Д.НАДМИД
Японы мэргэжлийн сүмогийн намрын тэмцээн ид дундаа орлоо. Өрсөлдөөн ч ширүүсч байх шиг. Тэмцээний долоо дахь өдрөөс комүсүби цолтнууд хоорондоо таарч эхэлсэн бол өчигдрөөс озеки нар тулж байна. Энэ башёгийн онцлог гэвэл тэр юм уу даа. Зарим тэмцээнээр найман өдрийн дараахь байдлаар унаагүй бөх хэд хэд гарч ирдэг. Хэн түрүүлэхийг хэлэхэд бэрх л байдагсан. Гэтэл энэ башёд хэн түрүүлэх бол, хэний магнай тэнийх бол гэж нэг их зовох юмгүй бололтой өнгө төрх тод байгаа юм. Тэмцээн болохын бүр өмнө сүмогийн холбооны тэргүүн Китаноуми хэлэхдээ:
-Хэн түрүүлэхийг хэлэхэд хэцүү байна. Хоёр ёкозүнагийн нэг л түрүү авч таарна. Харүмафүжигийн хувьд эхний найман өдөр унахгүй бол Хакүхо аваргатай түрүү булаалдах боломж бий гэсэн удаатай билээ.
Тэгвэл Харүмафүжи тэмцээний хоёр, гурав дахь өдрөөс унаж тэргүүнийхээ итгэлийг алдаад эхэлсэн. Одоо зургаан даваа, хоёр унаатай явна. Энэ бол түрүүлэх магадлалтай бөхийн жагсаалтын гадна бичигдсэн гэсэн үг. Харин Хакүхо аргагүй л”их аварга шүү би” гэдгээ харуулж энэ тэмцээнд ганцаараа босоо байгаа. Бяр гэж тамтаггүй бэлтгэл нь маш сайн харагдаж буй. Учраа бүхнээ илт давамгайлан орхиж байна. Одоогоор түүнийг жаахан сандаргасан бөх ч алга. Эрчээрээ энэ башёг өнгөлж 26 дахь түрүүгээ авах нь гэж сүмогийн мэргэжилтнүүд хэлж байна билээ. Сүмод монгол бөхчүүдийн хаанчлал мөд дуусахгүй ээ. Хакүхо 2020 оны олимп хүртэл барилдана гэж амласан. Тэгж гэмээнэ сүмогийн дээд амжилтыг эвдэх магадлал бүрэн бий. Монгол эрчүүд чансаатай гэдгийг харуулж байгаа нэгэн бол Кёкүтэнхо Н.Цэвэгнням. комүсүби цолд нэг биш удаа хүрч явсан тэр сүмогийн түүхийн олон дээд амжилтын эзэн болж яваа. 38 нас хүрсэн үедээ дээд зиндаанд түрүүлж олны нүд бүлтийлгэсэн нөхөр. Цаашдаа ч “би болоогүй ээ” “ гэдгээ харуулсаар байна. Энэ башёд гэхэд одоо зургаа давчихаад байгаа. Монголчууд дөч хүрсэн эр хүн бяр тэнхээ, ухаан санаа бүхэн нь тэгширдэг гэдэг. Н.Цэвгээгийн дэвжээн дээр гялалзаж байгааг харахад тэр үгийн үнэнийг хэлэхгүй байх аргагүй. Какирюү Ананд маань бас озеки цолоо хамгаалан барилдаж байна. Японы сүамочдоос аварга болгох гэсэн болзлыг дааж чадаагүй ч озеки Кисеносато урьдынхаараа л сайн барилдаж одоо долоон даваатай Хакүхогийн араас нэхэж явна. Түрүүлэх боломжоо алдаагүй л гэсэн үг. Өөр бусдыг нь нэг их магтаад байх юм алга шиг. Сүмогийн холбооныхон Эндо гэдэг залуу бөхөө сүрхий магтаж эхлээд байгаа.Жүрьёод гуравхан башё барилдаад л дээд зиндаанд дэвшиж ирснийг нь ишлэж маргаашийн аварга гарч ирлээ гэж дөвийлгөсөн. Барьцтай барилдаанд илүү, өөр л харагдаж байгаа л даа. Тэр бөх нь. Яг барилдааныг сонжвол тийм ч гойд юм ажиглагдахгүй л юм. Уг нь Японы сүмочдоос Точиазан, Гоэйдо, Хоомашёоо, Такаясу гээд л гайгүй залуучууд гарч ирсэн. Даанч ташуурын ая даахгүй юм даа тэд нь. Одоо дунд баазын л бөхчүүд. Энэ башёгийн гурав дахь эгнээнд буюу зургаан даваатай яваа Кёкүтэнхо, Кайсей, Харүмафүжи нарын хэд хэдэн бөх байна. Хойшдын барилдаан нь л хаагуур “давхих”-ыг харуулах биз. Тун гайгүй бэлтгэлтэй байна даа гэж харж байсан болгар озеки Котоошюү гэмтлийн улмаас 2-3 өдрийн барилдаан өнжив. Тэр чигээрээ башё дуусгавал дахиад кодабан болж таарна. Нөгөө Барүтогийн хойноос “бурантаг хавчуулж” ч магадгүй нь. Хөлийн шөрмөс нь сүрхий гэмтэлтэй гэж дуулдана. Намрын тэмцээн Нацү башёгийн явцаас дуулгах сонин ийм л.