А.НОМУУНДАРЬ
Өнгөрсөн даваа гарагт торгоны замын анхны галт тэрэг БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн ачиж Иран улсын нийслэл Тегеран хотод хүрлээ. Иран улсын галт тэрэгний компаний мэдээлснээр энэхүү галт тэрэг хятадын зүүн хэсэгт орших Зэйжанг мужаас хөдөлж 32 чингэлэг барааг 14 хоногийн хугацаанд 9500 км замыг туулан, Казакстан, Туркменстан зэрэг улсаар дамжиж хүрсэн байна. Иран улсын галт тэрэгний компанийн захирал Мосен Поурсаяд Акэй торгоны замын нээлтийн ёслол дээр БНХАУ болон Туркменстан улсын элчин сайдуудад хандан “Торгоны замын дахин сэргэлт нь бидний хамтын ажиллагаанд чухал байр суурийг эзлэх болно” гэв. Мөн энэ төмөр замыг Тегеран хүргээд зогсохгүй цаашдаа өргөжин европд хүрэх төлөвлөгөөтэй байгааг дурджээ. БНХАУ нь Иран улсын гурав дахь том худалдааны түнш болж байгаа бөгөөд Тегеран хотоос газрын тос импортлогч хамгийн том зах зээл болж байгаа юм. БНХАУ-ын удирдагч Си Жиньпин болон Иран улсын ерөнхийлөгч Хассан Роүхани өнгөрсөн сард ирэх 10 жилийн хугацаанд хоёр орны худалдааг 600 тэрбум доллар болгохоор тохиролцсон байна.
Эх сурвалж: www.zms.mn