Д.ОДОНТУНГАЛАГ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат улсын начин Чүлтэмийн Мөнхтогтохыг бөх сонирхогчид маань Сэлэнгийн “дүүгүүр” гэдгээр нь илүү сайн таних болсон. Энэ бол түүний Монгол орон даяар дархлагдсан нэр. Начин маань Сэлэнгэ нутгийн анхны аварга Г.Эрхэмбаяраараа омогшиж бас бахархаж сэтгэл нь огшин сууна. Огшихоос ч өөр яалтай билээ. Тэрээр шинэхэн аварга Г.Эрхэмбаярын өмнөх үеийн Сэлэнгийн цолтнуудын нэг. Чухамдаа  Амаржаргал, Эрдэнэбат, Мөнхтогтох зэрэг нэгэн үеийн шижигнэсэн сайхан бөхчүүд улсын цолтны залгамж халаа тасраад байсан цаг үед Сэлэнгэ нутгийнхаа нэрийн хуудас болцгоож чадсан юм. Энэ л улсын цолтнуудын араас өнөөгийн Сэлэнгэ нутгийн хүчтэй залуу үе төрөн гарсан.

“Миний үеийн бөхчүүд, цуг барилдаж байсан найз нөхдүүд гэвэл  Амаржаргал начин, Ганзориг арслан, Авидсүрэн арслан, Бямбаа арслан гээд сайхан хүмүүс бий. Эд маань бүгд л цолонд хүрцгээсэн. Амраа бид хоёр цэргийн албанд ч, аймагтаа ч, улсын цолонд хүртлээ барилдаж ноцолдож явсан найзууд. Бас улсын харцага Саранцогт байна. Нэг үеийн бөхчүүд. Бидний араас аварга Г.Эрхэмбаяр, Т.Өсөх-Ирээдүй гээд сайхан залуучууд залгаад гарч ирсэн. Өнөөдөр нутгийн дүү нар цолонд хүрч, сайн явж байгаад сэтгэл хангалуун байна” гэж тэрээр хэллээ.

Мөнхтогтох начин цэргийн албанд байхдаа 1988 онд 19 насандаа цэргийн наадмаар цэргийн арслан цолыг анхлан авч, 1992 онд аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан болсон бол 1998 онд улсын баяр наадамд тав давж улсын начин цол хүртсэн байдаг. Улсын цол хүртэх сайхан даа. Цол гэдэг ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн ийм л сайхан зүйл шүү дээ хэмээн түмэн олноороо бахархан байна.

Тэрээр хүүхэд байхаасаа л бөхөд хорхойтой, барилдах дуртай байж. Аав ээж, ах дүүс нь цуглахаараа, алив миний хүү нэг барилдчих гэнэ. Тэгэхэд нөгөө хүүхдээ барьж аваад л дүүгүүрдчихнэ. Тиймээс ч “дүүгүүр” бол миний унаган мэх хэмээсэн. Хар багаасаа сурсан, дадсан мэх нь болохоор тэр байх. Хүмүүс бүгд л түүнийг “Сэлэнгийн дүүгүүр Мөнхтогтох” гэнэ. Зарим нь бүр өө нөгөө дүүгүүр явж байна гэх.

Нэр бүр байхгүй. Ингэж нэрлэлээ гээд гомдох зүйл байхгүй харин ч үүгээрээ бахархаж явдаг. Дурсах нэрийг эцэг эх, дуурсах нэрийг хүн өөрөө гэдэг энэ билээ. Сурсан мэдсэндээ эзэн нь байхын утга учир бас энэ юм. Хэн ч танихгүй нэгэн байхаас хүн бүрийн танил байхын сайхан бас энэ. Начин маань 30 гараад улсын цолонд хүрсэн байдаг. Начныг улсын цолны босго давахад Сэлэнгэчүүд сайхан хүндэлж, хүлээж авсан. Энэ л нутаг усныханы хүндлэл Сэлэнгээс бөх төрөх үүд хаалганы нээлт байсан байж болох. 

Манай Мөнхтогтох чинь эхлээд дүүгүүрддэг байлаа. Дараа нь хөл авчихдаг болсон. За ер нь янз янзын л мэх хийнэ дээ. Жинтэй, бяртай бөх. Энэ бүхнийхээ үр дүнд улсын цолонд хүрсэн. Ур чадвар нь ч өссөн хэмээн үеийн хүчтнүүд, найз нөхөд нь тодорхойлсон.

Миний хувьд Мөнхтогтох начинг гэр үүрээд нэгэн нэвтрүүлэгт орж байсныг мартдаггүй юм. Долгорсүрэн заан “Бушхүүгийн үлгэр” дээр ээжийгээ суулгачихсан гэр үүрээд явж байсныг харж байснаас өөр ийм дүр зураг хараагүй билээ. Энэ тухайд нь асуухад:

