Д.ЖАВХЛАН
Манай оронд өнгөрсөн долоо хоногт уран сайхны гимнастикийн өсвөрийн олон хотын нээлттэй “GYM SHINE CUP” тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 12-оос доош насны ангилалд мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын Эрхүү мужийн гимнастикийн өсвөрийн шигшээ багийн тамирчин М.Машатай ярилцлаа.
-Сайн байна уу. “GYM SHINE CUP” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Азид анх удаа ирж байгаа нь энэ юм. Энэ тэмцээн надад сайхан дурсамж үлдээсэн. Мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна.
-Медалийн өнгийг хувиргах боломж байсан уу?
-Тэр монгол охин авах ёстой медалиа авсан. Түүнийн өмнө зогсох сайн тамирчныг би энэ тэмцээнээс олж хараагүй.
-Та түүнийг хүлээн зөвшөөрч байна уу?
-Зөвхөн энэ удаад. Харин дараа дахин таарвал тэр намайг өндрөөр үнэлэх болно.
-Өөрөө энэ спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ?
-Би таван настай байхаасаа гимнастикийн спортод бүх хүсэл мөрөөдлөө тушаасан. Түүнээс хойш таван жил өнгөрсөн байна. Одоо буцах зам байхгүй.
-Мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Олимпийн наадамд оролцохыг хүсч байна. Амжилт гаргах эсэх нь хамаагүй. Олимп гоё шүү дээ. Гимнастикийн спорт руу орох бас нэг шалтгаан нь энэ байсан. Би таван жилийн өмнө олимпийн бичлэгийг телевизээр үзээд заавал гимнастикийн мундаг тамирчин болно хэмээн өөртөө амласан юм. Тэр үеэс тоглож нааддаг бяцхан Маша цаг наргүй их бэлтгэлд дарагдах болсон доо.
-Мөрөөдлөө биелүүлэхийн тулд юун түрүүн ОХУ-ын шилдэг тамирчдыг дийлэх ёстой. Тэгж чадвал та олимпийн аварга болж чадна?
-Манай сургуулийг төгссөн Дайрья Демитриева бидний үлгэр дууриалал. Тэр олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн агуу тамирчин. Бид түүний амжилтыг залгуулах хатуу үүрэг хүлээсэн. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж чадвал тэр Москвагийн охид сонин биш. Жирийн нэг мужаас олимпийн аварга гарч болдогын жишээг би харуулах болно.
-Яг хэзээ гэдэг нь сонин байна?
-Би Рио де Жанейрогийн олимпоос их зүйлийг сурч мэдэх болно. Тэгээд 2020 оны олимпоос нэг их хэтрэхгүй байлгүй.
-Та Токиогийн олимпод оролцох үед 17 нас хүрнэ. Ази тивд дахин ирэх нь дээ?
-Тэгэлгүй яахав. Би Токиогийн олимпод заавал шилдэг нь байх болно. Харин тэр үед та намайг танихгүй л байх болов уу.
-Таны өндрийн хэмжээг сонирхож болох уу?
-Би үеийн тамирчдаасаа намхан гэдгээ мэднэ. Гэхдээ надад бусдаас илүү хөдөлмөрч зан чанар байдаг юм шүү.
-Гимнастикийн бэлтгэлийг хэцүү гэх юм билээ. Шантрах үе гарч байв уу?
-Би шартай охин. Бусдын дор нэрээ дуудуулахыг хүсэхгүй.
-Таны үзүүлэх тоглолт манай үзэгчдэд таалагдах шиг болно лээ?
-Үзүүлэх тоглолтын дасгалыг хоёр дахь удаагаа хийж байгаа нь энэ. Танай хөгжөөн дэмжигчид намайг маш сайн дэмжсэн. Тэдний сайхан сэтгэлд урам өгөх ёстой хэмээн миний багш надад зөвлөсөн. Мөн медаль авсандаа доргиод дахин тоглочихсон. /инээв/
-Та хамтран тоглогчоо танилцуулахгүй юу?
-Тэр миний хамгийн сайн найз. Бас хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэр надаас нэг дүү. Түүнд бас ирээдүй бий гэдэгт эргэлздэггүй.
-Гимнастикийн спортын сайхан нь юунд оршдог вэ?
-Нарийн зүйлийг би сайн мэдэхгүй. Гимнастик бол сонгодог урлагаас үүссэн байж болохоор биеийн хүчний дасгал хэмээн багш бидэнд хэлдэг. Үнэхээр сайхан спорт.
-Та өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?
-Багш бидэнд нэг өдөрт зургаан цагийн бэлтгэл заадаг. Бидний насны онцлогт тааруулж буй нь энэ юм гэнэ. Харин би бэлтгэлийн хугацаагаа чамлаж байна.
-Яагаад?
-Миний хийж буй дасгал ердөө 6-8 насныхны хийдэг дасгал юм. Би ачааллаа нэмэхийг хүсэхэд багш болоогүй гэдэг. Гэтэл би эгч нарын хийдэг элементийг бие даан сурсан.
-Та хэт яараад байх шиг. Өөрт чинь нас байна шүү дээ?
-Би энэ жил 10 хүрнэ. Гимнастикийн спортод их зүйл мэдэж болохоор хугацаа. Москвагийн охид туршлага мэдлэгээр миний урд явна шүү дээ. Одоо л урагш алхахгүй бол оройтох гээд байна.
-Өөрийн чинь хийх дуртай гимнастикийн хэрэглэл юу вэ?
-Булов дээр дасгал хийх надад амар байдаг.
-Танд спортын өндөр амжилт хүсье?
-Баярлалаа.