Ч.ГАНТУЛГА
“Кино ертөнц” булангийнхаа дугаарын зочноор найруулагч Н.Соёлбатыг урилаа. Түүнтэй удахгүй нээлтээ хийх гэж буй “Би хайртай хүнтэй” киноных нь тухай ярилцсанаа хүргэе.
-Кино зураг авалт хэзээ эхэлсэн бэ. Одоо ямар шатандаа явна?
-Өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлсэн. Одоогоор 100 хувь дууссан. Эвлүүлгийн ажил жигдрээд явж байна. Кино маань харьцангуй хурдан, бэрхшээл багатай бүтлээ.
-Кинонд юуны тухай өгүүлэх вэ?
-Залуусын хайр дурлалын тухай өгүүлдэг. Өсвөр насныхан хэрхэн хайрлаж дурладаг, үерхэж нөхөрлөдгийг уран бүтээлчийнхээ зүгээс харж, дэлгэцийн бүтээл болгон хүргэхийг хичээлээ.
-Хайр дурлал, үерхэл нөхөрлөл байнга давтагддаг, байдаг сэдэв шүү дээ. Яагаад заавал энэ сэдвийг сонгосон юм бэ?
-Хайр бол мөнхийн сэдэв. Гэхдээ аль талаас нь, үзэгчдэд хэрхэн хүргэх нь уран бүтээлчдийн ур ухааны асуудал. Кинонд хайрын тухай өгүүлдэг ч хийцийн хувьд бусдаас өөр. Үргэлж хайрын тухай кино гарч байна гээд энэ сэдвийг орхино гэж байхгүй.
-Тэгвэл танай кино хайрыг аль өнцгөөс харуулсан бэ?
-Олон өнцгөөс харуулсан. Амьдралд залуус олон дурлал, шохоорхолтой учирна. Түүнээс насны хайраа хэрхэн таних, хүнтэй яаж харьцах, итгэл гэж юу болох зэрэг амьдралд зайлшгүй мэдэж, сурах ёстой зүйлийг тусгасан. Элдэв хачир хэтрүүлэггүйгээр бодит байдлыг харуулахыг зорьлоо. Манай кино гадаадын кино хуулбарлаж, дуурайлгаагүй. Уран бүтээлч бидний сэтгэл зүрхнээс ундарсан бүтээл юм шүү.
-Киноны онцлог нь юу байх бол?
-Энэ кинонд садар самуун, архидалт, хүчирхийлэл зэрэг нийгмийн хар буруу зүйл байхгүй. Кино сэтгэл зүйн мелодрам төрлийнх. Залууст буруу үлгэр дуурайл үзүүлэх сөрөг кадр нэг ч ороогүй.
-Сэтгэл зүйн мелодрам гэж юу гэсэн үг юм бэ. Кино урлагт яаж илэрхийлэгддэг вэ?
-Нийгэмд тулгамдаад байгаа тухайн асуудлыг жүжигчний дотоод ертөнц, оюун бодлоор илэрхийлэх гэж тайлбарлаж болох юм. Манай киноны дүр бүхэн өөрийн үүрэг, хэлэх гэсэн санаатай байгаа.
-Дүр сонголтоо яаж хийсэн бэ?
-Кино баг маань нэг үеийн, хийж бүтээх чин сэтгэлтэй залуусаас бүрдсэн. Тиймээс жүжигчдээ хүртэл шинэ, залуу гэсэн тодотголтойгоор сонгосон. “Би хайртай хүнтэй” кинонд мэргэжлийн жүжигчид тоглоогүй. Энэ бас нэг онцлог гэж хэлэх байна. Тухайлбал хамгаалагчийн дүрд хамгаалагч залууг сонгосон жишээтэй.
-Яагаад?
-Бид залуусаа дэмжихийг хүссэн. Хийж, бүтээе гэсэн сэтгэлд нь хязгаар тавихыг хүсээгүй. Харин урам өгч, ажил амьдралынх нь анхны алхамыг зөв, гэгээлэг, дурсамжтай зүйлээр эхлэхэд нь тусалъя гэж бодсон юм.
-Хүссэн хүн бүхэн кинонд тоглоод байна. Заавал мэргэжлийн жүжигчин тоглуулах хэрэгтэй гээд шинэ гарч байгаа кинонуудыг шүүмжлээд байгаа. Та айхгүй байна уу?
