Д.НАДМИД

Манай улсад автомашин, мотоциклийн спорт үүсэн бий болж, төв клуб байгуулагдсанаас хойш 55 жил болов. Тэгвэл энэ онд нэгэн түүхэн ой тохиож байна. Түүнтэй холбоотойгоор Монголын Автомашин, Мотоциклийн холбоо олон ажил зохиож байгаагийн нэг нь 1995 оноос жил бүр уламжлал болгоод байгаа улсын аварга тодруулдаг “Монгол ралли” уралдаан юм. Уг уралдааныг энд бид өмнөхөөс өргөн хүрээтэй зохион байгуулах гэж байна.

Автомашин, мотоцикль гэсэн хоёр төрөлд болох энэ уралдааны гараа өнөөдөр эхэллээ. Тамирчид Улаанбаатар-Дундговь-Дорноговь-Хэнтий-Улаанбаатар гэсэн чиглэлээр 1500 км замыг гурван өдөрт туулж барианд орно. Энэ удаагийн тэмцээнд Швед улсын хоёр тамирчин легинонер журмаар оролцож байгаа бол “Дакар ралли-2013” олон улсын том уралдаанд оролцсон ОУХМ Д.Болдбаатар хурд сорино.

Бас мотоцикль болон автомашины төрөлд аль алинд нь нэг нэг эмэгтэй тамирчин оролцож байгааг энэ удаагийн тэмцээний бас нэг онцлог гэж болох ажээ. Энэ бүхнийг уралдааны цар хүрээ нь тэлсэн гэж хэлж байгаа юм байна. “Монгол ралли” уралдааны талаар ОУХМ Ш.Гансүх тодруулж ярихдаа

-Автомашины уралдааны нэг онцлог нь замыг урьдчилж танилцуулдаггүй. Энэ нь зам нууц гэсэн үг. Тамирчид гараанаас гарахын өмнө өгсөн зургийг л уншиж уралддаг. Ер нь ралли уралдааны гол онцлог тэр л дээ гэлээ. Тэрбээр бай шагнал ямар байхыг сонирхуулахдаа

-Энэхүү уралдааныг “Тissot” брэндийн ивээн тэтгэлэг цагаар шагнана. Тэмцээний түрүүг жипний төрөлд нэг сая, мотоциклийн төрөлд 600 мянган төгрөг дагалдана. Мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртээнэ гэсэн юм.