Д.ЖАВХЛАН
Казахстаны нийслэл Алматы хотноо ирэх сарын 11-26-нд боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд манай улсаас 64 кг-ын жинд хэн оролцох нь өчигдрийг хүртэл тодорхойгүй байлаа. Тэгвэл гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нарын хэн дийлсэн нь тус тэмцээнд явахыг шийдэх сорил тулаан өчигдөр оройн 16:00 цагт Эрдэнэт хотын “Сэлэнгэ” амралтын баазад болов.
Энэ тулаанд улаан булангаас гарч өрсөлдсөн олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний үед 49:46, удаах үед 46:49, төгсгөлийн үед 48:47-оор өрсөлдөгчөө буулгасан юм. Энэ тулааны эцсийн үнэлгээг шүүгч өгөхөд 143:142 буюу ердөө ганцхан онооны давуугаар гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дийлж дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон билээ. Түүнийг ОУХМ Н.Баяраа рингэнд дасгалжуулжээ. Харин нөгөө талаас ОУХМ З.Энхзориг хөх өмсгөлтэйгээр тулалдсан бөгөөд түүнийг н.Сайнбилэг дасгалжуулсан юм. Хүнд гэж хэлж болох энэхүү тулааны рингний шүүгчээр Д.Аюур ажилласан байна.
Сорил тэмцээнд ОУХМ З.Энхзоригийг буулгаж авсан гавьяат маань боксын дэлхийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээний рингэнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо. Түүнд амжилт хүсье.