Н.БАТМӨНХ

Г.Дэмүүл 1935 оны модон гахай жил Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг “Хярын гурван Алтгана” гэдэг газар эцэг Гомбо-Аюуш, эх С.Чинжээ нарын гурав дахь хүү болон төржээ. Аав нь сум орон нутагтаа шаггүй барилдчихдаг, ээж нь бие жижиг боловч их бяртай хүн байжээ. Г.Дэмүүл багаасаа үе тэнгийнхэнтэйгээ ноцолдож гутал хувцсаа тэсгээдэггүй нэртэй хүүхэд байжээ. Тэгээд 21 настайдаа сумандаа барилдан түрүүлж сумын заан цол авчээ. Тэр жилдээ 1957 онд Дундговь аймгийн баяр наадамд очиж барилдан “Дэнж нь булгичихгүй бол Дэмүүл хүү хазайхгүй ээ” хэмээн аархаж барилдаж Ш.Доржтовуу начинг орхин түрүүлж аймгийн арслан цол авчээ. Дараа нь аймгийнхаа баяр наадамд 1958, 1961, 1963, 1968, 1982 онд түрүүлжээ. Г.Дэмүүл цаашид хотод очиж сурч ажиллаж байхдаа заал танхимын барилдаанд тогтмол барилдаж, барилдааны арга барил сурч, бяр хүч нь сууж эхэлжээ. 1961 оны бүх ард түмний анхдугаар спартикиад болоход аймгаасаа шалгарсан оролцож, аймаг, нийгэмлэгүүдээс шалгарсан шигшмэл 28 бөх тойргийн журмаар барилдахад 24 давсан амжилтаар тавдугаар байр эзэлж Монгол Улсын заан цол хүртжээ. Тэр жилээ Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадамд хэдхэн хоногийн өмнө адилхан заан цол авсан Архангайн Т.Зундуйтай тавын даваанд тунаж өвдөг шорооджээ. Түүнээс хойших баяр наадмаар хэрхэн барилдсныг толилуулъя.

1963 оны улсын баяр наадамд тав давж улам нэмэх чимэг.

1963 онд Монгол бүх ард түмний хоёрдугаар спартaкиадаар аймаг, нийгэмлэгээс шалгарсан 29 бөх тойргийн журмаар барилдахад 22 давж зургадугаар байр эзэлж үнэн хүчит чимэг.

1964 оны улсын баяр наадамд тав давж хурц шаламгай чимэг.

1965 онд зургаа давж бат хүчит чимэг.

1968 онд тав давж үнэн итгэлт чимэг.

1969 онд найм давж түүнтэй барилдах байсан Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар хоёр цаг 18 минут барилдсан учир хасагдахад Г.Дэмүүлийг түрүүлсэн гэж тооцож 34 насандаа Монгол Улсын арслан цол авчээ.

1970 онд долоо давж чин зоригт чимэг.

1971 онд тав давж бат суурьт чимэг.

1973 онд зургаа давж тод сонин чимэг.

1978 онд тав давж хурц идэр чимэг тус тус авчээ.

Дараа нь 1979-1982 он хүртэл биеийн эрүүл мэндийн байдлаас болж улсын баяр наадамд барилдаж чадаагүй. Харин 1974, 1976, 1977, 1983 онуудын баяр наадамд дөрөв давж аймгийн арслан О.Пүрэв, Д.Шоовдор, Г.Жалаа, Д.Багахүү нарыг амлан авч улсын цолны босго алхуулжээ.

1962 онд гурав давжээ. Мөн 1984, 1991 онд хоёр давж залуу бөх Б.Жавхлантөгс, Ш.Лхагвасүрэн нарт унажээ. Мөн 1972 онд нэг даваад өвдөг шорооджээ. 1975, 1985-1990 онуудын баяр наадамд мөн л биеийн эрүүл мэндээс шалтгаалж барилдаагүй юм билээ. Г.Дэмүүл арслан хөл, гар шуундаа их тэнхээтэй бөх байлаа. Тэрээр хар багаасаа бяр чадал сууж хөл гарын булчин бусдаас өвөрмөц байдалтай хөгжсөн хүн байлаа. Тэрээр хүнд хүчир ажлыг тэр энэ гэж ялгалгүй хийдэг байсан учир гэдсэндээ ч чадалтай байжээ.

Г.Дэмүүл арслан бол аатай, бас шударга бөх байсан юм. Тэрээр өөрийнхөө санаж бодсон зүйлээ шударгаар илэрхийлдэг байлаа. Бас нэлээд сайн идчихдэг, архи уугаад барагтай бол согтдоггүй байсан тухай домог мэт яриа элбэг байдаг. Тэрээр нэг удаа айлд ороод айраг өгөхгүй болохоор яриа өдөж ам гарсан айлын 200 орчим литр айрагтай ширэн хөхүүрийг нь нэг км гаруй газар амралгүй авч явж машиндаа аваачиж тавьчихаад мөрийгөө авч байсан гэдэг. Арслан үндэсний бөхөөс гадна самбо барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгө, хүрэл медаль авч, 1975 оны Монголын бүх ард түмний тавдугаар спартикиадын дараахан спортын мастер болжээ. Мөн гүйлтийн тэмцээнд оролцож 100 метрийн зайд хоёрдугаар зэрэгтэй тамирчин болж байв. Г.Дэмүүл арслан шогч алиа зантай шударга байдлыг эрхэмлэдэг хүн байлаа. Түүний ууган охин Д.Соёл, хүү Д.Энхтүвшин нар бөхийн галбир төрх сайтай аавтайгаа маш адилхан ч барилдаж байгаагүй талаар бөх судлаач З.Жанжаадорж бичсэн бий. Охин Соёл, түүний нөхрийн санаачилгаар 2000 онд арслангийн хөшөөг Өмнөговь аймгийн төвд босгосон. Бас Манлай сумын уугуул, суугуул иргэдийн санаачилга, хандиваар арслангийн хөшөөг сумандаа босгож хүндэтгэл үзүүлжээ. Г.Дэмүүл арслан бол говь нутгаас төрсөн алдртай цөөхөн бөхийн нэг юм. Тэрээр нуруугаар өндөр биш боловч хүч ихтэй, цэрвүү барьцнаас сөөлжин татаж эсрэг бөхийнхөө зүүн хонгонд хүчтэй алгадаж түлхэх, хав золгосон хүнийг дагуулж хавирах зэрэг гол мэхийг хийдэг манай хүчтэй, буурьтай арслангийн нэг байлаа.