Б.Буянхишиг

“Болор цом-33” наадмын талаар Соёлын гавьяат зүтгэлтэн,  МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ай.Төмөр-Очир, “Болор цом”*-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, М.Цэдэндоржийн болон МЗЭ-ийн шагналт,  яруу найрагч М.Билэгсайхан, яруу найрагч Б.Чулуунцэцэг, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Болорцэрэн   нарын сэтгэгдлийг сонирхлоо.

Ай.Төмөр-Очир:

- Энэ жилийн “Болор цом” наадамд оролцоно. Өнгөрсөн хоёр жил намайг оролцуулахаа байсан. Энэ жил шүлгээ өгсөн байгаа. Уншигч сонсогчид маань намайг улс төр, цаг үеийн баатарлаг найраглал болоод иргэний уянгын шүлгүүдээ уншихыг хүлээж байгаа. Шилдэг 36-д нь үлдэж чадвал орох л байх. “Тогос хээр” морь том наадмын уяан дээр өөрөө ирдэг шүү дээ. Энэ домогт гардаг шиг толгой хаялаад очно доо. Толгой руу минь тоншихгүй байх аа гэж найдаж байна. Энэ жил намайг оролцуулахгүй ч байсан ч  анхны удаа гадаа үүдэнд нь Тогос хээр морь шиг өөрөө очоод шүлгээ уншина. Над мэтийн ахмад найрагчдыг оролцуулахгүй гэж хасаад байвал жилээс жилд тогос хээр морь нэмэгдэх байлгүй дээ.

Ш.Лхамноржмаа: Мялаалгын шүлэг уншина

-“Болор цом” наадам яруу найрагчдын төдийгүй, яруу найрагт дуртай монгол түмний маань хамгийн дуртай, бас хамгийн их хүсэн хүлээдэг баяр юм. Хэсэгтээ хөдөөлсөн наадам маань хотод эргэн ирж, нийслэлчүүддээ хүрэх гэж байгаад баяртай байна. Үзэгч түмэн, “Болор цом” наадмын бүх  оролцогчдод  амжилт хүсье. Би энэ жил  мялаалгын шүлэг уншина, түүнээс уралдахгүй.

 М.Билэгсайхан: Яруу найрагчдын уулздаг хамгийн том баяр

-Энэ жил яруу найргийн “Болор цом” наадам нийслэл хотод болох учраас оролцоно. Шилдэг 36-д багтвал оролцох л байх. Гэхдээ  тэрийг би яаж мэдэхэв, тааж мэддэг таван  хаан биш тамшаалж хэвтдэг тарлан бух биш. “Болор цом” наадам бол яруу найрагчид уулздаг хамгийн том баяр юм. Тэр ч утгаараа би оролцоно гээд   шүлгээ явуулсан байгаа.

 Б.Чулуунцэцэг: Уншигчид, найрагч нөхөдтэйгээ уулзах гэгээн догдлол төрж байна

-“Болор цом” наадам бол яруу найраг, утга зохиолд дуртай хүмүүсийн хамгийн том баяр наадам юм. Урд жилүүдэд дандаа хөдөө орон нутагт болж байсан бол, энэ жил нийслэл хотод болж байгаа нь их сайшаалтай. Миний хувьд шүлгээ явуулсан. Өнөөдрийн хувьд “Болор цом” наадам болно гэсэн догдлолтой байна.  Шилдэгт үлдэнэ гэж найдаж байна. Яруу найрагчид болон үзэгч, сонсогчид маань энэ өдөр хамгийн сайхнаараа гоёж ирдэг. Хэн юу гэж хэлэх бол, ямар шүлэг унших бол  гэсэн хүлээлттэйгээр уг наадамдаа хүрэлцэн ирдэг.

Эх сурвалж: www.polit.mn