Н.БАТМӨНХ
Л.Сосорбарам Төв аймгийн Баянбараат сумын нутаг “Ар тэрэгний Хөх овоо” гэдэг газар 1937 оны гал үхэр жил төржээ. Л.Сосорбарамын бөхийн удам ээж талдаа ээжийнх нь эцэг даншиг наадмын заан “Хулгар” хэмээх Бум гэдэг хүн Хэнтий аймгийн Галшир сумын уугуул, аав нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Бага газрын чулууны хүүхэд. Аав ээж хоёр нь 20-иод настай гэрлэж Баянбараатад ирж суурьшжээ. Л.Сосорбарамын ээж тэмээгээр ус авахдаа хүний дэм авдаггүй их бяртай хүн байжээ. Нэгэнд нь 70-80 л ус ордог хоёр модон торхондоо ус дүүргэж холбоод тэмээгээ хэвтүүлж байгаад хээв нэг давуулаад тавьчихдаг байв. Л.Сосорбарам нагац ахыгаа дуурайж бөх болсон тухайгаа дурсдаг. 1955 онд 17 настайдаа сумынхаа наадамд С.Оргодол арсланг орхин түрүүлж сумын заан цол авчээ. Ийнхүү сурагч байхдаа сумандаа түрүүлсэн жил нь хүргэн ах Цэнддорж нь Б.Түвдэндорж аваргын багадсан зодог шуудаг авчирч өгсөн нь түүнд маш их бэлэг дэмбэрэлтэй зүйл болсон төдийгүй, одоо хадгалагдаж байдаг байна. Л.Сосорбарам 1958 онд ХААДС-д малын эмчийн ангид элсэн орсон нь олон сайхан бөхчүүдтэй танилцаж тэр үеийн заал танхимын барилдаанд тогтмол оролцож бөх болох гараагаа эхэлжээ. 1958 онд болсон үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож тавдугаар байранд оржээ. 1959 онд Монголын залуучууд оюутны анхдугаар наадмын үндэсний бөхийн барилдаан болж аймаг, нийгэмлэгүүдээс шалгарсан хүчит 37 бөх тойргийн журмаар барилдахад ХААДС-иас оролцож 32 давж, III байр эзэлж, мөн 1959 оны улсын баяр наадамд зургаа давжээ. Тэгээд баяр наадмын комиссын тогтоолоор 22 насандаа монгол улсын өсөх идэр начин , заан цолыг нэг өдөр хэдхэн цагийн зайтайгаар хүртсэн ховорхон азтай бөхийн нэг юм.
Тэрээр 1961 оны улсын баяр наадамд тав давж идэр шаламгай чимэг.
1962 оны улсын баяр наадамд зургаа давж үнэн хүчит чимэг.
1963 оны улсын баяр наадамд долоо давж саруул сайхан чимэг.
1963 оны долдугаар сард болсон Монголын бүх ард түмний хоёрдугаар спартикиадын үндэсний бөхийн барилдаан аймаг, нийгэмлэгүүдээс шалгарсан хүчит 29 бөх тойргийн журмаар барилдахад ХААДС-иас шалгарч оролцсон Л.Сосорбарам нэг ч уналгүй түрүүлж Монгол улсын арслан цолыг 26 насандаа хүртжээ.
1964 оны улсын баяр наадамд зургаа давж улам нэмэх чимэг.
1965 оны улсын баяр наадамд тав давж бат хүчит чимэг.
1968 оны улсын баяр наадамд тав давж хоёрдохоо бат хүчит чиэг.
1969 оны улсын баяр наадамд зургаа давж бат орших чимэг.
1970 оны улсын баяр наадамд зургаа давж бат суурьт чимэг.
1971 оны улсын баяр наадамд зургаа давж тод сонин чимэг.
1974 оны улсын баяр наадамд тав давж саруул сайжрах чимэг.
1984 оны улсын баяр наадамд тав давж манлайн дэлгэрэх чимэг тус тус хүртжээ.
Мөн 1966, 1967, 1976, 1977, 1978, 1979, 1981, 1982, 1985, 1986 онуудын баяр наадамд дөрөв давж у/н А.Тажив, у/н С.Лхагваа, у/н Л.Дашдаваа, з/б З.Дүвчин, з/б Ж.Чулуун, ц/а Ш.Чанарав, дархан аварга Х.Баянмөнх, а/а С.Сосорбарам, а/а Ж.Алтангадас, ц/з С.Дамдинбазар нарт.