-Хүн бүхэн төгс төрдөггүй шүү дээ. Аливааг багаас эхэлдэг. Би уран бүтээлч, найруулагчийнхаа хувьд залуусаараа бахархаж байгаа. Ийм сайхан уран бүтээлийн багтай болсондоо сэтгэл хангалуун байна. Манай залуусын ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Цаашдаа энэ нийгмийн, урлагийн дуу хоолой болж олон сайхан уран бүтээл хийнэ гэдэгт нь итгэж сууна.
-Мэргэжлийн жүжигчидтэй харьцахад харьцангуй амар байдаг байх. Харин жүжигчний анхны мэдэгдэхүүнгүй залуустай ажиллах ямар байсан бэ?
-Амархан байсан гэж хэлэхгүй. Мэдээж бэрхшээлтэй зүйлтэй олон тулгарсан. Манай залууст мэдэхгүй, чадахгүй зүйл бишгүй байсан. Гэхдээ анхны мэдэгдэхүүн олгох сургалтад хамруулсан, зааж зөвлөсөн. Дүрээ хэрхэн бүтээснийг үзэгчид ирээд үзээрэй гэж хэлье.
-Орчин үеийн кино ашгийн төлөө болжээ гэж ахмад уран бүтээлчид зэмлэж байхыг олон сонссон. Та энэ тухай ямар бодолтой явдаг вэ?
-Киног хүмүүс ашгийн төлөө гэдэг утгаар нь биш уран бүтээл гэдэг утгаар нь хүлээж аваасай гэж хүсч байна. Тэр бүтээлд урлагт хайртай олон уран бүтээлчийн сэтгэл зүрх, ур ухаан шингэсэн шүү дээ. Одоо техник технологи хөгжиж байна. Үүнийг дагаад кино хийх боломж бололцоо хангалттай болж.
-Танай кино хэр ашиг олох бол?
-Бид зөвхөн ашгийн төлөө нэгдээгүй. Кино сайхан сэтгэлээс бүтдэг юм. Тэр утгаар киноныхоо орлогын тодорхой хувийг сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээний төлбөрт хандивлахаар болсон. “Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос” гэдэг сайхан үг бий. Нэг хүнд инээд, амьдрах итгэл, найдвар бэлэглэхийг хүссэн юм шүү.
-Үнэхээр буянтай, сайхан сонсогдож байна. Энэ саналыг хэн гаргасан бэ?
-Манай кино багийн уран бүтээлчид ярилцаад энэ шийдвэрт хүрсэн. Сэтгүүлч анд маань сайхан сэтгэлт монгол түмнийхээ буянаар удахгүй эрүүл, саруул болж үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээрээ уулзана гэдэгт итгэж байна.
-Кинонд Б.Эрдэнэцогт сэтгүүлчийн тухай тусгасан хэсэг байгаа юу?
-Энэ бол цэвэр уран бүтээл. Манай залуус анхны бүтээлийнхээ орлогыг сайхан сэтгэлээр хандивлаж байгаа . Цаашдын уран бүтээлийн замаа цагаан байх болтугай гэж ийм шийдвэр гаргасан.
-Та найруулагчаас гадна зохиолч, зураглаачаар давхар ажилласан гэсэн. Бэрхшээлтэй зүйл олон байв уу?
-Санаа зовоох асуудал харьцангуй бага байсан. Өөрөө зохиолоо бичиж, найруулагчаар нь ажиллаж зургаа авлаа. Гэхдээ энэ бүтээлд надаас гадна олон хүний сэтгэл зүрх, хүч хөдөлмөр шингэсэн.
-Танай киног үзээд үзэгчид юу ойлгоосой гэж хүсч байна?
-Үерхэл, нөхөрлөл ямар үнэтэй байдаг, өсвөр насныханд гэр бүлийн халамж, анхаарал хичнээн хэрэгтэй болохыг ухаараасай гэж хүсч байна. Өсвөр насанд юун дээр алддаг, тэр алдаагаа хэрхэн шийдвэрлэх вэ зэрэг амьдралд ойрхон юм шиг ч тэр болгон яригддаггүй олон зүйлийг сөхсөн.