Ч.ГАНТУЛГА
Тансаг даашинз, үзэсгэлэнт төрхөөрөө гоёсон, хүсэл мөрөөдөл, хүрэх ирээдүйгээ төсөөлсөн үзэсгэлэнт гурван бүсгүй тайзны голд зогсоно. Нүүрэнд нь тодрох баярын мишээл, хүлээлттэй сүлэлдэх нь энэ өдрийн хамгийн сэтгэл догдлуулам, торгон мөч байлаа. Тэд мөрөөдсөн, гэгэлзсэн, догдолсон сэтгэлээ барьж ядан гар гараасаа хөтлөн чимээгүй зогссоор.
Энэ бол Монголын мянга мянган охидын мөрөөдөл болсон “Miss Mongolia 2013” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт байлаа. 10 дахь жилдээ уламжлал болгон зохиож буй энэхүү тэмцээн жил өнгөрөх тусам цар хүрээгээ тэлсээр байна. Энэ жилийн тэмцээнд эх орны маань өнцөг булан бүрээс 70 гаруй охид бүртгүүлснээс сүүлийн шатны шалгаруулалтад үзэсгэлэн гоо, авъяас билэг, ур ухаанаараа онцгойрсон 20 бүсгүй тунажээ. Тэд энэ үдэш УДЭТ-ын эрхэм тайзнаа “Монголын мисс” хэмээх эрхэм алдрын төлөө өрсөлдсөн юм. Үзэсгэлэнт бүсгүйн тэмцээнийг үзэхээр үе үеийн миссүүд цугларчээ. Тэд миссийн титэмээ тэрүгүүндээ залж, энэ жилийн мисс хэн байх тухай халуун яриа өрнүүлэв. Охиноо, найзыгаа, хайртай бүсгүйгээ дэмжсэн, цэцгийн баглаа тэвэрсэн хүмүүс үзэгчдийн олонхийн эзэлнэ. Хөшиг нээгдлээ. Үзэсгэлэнт 20 бүсгүй өөрсдийгөө илэрхийлэх уян налархай бүжгээр үзэгчидтэй мэндэлсэн юм. Хөтлөгчид оролцогчдын хувийн дугаарыг зарлаж, танилцуулсан. Энэ үед тэдний царайнд инээмсгэлэл гийж, ирсэн зочид сэтгэл хангалуун байгаа харагдсан. Ирээдүйн бяцхан миссүүд эгч нараасаа үлгэр дуурайл авч, шимтэн үзэж байлаа. Тайзнаа хоёр дэлгэц байрлуулжээ. Тэмцээн сарын турш шоу хэлбэрээр өрнөсөн юм. Тэд хамгийн эхэнд спортлог миссийн төлөө өрсөлджээ. Дугуйгаар аялж, усан дунд уралдаж, бороотойд бэлтгэл хийж тэвчээр шаардсан хамгийн хүнд төрөл байсныг үзэсгэлэнт бүсгүйчүүд онцолсон. Харин энэ төрлийн тэргүүн миссээр Т.Амарзаяа тодорлоо. Үүний дараа “Мисс модел” төрлийн шилдэг оролцогчийн нэрийг зарласан. Модел бол тайзан дээр өөрийгөө илэрхийлэх, хувцсыг амилуулах үүрэгтэй байдаг. Энэ төрөлд оролцогч Н.Ану тэргүүлсэн юм. Мөн “Мисс бикини”-ээр Б.Баттогтох, “Мисс фото”-оор Б.Батцэцэг, “Оюунлаг мисс”-ээр Д.Номин-Эрдэнэ, “Авъяаслаг мисс”-ээр Ц.Аззаяа шалгарсан. 20 оролцогчоос шилдэг 10, түүнээсээ тавыг, хамгийн сүүлийн шалгаруулалтад гурван бүсгүй үлдсэн юм. Тэд оюун ухаан, мэдлэгээ сорьж шүүгч нарын тавьсан асуултад хариулсан. Сэтгэл догдлуулсан торгон мөч ирэхэд тэргүүн миссээр Намшир овогтой Ану тодорч Японы Окинаво хотноо болох “Miss International 2013” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо. Дэд миссээр Бат-Эрдэнийн Номин-Эрдэнэ, гуравдугаар байрын миссээр Буянтогтохын Баттогтох нар тодорч Африкийн Экваторт болох “Miss World tourism”-2013”, БНСУ-ын Сөүл хотноо болох “World “Miss University 2013” тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Ийнхүү Монголын сайхан бүсгүйд өнгөрсөн жилийн тэргүүн мисс Д.Долгион титэмийг нь тэргүүнд нь залж, сэнтийд нь урьсан юм. Үзэх зүйл, сонсох сонин ихтэй энэ жилийн тэмцээнийг магтах нэг нь байхад сэтгэл гонсгор үлдсэн үзэгчид ч байлаа. Тэд жил бүрийн “Монголын мисс”-ийн тэмцээн чанараа алдаж буй тухай онцолсон юм. Энэ жилийн тэмцээний зохион байгуулалт тааруу, үзэгчдийг чилээсэн олон зүйл ажиглагдсан. Хоёр хөтлөгч нь дэндүү залхааж, оролцогчид асуулт хариултандаа тун тааруу хариулав. Нэгэн биенд зөвхөн үзэсгэлэн гоо биш, оюун ухаан, авъяас билэг тэнцүү цогцлон байж, эх орныхоо нүүр царай болж, дэлхийн миссүүдтэй өрсөлдөх хэрэгтэй гэж халаглах, эгэл жирийн үзэгчидтэй олон таарснаа нуух юун.