1972, 1987, 1988 онуудын баяр наадамд гурав давж а/а Д.Төрмөнх , ц/а Д.Хишигдорж нарт 1989, 1990, 1991, 1992, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003 онуудын баяр наадамд хоёр давж з/б Р.Гансүх, ц/аТ.Нармандах, а/з Т.Баярманлай, а/з Б.Пүрвээ, а/а Ц.Анхбаяр, а/а Г.Эрдэнэбатад хоёр жил дарааллан, з/б Ж.Оргилболд, а/а Д.Төмөрбаатар, а/н С.Ганхуяг, а/з Б.Баттогтох, а/а Б.Ганбаатар, а/а Л.Отгонбаяр, с/з Ж.Баньдхүү нарт, 1993, 2006 онд нэгийн даваанд, 1973, 1975, 1983, 2004, 2005 онуудын баяр наадамд зодоглоогүй.
Мөн Төв аймгийнхаа баяр наадамд 1959 онд үзүүрлэж , Ховд аймгийн 30-н жилийн ойн баяр наадамд уригдан очиж 1962 онд түрүүлсэн.
Сар шинийн барилдаанд 1965 онд түрүүлж, 1976 онд үзүүрлэсэн зэрэг амжилтууд гаргажээ. Л.Сосорбарам арслан чөлөөт, самбо, жудогийн төрлөөр олон улсын болон өөрийн эх орны уралдаан тэмцээнүүдэд удаа дараа оролцож алт, мөнгө, хүрэл медаль 20 гаруйг авсан спортын мастер цолтой хүн юм. Тэрээр ХААДС-ийн цэрэг, иргэний хамгаалалтын багшаар олон жил ажилласан дэд хурандаа цолтой бөх.
Л.Сосорбарам арслан өөрийнхөө бөх болсон талаар дурсахдаа би төрсөн нутаг Баянбараат , ХААДС хоёрын ач буянаар өдий зэрэгт хүрсэн гэж өгүүлжээ. Мөн өөрийнхөө хүч бярын талаар дурсахдаа би цээж болон шуундаа бяртай байлаа гэжээ. Иймээс голдуу гараараа мэх хийж, хөл мэх хийдэггүй байсан юм. Л.Сосорбарам арслан бол эсрэг бөхийнхөө зүүн талын хөлд эгэм тахимыг маш хурдан даацтай хийдэг, хоёр шуу цээжиндээ асар их бяртай, уран хурц шуурхай барилдаантай, маш ширүүн дайрдаг, нэг л дайрсан бол учраагаа тэсгээлгүй аваад явчихдаг, хийгүй сайхан барилддаг юм.
Л.Сосорбарам арслан АХ-ын 92 жилийн ой, Төв аймаг байгуулагдсаны 90-н жилийн ойн баяр наадмаар аймагтаа зодоглож хоёр давжээ. Л.Сосорбарам арслангийн улс эх орондоо олон жил тасралтгүй ажиллаж ирээдүйн залуу боловсон хүчин оюутан шавь нараа амжилт гаргахад нь үнэнч хөдөлмөрлөж, хүчин зүтгэл гаргасныг үнэлж биеийн тамир спортын болон ардын боловсролын тэргүүний ажилтан, АХ-ын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн хүндэт медаль, төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, 2007 онд “Гавьяат дасгалжуулагч” цолоор шагнажээ. Л.Сосорбарам арслангийн бяр тэнхээний талаар УАЗ-69 маркийн машин онхолдсоныг өргөж босгосон , шаварт суусан Москвич машиныг өргөж гаргасан зэрэг олон сайхан дурсамж байдаг юм. Л.Сосорбарам арслан төрийнхөө баяр наадамд 40 гаруй жил барилдахдаа монгол бөхийн ёс жаягийг ягштал баримтлаж, гараа дэвээ, шаваа тахим өгөх авах дэг журмыг ёсчлон биелүүлж булхай будлиангүй барилддаг. Л.Сосорбарам арслан бол маш даруу төлөв зан харилцаатай их хүнлэг чанарыг эзэмшсэн, хүмүүжилтэй бөх юм.