Д.НАДМИД
Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын тэмцээн буюу Аки башё Токио хотноо 14 өдөр үргэлжилж монгол сүмочдын ноёрхол дор өндөрлөв. Энэ башёд мэргэжлийн сүмогийн 69 дэхь их аварга Хакүхо М.Даваажаргал 14 даваа, нэг унаатай тэмцээнээ дуусгаж эзэн хааны цомыг 27 дахиа гардлаа. Тэр сүмогийн түүхэн дээд амжилт руу дөтөлж явна. Тэр одоо ердөө зургаа түрүүлэхэд сүмогийн оргилд гарна гэсэн үг юм. Одоо түүний өмнө их аварга Тайхо 32, Чиёнофүжи 31 удаа түрүүлснээр бичигддэг. Хакүхо бөх хүн бүдүүн өвсөнд гэдгийн үлгэрээр Гоэйдод унасан. Гэвч учраа бүхнээ бяралхаж ёстой л аваргын буурь заан орхисоор түрүүлсэн дээ. Тэмцээний арван дөрөв дэх өдөр озеки Кисеносатог давснаар тэр түрүүлэх болзлоо хангасан юм. Сүүлчийн өдөр ёкозүна Харүмафүжитэй хүч үзэж хялбархан давсан. Хакүхо тэмцээний дараа шагнал гардуулах ёслолын үеэр өгсөн ярилцлагадаа:
-2020 оны олимпийн нийслэл Токио хотынхондоо баяр хүргэе. Тэр олимп болоход би 35 настай байх юм байна. Тэр хүртэл дэвжээнээсээ буухгүй гэсэн бодолтой. Тэгж ч амлачихаад байгаа. Токиогийн олимп болоход олимпийн мөнгөн медальт, монгол үндэсний бөхийн дархан аварга, аав Ж.Мөнхбатын хамт нээлтийн ёслолд нь оролцохыг хүсч байна гэсэн байна.
Тэгвэл монголын сүмоч, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж дахиад л сүмогийн холбооны анхааралд өртөхөөр муухан барилдав. Тэр таван унаатайн дотор хоёр ч маэгашира бөхөд унаж кинбоши алдсан нь аварга хүнд байж болшгүй муу зүйл аж. Тэр өмнөх гурван тэмцээнд 4-6 унасан байсан бол түүнийг саяын башёд 14-өөс доошгүй давахыг сүмогийн Ёкозүнагийн зөвлөл үүрэгдсэн юм билээ. Гэтэл Харүмафүжи даалгавраа биелүүлсэнгүй. Хэл аманд орлоо. Тун удахгүй авах арга хэмжээ нь төлөвлөгдөх ажиг байгаа. Хэрэв байдал муугаар эргэвэл Харүмафүжиг хүчээр зодог тайлуулж магадгүй. Ийм л байдалд орчихлоо. Монголын сүмочдын хувьд яахав хэр хэрээрээ л барилдав. Озеки Какирюү Ананд есөн даваа, зургаан унаатай, маэгаширагийн зүүний тав дахь бөх Токитэнкү А.Хүчитбаатар, Шёотэнро Д.Нямсүрэн нар 5-10, Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6 даваатай байна. Энд нэг магтаал хэлэхэд манай Кёкүтэнхо Н.Цэвэгням дээд зиндаанд барилдаж буй бөхчүүдээс хамгийн ахмад нь ч гэлээ залуучуудтай ана мана үзэж 50 хувиа хийсэн амжилттай тэмцээн дуусгав. Түүнийг монгол эрийн, монгол бөхийн ид шидийг харуулж байна гэж хэлэхээс өөр аргагүй ээ. Н.Цэвэгням сүмогийн олон түүхэн амжилтын эзэн болоод байгааг хэлэх нь зөв байх. Аки башёд шүкүн-шо буюу гарамгай барилдааны шагналыг сэкиавке Гоэйдо, канто-шо буюу дайчин бөхийн шагналыг маэгаширагийн зүүн жигүүрийн тэргүүн бөх Шёохозан нар хүртэв. Тэдний хувьд уг шагналыг хоёр дахиа авч байгаа юм билээ. Харин гарамгай барилдааны шагнал авах бөх тодорсонгүй. Жюүрёо зиндаанд барууны 11-ээс босч барилдсан монгол бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваа, гурван унаатай түрүүлсэн байна. Ийнхүү сүмогийн дээд хоёр зиндаанд монголчууд ноёрхов.