-“Тэр чинь 2006 онд юм. ТВ8 телевиз “Монгол гайхамшиг” гэж нэвтрүүлэг хийсэн. Түүгээр монгол эр хүн юу чаддаг, ямар авъяастай юм гэдгийг харуулахыг зорьсон юм билээ. Нэг хамгаалагч залуу гурав хоног номхон зогссон юм гэсэн шүү. Энэ мэтээр монгол хүний хатуужил, чадварыг гаргахыг л зорихгүй юу. Тэр нэвтрүүлэгт улсын начин Пэрэнлэйдорж бид хоёр оролцсон. Гэр гэдэг маань 4-5 хүн амьдардаг монгол хүний сууц. Үүнийгээ үүрээд саахалт айлын дайтай явчихдаг юм байна гэдгийг харуулах гэж Хүүхдийн ордны хойд талбайгаас Төв цэнгэлдэхийн хойд хаалга хүртэл үүрсэн. Дөрвөн ханатай, 300-гаад кг жинтэй гэр байсан. Яахав, болсон, үүрсэн” хэмээн хэлээд инээж суусан. Тухайн үед үүрч явсан гэрийнх нь туурга, шал, тооно, унь гээд бүгд норчихсон байсан гэдэг. Тэгэхээр ачаа улам хүнд болох нь тодорхой. Энэ үед начин 38 настай байсан гээд боддоо. “40 хүрэх шахаж байж саваагүйтэж л явдаг. Дийлэхээргүй хүнд эд билээ. Дахиж л гэр үүрнэ энээ тэрээ гэж амлахгүй юм шүү” гэж хэлсэн нь “Бөх” сонины шарласан хуудаснаа үлджээ. Ямартай ч хоёр начин маань ийнхүү хүч чадлын гайхамшгийг харуулж чадсан байдаг. Энэ үеэр Мөнхтогтох начин бас нэгэн бэлгийг үзэгчиддээ барьсан байдаг юм. Юу гэвээс 50 кг жинтэй туухай өргөсөн явдал. Энэ туухай түүний бэлтгэл хангадаг дасгалуудын нэг нь байсан юм билээ. Ийнхүү долоон жилийн өмнөх нэгэн өдөр манай начин монгол эр хүний хүч чадал, эр бярыг нэгэн зэрэг харуулж чадсан байдаг. Энэ бас нэгэн бахархал, бас нэг омогшил билээ.

Өнөөдөр Сэлэнгэ улсын цолтой олон бөхчүүдтэй, Аймгийн арслан цолтой олон сайхан залуучуудтай болж. Нэг үеэ бодоход Сэлэнгэ нутгийн залгамж халаа сайхан бэлтгэгдэж байна. Энэ бол ах захаа хүндэлж эвтэй байгаагийн илрэл. 

Мөнхтогтох начинтай Сэлэнгэ нутгийн шинэхэн аварга Г.Эрхэмбаярын талаар хөөрөлдлөө. Тэрээр, Сэлэнгэ түмний бахархал болсон Монгол Улсын анхны аварга Г.Эрхэмбаяр бол үнэхээрийн хөдөлмөрч, хичээнгүй, бэлтгэлийн ачаалал мундаг даадаг бөх. Спортын амжилтын ард сайн менежмент байх хэрэгтэй. Тэр хүний амьдралд нь зарцуулах мөнгө төгрөг бүх юм нь хангалттай байж тухайн хүн бэлтгэл сургуулилтаа сайн хийж амжилтанд хүрдэг. Аваргынхаа арын албыг манай Сэлэнгэ түмэн даагаад, цаашдаа дархан аварга болох найдвар бүрэн бий. 21 дэх аварга гэдэг маань учиртай. Ер нь Сэлэнгэ нутагт 21 гэдэг тоо их билэг дэмбэрэлтэй юм. Ардын хувьсгалын анхны наадам Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд болж тэр наадамд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат Данигайн Дамдин гэж хүн түрүүлж заан цол авч байсан түүхтэй. Тэр цагаас хойш XXI зууны 21 дэх аварга манай аймгаас төрлөө. Энэ хүний араас Сэлэнгэ нутгийн олон сайхан бөх гарах боломжтой боллоо. Тиймээс энэ сайхан бөхөө Сэлэнгэ түмэн маань хүндэлж, энэ сайхан хүнийхээ хайр хишгийг хүртэж явах ёстой. Ямарч л гэсэн Сэлэнгэ нутгаас ахиад олон том цолтой бөхчүүд төрөх зам нь нээгдчихлээ гэж бодож байна” гэлээ.

Ч.Мөнхтогтох начин хоёр охин нэг хүүтэй. Хүү маань одоо 13 настай. 16,17 нас хүрээд, бие хаа нь сайхан болоод ирвэл хараад сууж байна гэж юу байхав ойр зуурын юм зааж өгч бөх болгочих гэж үзнэ дээ гээд начин инээсэн. Бөх хүн хүүгээ бөх болгоё гэж бодох нь аргагүй биз. Хүү нь одоо алдар нийгэмлэгийн чөлөөт бөхийн секцэнд явдаг юм билээ. Начин өөрөө эцэг эхээс долуулаа. Аав, ээж хоёр нь багш мэргэжилтэй сэхээтэн хүмүүс.

Түүний удамд нэрд гарч барилдаж явсан хүмүүс нэг их байхгүй ч даага, шүдлэн адууг дэлдэж байгаад хөөвөр, хялгасыг нь авчихдаг тэнхээтэй хүмүүс бай­сан гэдэг. Энэ л эр бяр Мөнхтогтох начинд ч ир­жээ. Нэг их олон юм яриад байхгүй, үг дуу цөөтэй, гүдэсхэн, инээд алдсан энэ сайхан бөх өөрийн үе тэнгийнхнээрээ, шинэ залуу хүчтнүүдээрээ бахархаж явдаг юм билээ л.