Жүдо бөхийн Олимпийн хоёр удаагийн хүрэл медальт, БНСУ-ын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал, Азийн жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга, доктор, профессор Чо Ён Чул тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, Монголын жүдо бөхийн анхны олимпийн аварга, дэлхийн гурван аварга болон олон алдартай тамирчныг төрүүлсэн Үндэсний биеийн тамирын “Аварга” дээд сургуульд зочиллоо. Тэднийг тус сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ эрдэмтэн багш нар хүлээн авч уулзсан юм. “Аварга” дээд сургуулийн эрдмийн зөвлөлөөс түүний Монгол-Солонгосын найрамдалт харилцааг бэхжүүлэх, Монголын жүдо бөхийн спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Хүндэт доктор”-оор өргөмжлөв. Чо Ён Чул 1961 онд БНСУ-д төрсөн. Сежоны их сургуульд “Спортын түүх” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, 2011 оноос өнөөг хүртэл Жүдогийн боловсролын төвийн захирлаар ажиллаж байгаа. 2003-2011 онд Жүдо бөхийн Азийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар, 2005 оноос БНСУ-ын Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 1985 онд Сөүл хотноо болсон дэлхийн аваргын тэмцээний алтан медальт, 1984, 1988 оны олимпийн хүрэл медальт, жүдо бөхийн дэлхийд данстай тамирчдын нэг юм. Чо Ён Чул, Б.Бат-Эрдэнэ нарын сэтгэгдлийг сонирхлоо.
-Монголд ирсэн сэтгэгдлээ хэлнэ үү?
-Энэ өдөр надад хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээлээ. Биднийг найрсгаар угтсан монгол түмэн, эрхэм журмын анд Б.Бат-Эрдэнэ, “Аварга” сургуулийнханд баярлалаа. Монголын жүдо бөхийн хөгжил дэлхийн төвшинд маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа, спортын хөгжилд хувь нэмрээ оруулсан та бүхэнд талархал илэрхийлье. Мөн хоёр улсын харилцааны хүрээнд ирэх наймдугаар сард болох Бразилийн олимпод жүдо бөхийн төрлөөр Зүүн Азид гаргаж буй амжилтыг мэдрүүлэхийг хүсч байна.
-Та “Аварга” дээд сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй андын сайхан харилцаатай гэж хэлсэн. Хэдийнээс нөхөрлөв?
-Манай Б.Бат-Эрдэнэ Монголд жүдо бөхийн спортыг хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан. Бидний нөхөрлөл 30 жил болж байна. Бид бөхийн дэвжээн дээр хамт байсан бол дараа нь спортын зүтгэлтний хувьд, ажил албаны шугамаар удаан нөхөрлөж, анд бололцсон. Түүнийг Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч байхад би БНСУ-ын Жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга байсан.
-Та Монголын жүдо бөхийн хөгжлийг юу гэж үздэг вэ?
-Би Монголын жүдо бөхийн хөгжлийг дэлхийн түвшинд байна гэж хэлэх байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ингэж бодогддог.
Б.Бат-Эрдэнэ: ТЭР МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ИХ ЗҮЙЛ ХИЙСЭН
-Чо Ён Чул гуай тантай 30 жил нөхөрлөж байна гэсэн. Хэзээ анх танилцав?
-Солонгост спортын олон төрлөөр тамирчин бэлддэг сургууль бий. Тэр сургуулийн профессор, миний багын найз Чо Ён Чул Монголд айлчилсанд баяртай байна. Энэ үеэр “Аварга” дээд сургууль “Хүндэт доктор”-оор өргөмжиллөө. Бид анх 1986 оны Европын цуврал тэмцээнүүдэд жүдо бөхийн төрлөөр хүч үзэн барилдаж танилцсан. Хоёулаа тамирчин байсан. Дараа нь багш, дасгалжуулагч, спортын холбооны зүтгэлтэн болсон. Энэ үеэсээ Монголын жүдог өндөр төвшинд хүргэхийн төлөө хамтран ажилласан. Миний найз үүнд маш их хувь нэмрээ оруулсан. Миний анд 1985 оны Азийн хүнд жингийн аварга, Олимпоос хоёр удаа медаль хүртсэн. Спортыг шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэхэд их зүйл хийж явааг монголчууд мэдэх байх. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Түүнийг хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх, спортын салбарыг хөгжүүлэх, тэр дундаа жүдо бөхийн спортыг өндөр төвшинд гаргах, хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд их хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин