Д.ЦЭРЭННАДМИД

Ийм нэгэн санаа төрөөд л байдаг байлаа. Тэгээд жүдо бөхийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ш.Цэвэлмаатай ярилцах завшаанд бодлоо төөрөөгүйг мэдэж авдаг юм байна. Ш.Цэвэлмаа дасгалжуулагч саяхан Бразильд болсон ДАШТ-д нэгэн шавиа дэвжээнд авч гарч дэлхийн аваргын алдарт хүргэсэн хүн. Иймээс онцлон уулзаж хэлэх үгийг нь сонслоо.

-Шавь чинь дэлхийн аварга боллоо. Танд баяр хүргэе

-Баярлалаа. Монголын жүдод эмэгтэйчүүдээс дэлхийн анхны аварга болсон М.Уранцэцэгийн амжилтыг би өмчлөх учиргүй. Улсын шигшээ багийн хамт олон, түүний дасгалжуулагчид бас “Женко” клубийнхэн, түүний найз нөхдийн бүгдийн амжилт юм шүү дээ. Харин миний хувьд дэвжээнд авч гарч дэлхийн аваргаар тодруулсан нь дасгалжуулагч болсны минь хамгийн баяртай мөч байлаа.

-М.Уранцэцэгтэй олон жил ажилласан уу. Өөрөө?

-2006 онд л анх над дээр ирсэн хүүхэд л дээ. Дараа жил нь курашаар дэлхийн аварга, 2010 онд самбогийн дэлхийн аварга болсон юм. Өнгөрсөн жил Лондонгийн олимпод зодоглосон. Ингээд сая жүдогийн дэлхийн аварга боллоо. Богиновтор хугацаанд бөхийн гурван төрлөөр дэлхийн аварга болно гэдэг ховор тохиолдол юм шүү.

-Түүний барилдааны онцлогийг хэл гэвэл та бас ихийг ярих биз?

-Анх Баянхонгороос ирэхдээ бяртай, их шөр­мөстэй нь мэдрэгдэж бай­сан юм. Гэхдээ эхэндээ мэх муутайхан л пасив барилдаантай нэгэн байв. Нэг хийдэг мэх нь этээ. Сууж үүрэх мэхийг сүүлд сурсан. Тун удалгүй барилдаан нь эрс сайжирч техниктэй бөх болсон. Хэвтээ барилдаанд тун сайн. Ер нь бяртай хүн хэвтээдээ боловсроод ирвэл чухал байдаг. Барилдах гэдгийн нөгөө тал нь ухаарал, мэдрэмж байдаг. Энэ талаар Урнаа маань сайн. Барилдааны явцад комбинац нь тун догь шүү.

-За тэгэхээр М.Уранцэцэгийг л яриад байна. Бусад шавь нараас чинь сайн бөхчүүд олон л төрөө байлгүй дээ?

-Түүнийгээ, энийгээ  гээд байвал олныг нэрлэх болно. Анх жүдогийн багш байхдаа 100 хүүхэд авч байлаа. Тэднээс одоо гаргуун барилддаг бөхийн нэг нь П.Лхамдэгд байна. Олимп, ДАШТ хоёроос бусад тэмцээнээс алтыг нь хамчихсан жүдоч. Шийд­мэг сайхан ба­рилд­даг нь онцлог. За­луу­чуудын дэлхийн авар­гаас анхны мөнгөн медаль авчирч байсан Ц.Наранжаргал байна. Үе үеийн шавь нараа тоочоод байвал Б.Уранчимэг, Б.Мөн­гөнчимэг, А.Цолмон, А.Баттуул гэх мэтээр хэлээд байх болно.

Бас одоо чөлөөтөд гялалзаж яваа сайн бөх Б.Одончимэг, Г.Наранчимэг нар чинь анх над  дээр жүдогоор хичээллэж байсан юм шүү дээ. Нэг өдөр л чөлөөтөөр барилдъя гэж саналаараа явцгаасан. Миний зааж сургасан, дасгалжуулсан гээд тоочвол барамгүй ээ. “Женко”-д гэхэд 13 жил дасгалжуулагчаар ажилласан даа би.

