Д.ЖАВХЛАН
Манай оронд ирэх сарын 24-27-ны өдрүүдэд бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очиртой ярилцлаа.
-Улааанбаатарт зохиогдох бодибилдинг фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэлийг сонирхуулахгүй юу?
-Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил гаруйн хугацаанд хөөцөлдсөний эцэст эх орондоо зохиох эрхийг авлаа. Ингэснээр Монголын хүүхэд залуус, бодибилдинг фитнессийн спортыг шимтэн сонирхдог манай үзэгчид дэлхийн шилдгүүдийг дэргэдээсээ харах сайхан завшаан тохиох юм. Өнгөрсөн жилийн тэмцээн Унгарын Будапешт хотноо болоход дэлхийн 60-аад орны 400 гаруй тамирчин тэмцээнд хүч, бяраа сорин оролцсон байдаг. Энэ тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Манай оронд зохиогдох тус тэмцээнд 19 орноос 200 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлэг ирүүллээ. Үлдэж буй хугацаанд энэ тоо нэмэгдэх хандлагатай. Монголоос тус тэмцээнд 20 орчим тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-Монголд бодибилдинг фитнессийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр холбоо бий. Тэгвэл нөгөө холбоо /Монголын бодибилдинг фитнессийн холбоо/-ны тамирчид энэ тэмцээнд оролцох боломжтой юу?
-Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны баримтладаг гол зарчим нь допингийн эсрэг, тамирчдын эрүүл мэндийг юун түрүүнд анхаарах явдал юм. Энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуус олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нөлөө бүхий холбоонд хандах хэрэгтэй.
-Танай холбоо хэдэн онд байгуулагдсан юм бэ?
-Монголчууд 1993 онд Олон улсын бодибилдинг фитнессийн холбоонд элссэн түүхтэй. Тухайн үеийн анхны нэрийг Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо хэмээн нэрийддэг байсан боловч холбооны хэсэг нөхөд нэрийг нь өөрчлөн үйл ажиллагааг нь өөр тийш хандуулсан. Ингээд холбооныхоо үйл ажиллагааг цааш явуулах боломжгүй болсон тул бидний зарим нөхөд 2010 оноос шинэ нэртэй болж тэмцээн уралдааныг явуулж эхэлсэн.
-Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос зохиодог УАШТ /Улсын аварга шалгаруулах тэмцээн/ хэд дэх жилдээ болж байна вэ?
-Дөрөвдэх жилдээ зохиох гэж байна.
-Тамирчид хэдэн ангилалд өрсөлдөх вэ?
-Залуучуудын 23 хүртлэх насны ангилалд бодибилдинг болон классик, фитнес гэсэн төрөлд өрсөлдөх боложтой. Харин эмэгтэйчүүд бодибилдинг, классик, боди фитнесс, пекини гэсэн төрлүүдэд өрсөлдөнө. Мөн ахмадын эмэгтэйчүүдийн ангилалд 35-аас дээш, эрэгтэйчүүдийн 40-49, 50-59, 60-аас дээш гэсэн нийт 25 төрөлд тамирчид өрсөлдөх юм. Жин бүрт дэлхийн аваргаас медаль хүртсэн 2-3 тамирчин оролцох хандлагатай байна.
-Тэмцээний бэлтгэл ажил хангагдсан уу?
-Тэмцээн ирэх сарын 24-27-ны өдрүүдэд “UB Palace”-ийн концертын их танхимд болно. Бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан. Тэмцээнийг өндөр төвшинд хийхээр төлөвлөсөн.
-Энэ тэмцээнд Монголоос хэчнээн тамирчин оролцох вэ?
-Манай холбоо тив болон дэлхийн аваргад оролцох тамирчдынхаа дунд сорил тэмцээнийг тогтмол зохион явуулдаг. Сорилд хэн илүү нь олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох учиртай. Энэхүү шударга дүрмийг хэрэгжүүлэх нь тамирчдад бүх талаар амар байх болов уу. Сорил тэмцээнийг зохиосноор тамирчид өөрийн бэлтгэл сургуулилтиас бусад зүйлд сатаарахгүйгээр олон улсын тэмцээнд санаа амар бэлдэх боломжтой.
-Танай холбооны тамирчдыг мэргэжлийн бус гэж ярих хүмүүс байна?
-Манай тамирчдын булчингийн массыг тааруу гэж ярих хүмүүс бий. Гэхдээ Монголын бодибилдингийн нэгдсэн холбоонд харьяалалтай тамирчид допинг буюу сэргээшийн төрлийн эм бэлдмэл огт хэрэглэдэггүй. Манай холбоо допингийн эсрэг хатуу байр суурь баримтладаг.
-Энэ удаагийн тэмцээнд оролцсон бүх тамирчдыг сэргээшийн шинжилгээнд хамруулна гэсэн үг үү?
-Медальт байранд шалгарсан гурван тамирчнаас сэргээшийн шинжилгээг авна. Цаашлаад сэргээш хэрэглэсэн байх магадлалтай гэж үзвэл эхний 15-д орсон тамирчдаас тус шинжилгээг авч болно.