Д.НАДМИД
Тийм ээ. Монголын чөлөөтийн бүсгүйчүүдийг дэлхий эртнээс мэддэг. Сая Унагрын нийслэл Будапештэд болсон ДАШТ-ий дараа бүр ч илүү мэддэг болсон. Энэ тэмцээнд Монголын баг эрэгтэй, эмэгтэй бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу долоон жинд өрсөлдсөн. Тэгэхэд эрэгтэйчүүдийн хувьд бол ганцхан хүрэл медальтай бол эмэгтэйчүүд долоон жинд өрсөлдснөөс таван жинд нь медаль хүртсэн бахархам амжилттай ёстой л ганзага дүүрэн ирсэн юм. Үлдсэн хоёр жингийн нэгд нь тавдугаар байртай. Будапештийн дэвжээ Монголын бөхчүүдэд ээлтэй гэдэг. Энэ удаа түүнийг батлав. Одоо Монголын чөлөөтийн бүсгүйчүүд хүчтэй гэж ярилцах боллоо. Аргагүй л хүчтэйгээ харуулсан. Багаар нь авч үзвэл дэлхийн аварга нэгтэй бас дэлхийн аваргын медальтан хэд хэдтэй. Ийм л хүчтэй баг Будапештийг зорьсон. Улсын шигшээ багийн дасгалжуулагчид тэмцээнд явахынхаа өмнө нэг их чанга хэлээгүй ч 3-4 медальтай ирнээ гэж байсан. Тэгвэл зургаан медальтай ирж. Манай чөлөөтийнхөн ДАШ өмнөх тэмцээнүүдээс дээд тал нь гурван медальтай ирж байсан байх юм. Сүүлийн жилүүдэд чөлөөтийн нүүрийг бүсгүйчүүд л тахалж байгаа гэдэг ч үнэн.
2010 онд ОХУ-д болсон тэмцээнд Соронзонболдын Батцэцэг гялалзтал түрүүлж эмэгтэйчүүдээс анхны дэлхийн аваргын титэм өмссөн бол улмаар тэр Лондонгийн олимпоос хүрэл медальтай ирж монголчуудаа хоёр дахиа баярлуулсан бий. Ноднин доо. Дэлхийн шилдэг эмэгтэй багийн тэмцээн Монголд болоход С.Батцэцэг жинхэнэ дэлхийн аварга шиг барилдаж учраа бүхнээ нуга дарсан. Тэгвэл сая түүнийг энэ удаа медаль авна гэдэгт хэн бүхэн итгэж байсан. Харин ямар медаль авах нь сонирхол татаж байв. Гавьяат маань эхний тойрогт Венесуэлийн Наталь Жозефина Греман Херрераг дараагийн даваанд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, АНУ-ын бөх Елена Пирожковаг, гуравдугаар тойрогт Италийн бөх Мария Даанаг, хагас шигшээд ОХУ-ын Анастасия Бартчинова нарыг цэвэр орхиж алтан медалийн босгонд тулж очсон юм. Дэлхийн хошой аварга болох хариуцлагатай барилдаандаа олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга, Японы алдартай бөх Каори Ичотой хүч үзэхдээ аргагүй туршлага дутаж ялагдснаар мөнгөн медаль хүртэв.
Каори Ичо бол 2007 оноос хойш ялагдал амсаагүй яваа дэлхийд аваргалсан амжилтаараа нутаг нэгт бөх Саори Ёшида, ОХУ-ын домогт бөх Александр Карелин нарын хойно л бичигдэж буй юм. Хоёр дахь мөнгөн медалийн эзэн нь 51 кг-ын жинд зодоглосон ОУХМ Э.Сумъяа болов. Түүнийг ДАШТ-д анх удаа зодоглохдоо эмэгтэйчүүдийн дараалсан медалийн салхийг хагалсан гавьяа байгуулсан гэж болно. Э.Сумъяа огт “битүү морь” биш ээ. Энэ оны улсын аварга юм. Дараа нь 59 кг-д зодоглосон ОУХМ Т.Мөнхтуяа тун сайхан барилдаж өнгөрсөн жилийн ДАШТ-д анх удаа оролцохдоо авсан хүрэл медалиа ихэрлүүлэв. Тэгвэл тэмцээний сүүлчийн өдөр дэвжээнд гарсан гавьяат тамирчин О.Насанбурмаа, О.Бурмаа нар тэмцээний төгсгөлийг тун сайн хийж хоёулаа хүрэл медаль хүртсэн юм. Тэгснээр О.Насанбурмаа гурав, О.Бурмаа хоёр дахь удаагаа дэлхийн дэвжээнээс медальтай буцаж ирлээ. Монголын эмэгтэй бөхчүүд 2011 онд Стамбулын дэвжээнээс хоёр мөнгө, нэг хүрэлтэй ирж байсан амжилтаа эвдлээ. Будапештийн тэмцээний дүн гарахад Монголын эмэгтэй бөхчүүд 47 оноогоор багийн дүнгээр дэд байрт шалгарав. Японы багаас ердөө ганцхан оноогоор дутсан гэж байгаа. Хэрэв гавьяат тамирчин Ц.Энхжаргал ОУХМ С.Бямбацэрэн нарын нэг нь торгуулийн тойрогт ганц ялалт авсан бол манайхан чөлөөтийн дэвжээнд олон жил ноёрхсон Японы бүсгүйчүүдийн хаанчлалыг зогсоох байлаа. Гэхдээ дэлхийн дэвжээ дахиад олон удаа үүдээ нээнэ. Аваргалах үе хэзээд ирнэ. Тийм ээ. Монгол бүсгүйчүүдэ Монгол гэдэг нэрийг дахиад олон удаа гарганаа.