-Одоо ярилцлагынхаа чиглэлийг Ш.Цэвэлмаа гэдэг хүнд шилжүүлье. Тэгэхээр та бөхийн замд орсон нь бага насны мөрөөдөл байсан уу?

-Бөх болно гэж ердөө ч бодож байсангүй ээ. МҮЭ-ийн Соёлын ордны уран нугаралтын дугуйланд явдаг л охин байлаа. Түүнийгээ тууштай дагасан бол урлагийн хүн болох байсан байх. Спортод бас жаахан татагдаж байлаа. Ялангуяа жүдогийн кимоно өмссөн эгч нар гоё харагдаад л байх. Тэгээд л сурагч байхдаа жүдод урвасан гэхүү дээ. Ер нь есдүгээр ангид байхдаа барилдаж эхэлсэн. Анх гавьяат багш Ч.Машбатын шавь болж байлаа.

-Спортод хичээсэн хүн амжилт гаргадаг хуультай гэдэг. Тэгэхээр өөрөө ямар ямар амжилт гаргасан бэ?

-Аравдугаар ангид байхдаа анх 1993 онд залуучуудын ДАШТ-нд Югославт очсон. Явахаасаа өмнө хөлдөө гэмтэл авсан байсан учир төдийлэн сайн барилдаагүй. Дараа нь 1995, 1996 онд самбо, жүдогоор 52 кг-д улсын аварга болж байлаа. 1997 онд самбогийн ДАШТ-д гэмтэлтэй оролцож хүрлийн төлөө барилдаад ялагдаж билээ. Харин 2000 онд самбогийн ДАШТ-ээс мөнгөн медальтай ирсэн. Бас 2001 онд хүрэл медаль авсан юмдаг. Гол амжилт гэвэл ийм л юм. Би чинь олон дахин гэмтэл авч ид барилдах үеэ өнгөрөөсөн азгүй хүн шүү дээ.

-Тамирчин хүнд гэмтэл, бэртэл гэдэг айхтар юм бий л дээ?

-Тийм ээ. Би анх гадаадад тэмцээнд явах гэж байхдаа хөлөө гэмтээж байлаа. Бас 1997 онд ДАШТ-нд явах гэж байхдаа тэмцээн болохоос ес хоногийн өмнө тохойгоо мулталчихсан. 1999 онд өвдгөө дахин гэмтээсэн. Азгүй “амьтан” байгаа биз. Миний тамирчны амьдралын хугацаа 10 жил байсан гэхэд бараг талд нь гэмтэл, бэртэлтэй байжээ.

-Дасгалжуулагч болсон үе чинь хэдийд юм бэ?

-Анх “Аварга” дээд сургуульд сургагч багш байлаа. Тэгээд 2000 онд “Женко” клубт дасгалжуулагч болсон. Түүнээс хойш 13 жил өнгөрч. Олон л аавын, ээжийн хүүхдэд мэддэг, чаддагаа заасан. Олон арван сайн шавь бий гэдгээ дээр хэлчихсэн дээ. Энэ оны нэгдүгээр сараас жүдогийн улсын шигшээ багт ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.

-Тэгвэл улсын шигшээд гараа сайтай байгаа юм байна. Шавь чинь дэлхийн аварга болоод л...?

-Уранцэцэгийгээ аварга болчихно гэж чанд бодол байсангүй. Харин ямар ч гэсэн медальд хүрэх байх гэсэн горьдлого бол байсан юм шүү.

-Дасгалжуулагч хүн тамирчнаасаа илүү ачаалал үүрдэг юм шиг санагддаг. Энэ талаар таны бодол...?

