад гарсан ч гэх шиг хачин юм болсон гэх. Оноолтыг харахад ч тэр бүхэн харагддаг. Тийм ёс бусын юм гаргуулахгүй байх том бөхчүүд байсан л гэдэг. Гэтэл будлиан дунд өөрөө орчихсон байв.
-Ганц Дундговийнх биш аймгуудын наадам тиймэрхүү болчихсон гэж болноо доо?
-Энэ тухай хүмүүс амнаас ам дамжин ярьсаар байна. Наадам болоод өнгөрнө. Нэг их яриа санал гомдол үргэлжилдэг. Гадны бөх очиж барилдах гэхээр мөнгө нэхдэг болсон сураг бий. Манай аймгийн хэдэн цолтой бөх үүнээс хол байж чадаагүй. Аймгийн бөхийн холбоо, БТС-ийн газар ч маш муу ажилладаг. Тиймээс бөх нь хөгжихгүй байгаа юм. Бөхчүүдийн эв нэгдэл гэж бас байхгүй л дээ. Залуу бөхчүүдээ дэмжиж чадахгүй байна. Шинээр цолтон төрөх боломж ч алга. Бас нэг юм хэлэхэд ядаж байж дэвжээ энэ тэрд улс төрийн өнгө аяс их орно. Энэ шиг буруу юм гэж байхгүй гэж бодогддог.
-Монгол бөхөд элдэв бусармаг юм их байх болсон гэдгийг олон түмэн зөвшөөрч засч өөрчлөхийг шаардаж байна. Тэгэхээр яах ёстой вэ?
-Бөхийн холбоод хөдөөд ажиллахгүй байна шүү дээ. МҮБХ үүнийг анхаараасай л гэж боддог. Ер нь өнөөгийн бөхчүүдийн үнэлэмж нь байгаа байдал, хөгжлөөсөө давчихсан юм биш үү.
-Өөрт чинь сүүлчийн асуултыг үлдээвэл юу хэлмээр байна вэ?
-Юуны өмнө “ТВ-9” телевизийн хамт олон болон тус телевизэд урьд ажиллаж байсан хүмүүст 10 жилийн ойн мэнд дэвшүүлье. Би тлевизийнхээ тухай ярих дуртай хүн. Манай телевизэд Энхжин, Баатарсайхан гээд лут найруулагчид бас олон сайн зураглаач ажиллаж байлаа. Тэднийг байхад бөхийн барилдааны зэрэг газар дээрээс нь хийх нэвтрүүлгийг тун сайн хийдэг байсан юм. Ёстой л гар нийлж байж. Гэтэл ноднин олон хүн манайхаас гараад явчихсан. Нэвтрүүлгийн чанар нэг үе муудсан. Харин одоо сэргэж байгаа. Ер нь нэг сайн хүн хамт олны дундаас явахад оронд нь ирж байгаа хүн тэр хүнтэй тэнцэж ажиллаж чаддаггүйг мэдэрлээ.
-Өөрийгөө цэгнэж үздэг үү. Тайлбарлагчийн хувьд...?
-Би алдаж байна, онож байна уу гэдгээ мэдрэхгүй бол хүн мэргэшинэ гэж байхгүй шүү дээ. Хуучин тайлбараа эргэж үзээд энэ нь дутмаг байна ч гэх юм уу. Тэр нь аятайхан болжээ гэх зэргээр шүүж үздэг. 2005, 2006 оны үеийнхээсээ 2010 он гэхэд нэвтрүүлгээ үзэхэд ялгаа харагддаг л юм. Өөрийгөө тоох үе ч гардаг шиг. Үүнийг хүнд хэлэх биш дээ. Өөрөө л өөрийгөө боловсруулахад хэрэгтэй юм гэж бодож явдаг даа.