Б.САНСАР
Дэлхийн рок-поп хөгжмийн хамгийн нөлөө бүхий чаартыг АНУ-ын сэтгүүл гаргадаг. Тэгвэл тус сэтгүүлийн шилдэг 100 дууны жагсаалтыг Майли Сайрусын “Wrecking Ball” дуу тэргүүлсээр байна. “MTV”-ийн шагнал гардуулах ёслолын үеэр Майли Сайрус дуулахдаа хэт секси хөдөлгөөн хийж, үе үе хэлээ гаргаж байсан нь олон хүний зэвүүцлийг хүргэсэн билээ. Юун Мадонна, юун Леди Гага. Чухам үүний дараа түүний найз залуу, Австралийн жүжигчин Лиам Хемсворт түүнийг хараад огидос хүрдэг болсон тухайгаа мэдэгдсэн.
Майли Сайрусын шинэ дуу экс-найз залуудаа илгээсэн захидал байж болох тухай АНУ-ын шар хэвлэлүүдээр шуугих болжээ. Хорин нас хүрээд буй Майли “Wrecking Ball” дууныхаа клипэнд аварга том төмөр бөмбөлөг дээр чармай нүцгэн сууж савлан мөрөөдлийн хөвгүүнээс нь тусгаарладаг тоосгон ханыг эвдлэхийг оролддог. Хэт өдөөн хатгасан гэх энэ клип юутай ч “Billboard”-ын чаартын манлайд байна. АНУ-ын “Parade” сэтгүүлийн сурвалжлагч түүнээс сүүлийн гурван жилийн турш авсан ярилцлагуудаа нийлүүлэн дахин хэвлэснийг толилуулж байна.
-Та дунд сургуульд ямар сурагч байсан бол?
-Би онц сурлагатан байгаагүй нь мэдээж. Намайг ойр тойрныхон үл тоомсорлоход маш их санаагаар унадаг байжээ. Ер нь би үргэлж бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг байсан. Янз бүрийн этгээд зүйл хийгээд л.
-Таныг хэт их хөдөлгөөнтэй охин байсан гэдэг юм билээ?
-Тийм шүү. Намайг бүр наймхан настай байхад хөршүүд, “Ээ бурхан минь, ямар галзуу охин бэ. Дунд сургуулиа төгсөөд энэ охин одоо яана аа?” гээд л аав, ээж хоёроос шогшрон асуудаг байсан гэдэг. Томчуудын үгэнд ороод даруухан явсансан бол одоогийн энэ амжилтад хүрэх байсан уу.
-Та том улстөрчийн ач охин гэсэн?
-Би “Сүүлчийн дуу” гэж кинонд Ронни охины дүрд тоглосон. Би өвөө Рон Сайрусын дурсгалд зориулан ийм нэртэй охины дүрд хувилсан юм. Өвөө маань олон жилийн өмнө өөд болсон. Тэрээр Кентакки мужид 21 жилийн турш Ардчилсан намын нөлөө бүхий улстөрч байсан юм. Нэг удаа би Вашингтон хотод концерт тоглосон. Тэгэхдээ өвөөг минь мэддэг олон хүнтэй уулзаж ярилцсан. Тэгэхэд л намайг үргэлж эрхлүүлж явсан өвөө маань ямар мундаг нэр хүндтэй улстөрч байсныг ойлгож билээ.
-Тэр концерт дээр тэргүүн хатагтай Мишель Обама охидоо дагуулан очсон гэл үү?
-Тийм шүү. Миний бодлоор Цагаан ордны хамгийн сайхан хүн бол Мишель Обама. Миний концерт дээр тэр сонгодог хэрнээ орчин үеийн даашинзтай ирсэн. Түүнтэй ярьж суухад энгийн нэг хүнтэй л чалчиж байгаа юм шиг санагдсан шүү. Ийм энгийн байдал л Обамагийн гэр бүлийнхнийг бусад хямсгар улстөрчдөөс давуу болгодог гэж бодсон.
-Үргэлж дуулиан тарьдаг Леди Гагагийн тухай ямар бодолтой явдаг вэ?
-Түүнд би хайртай. Леди Гага маш ухаантай. Түүнд авьяасаас гадна мундаг ухаан бий. Тэр үзэгчдийг юугаар гайхшруулж анхаарлыг нь татаж болох вэ гэдгийг маш нарийн тооцоолж чаддаг.
-Телевизээр юу үзэх дуртай вэ?
-Би үеийн бусад охидоосоо байнга ялгардаг байсан л даа. Тэднээс тэс өөр байсан тул бусад охид намайг маанаг гэдэг байлаа. Тэд зурагтнаас салдаггүй бол би хэзээний телевиз шагайж суух дургүй.
-Та яагаад кантри хөгжимд дургүй юм бэ?
-Кантри хөгжмөөс айдаг гэх үү дээ. Нэг л хиймэл, худлаа санагдаад байдаг юм. Ковбойн малгай, гутал өмсөөд л нэгэн хэвийн утгагүй дуу дуулах үнэхээр тэнэг. Товчхондоо худлаа хөгжим бол кантри.
-Папарацци нартай хэрхэн харилцдаг вэ?
-17 настай байв уу даа. Орой явж байсан чинь ардаас дэндүү олон гэрэл зурагчин дагаж байгааг мэдэрсэн. Жирийн нэг сурагч охиныг тэгж дагасан бол бүгд шоронгийн хаалга татна шүү дээ. Гэтэл од гэсэн тодотголтой намайг дагаснаар тэд харин ч хоолныхоо мөнгөө олдог. Утгагүй.
-Та хэр сүсэг бишрэлтэй вэ?
-Ямар нэг юманд итгэхээсээ өмнө олон зүйлийг мэдэж, мэдрэх хэрэгтэй гэж боддог. Би Буддын сургаалийг унших их дуртай байж билээ. Их юм ойлгуулж чаддаг шашин гэж мэдэрсэн.
-Сайн, муугийн ялгааны тухайд?
-Хүн өөрийгөө дүүрчихсэн муу хүн болсон гэж хэзээ ч үзэж болохгүй юм шиг. Тэгвэл үхсэнээс ялгаа юу байна. Алдаагаа засах боломж хэзээд нээлттэй шүү дээ. Бүгдийг шинээр, зөвөөр эхлэх боломж хүн бүхэнд бий болов уу. Хэрэв бурхан уучилж болдог хорвоо бүтээсэн юм бол чи ч гэсэн өөрийгөө уучилж болно байх.