-Тамирчин маань амжилт гаргавал дасгалжуулагч хүний ганц баяр жаргал тэр. Харин тамирчнаа ялбал ялж, ялагдахад хамт ялагдаж байдаг юм. Байнгын стресстэй, сэтгэл давчуу байх үе ч бий. Дасгалжуулагч хүнд ажлын цаг нар гэж даан ч байхгүй шүү дээ. Миний хувьд гэхэд гэр бүл, үр хүүхэддээ зориулах цаг маш багатай байдаг. Өмчлөгддөг ганц өдөр нь ням гариг. Гэхдээ үүндээ дассан болохоор зовлон гэж бодогддоггүй нь нэг сайхан.

-Дасгалжуулагч хүн янз бүрийн ааш аяг гаргаж байх шиг санагддаг. Зарим нь зөөлөн, зарим нь хатуу гэж болох жишээний...?

-Би өөрийгөө зөөлөн талын дасгалжуулагч гэж хэлнэ. Шавь охиддоо ээж шиг нь хандахыг хичээдэг. Заримдаа найз нь болчихсон явах. Миний охин, миний дүү гэсэн үг хэлэх л их дуртай даа. Гэхдээ хатуухан загнах үе гарнаа. Энэ чинь Цэвэлмаа мөн үү гэмээр байх үе бий. Нуулгүй хэлэхэд найдвар алдсан тамирчинд элдэв үг хэлнэ. Бүр дэлсээд авах цаг ч байсан даа. Тэр бүхэн тамирчин хүний өөрийн л төлөө байдаг. Гагцхүү тэр хүн ойлгож, өөртөө тусгаж авч чадах эсэх нь чухал. Зөв ойлгоод авсан хүнд миний хар үг, хатуу хандлага муу болохгүй л дээ. Жүдод нэг онцлог байдаг нь хатуухан дэг, жаягт  захирагддаг юм.

-Эмэгтэйчүүдийг эмэгтэй хүн дасгалжуулахын ач тус их байдаг уу?

-Бие биеэ ойлгох нь илүү л дээ. Дотно байж чадснаар илүү үр дүн гардаг гэж боддог. Шавь нартаа зөвхөн барилдах урлагийн багш төдийгүй ар тал, амьдралыг нь зохицуулж өгөхийг би хичээдэг.

-Өөрийн чинь шавь нартаа байнга хэлдэг үг юу вэ?

-Янз янзаар л хэлнэ. Тайлбарлах, аргадах зэргээр. “Чи заавал ял. Дийлэхгүй бол хохь чинь” гэж тавлах маягийн үг хэлэх үе ч бий. Ер нь барилдахаас өмнө янз бүрээр хэлэх онцгүй санагддаг. Харин барилдааны явц дунд оновчтой үг их хэрэгтэй байдаг юм даа.

-Жүдод ер нь ямархуу ааш зантай хүн илүү амжилтад хүрдэг бол...?

-Залхуу л биш бол жүдоч болно. Сэтгэл зүйн хувьд хэрдээ таарсан шартай, бас аймхай биш байх нь сайн даа.

-Хүнд ямар нэгэн зүйл сонирхож цуглуулдаг ч юм уу хообий байдаг. Өөрийн чинь хувьд юу байдаг бол...?

-Би вино, дарсны цуглуулгатай. Тэр бүхэн хэзээ, хаанаас авав, хэн хэдийд бэлэглэв гэсэн хаягтайгаа байдаг юм.

-Эмэгтэй хүний хувьд ямар гоёлыг эрхэмлэдэг вэ. Юугаар гоёдог вэ гэсэн үг л дээ?

-Үнэнийг хэлэхэд надад гоёх зав даанч байдаггүй. Ингэж хэлэхэд хүн үнэмших болов уу. Өмсөж, зүүдэг дээд гоёл маань байнга өмсдөг энэ бэлтгэлийн хувцас л юм даа.

-Гэр бүлээ танилцуулна уу?

-Миний нөхрийг Мөнгөншагай гэдэг. Гурван хөөрхөн хүүхэдтэй. Хоёр нь сургуульд, нэг нь цэцэрлэгт явдаг. Аз жаргалтаай өнөр гэр бүлийн эзэгтэй гэж өөрийгөө бодож явдаг даа.