Ц.БАЯР

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг "Болор цом"  яруу найргийн наадам 33 дахь жилдээ  болж өнгөрлөө. Энэ жилийн "Болор цом" наадамд 150 орчим шүлэгч,яруу найрагчид уран бүтээлээ ирүүлснээс 33 яруу найрагчийг эхний шатанд шалгаруулж оролцуулж, шилдэг 15 найрагчаас гуравдугаар шатанд таван найрагчийг тодруулан, түрүү байрын төлөө өрсөлдүүллээ. Шилдэг таван яруу найрагчаар О.Цэнд-Аюуш, Л.Ганзул, М.Уянсүх, Хөөдэйн Эрдэнэбаатар, Ц.Эрдэнэбаатар тунан үлдэж, "Болор цом"-ын эзнээр Ц.Эрдэнэбаатар тодорсон юм. Тус яруу найргийн наадмыг МЗЭ-ийн шагналт, Төрийн шагналт,соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн,модернист яруу найрагч Б. Галсансүх, яруу найрагч Болор цомын шагналт яруу найрагч Г.Мөнхцэцэг, Монголын хайкугийн холбооны тэргүүн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Л.Моломжамц нар шүүн явууллаа. Жил бүрийн Болор цомд жин дарж оролцдог яруу найрагчид бол  О.Цэнд-Аюуш, Л.Ганзул, Хөөдэйн Эрдэнэбаатар, М.Уянсүх нар яах аргагүй мөн. Тэдний уншсан шүлэг бүхэн үзэгчдийн оюуны тархийг сэхээрүүлж нүдний мэлмийг гэрэлтүүлдэг.  Харамсалтай нь  эдгээр  найрагчдаас Болор цомын эзэн энэ жил лав төрсөнгүй. Хэдийгээр болор  цомыг гардаж аваагүй ч ард түмэн үзэгчдийн шүүлтээр бол тэд аль хэдийн болор цомын эзэд. Харин айргийн тавд тунаж үлдсэн Боржигоны бор толгойн хүү  Ц.Эрдэнэбаатар Болор цомын эзэн  болсон. Боржигоны бор толгойн хүү гэсэн нь учиртай. Болор цомын эзэнг тодоруулах тэр мөчид шүүгч Бавуугийн Лхагвасүрэн хэлэхдээ “ Хөдөө Болор цомыг явуулахаар нутгархах үзэл гаргалаа гэдэг Улаанбаатарт зохион байгуулахаар хэн нэгний карманд орлоо гэдэг бид шүүлээ хэн юу гэж хэлэхээс би айхгүй” гэв. Ерөнхий шүүгч энэ удаад ийнхүү өөрийн хүй дарж төрсөн нутаг болох боржигоны бор толгойн хүүдээ  Болор цомыг өгүүлсэн. Өнгөрсөн жилийн наадам Төв аймагт болж Ц. Эрдэнэбаатарт Болор цомыг өгөхөөр зэхсэн байсан ч нутгархах үзэл гаргалаа гэдэг шүүмжлэл өрнөж шүүгчид нэр цэвэр үлдэхийн тулд үлдээж  Баттөрийн Мягмаржавт болор цомыг өгч байсныг бүгд мэднэ. Үзэгчид, яруу найрагчдын хэзээний танил, энэ удаад баараггүй түрүүлэх байсан  МЗЭ шагналт Базарсадын Баттулга найрагч үзэгчдын алга ташилтад булуулж байсан ч дахиад л тусгай байрын шагналыг хүртсэн. Болор цомын эздийн анхааралд айл хэдийн өртөж, шүүгчдийн толгойн өвчин, яруу найраг шүлгээрээ нийгмийн үзэгдлийг уран яруу үг хэллэгээр чанга хатуу хэлж  үзэгчдийн хүсэн хүлээсэн, болор цомд  хэд хэдэн удаа аман хүзүүдэж  байсан  найрагч бол О.Цэнд-Аюуш, залуу яруу найрагч  Л.Ганзул нар. Тэдэнд шүүгчдийн нутгийн хүү болж төрөөгүй нь Болор цомын эзэн болох хувь дутсан ч тэд ард түмэндээ болор цомын эзэд.

Эх сурвалж:www.zms.mn