Д.ЖАВХЛАН

Жүдо бөхийн 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид алт, мөнгөн медальтай эх орондоо ирсэн билээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн ОУХМ Амартүвшинтэй ярилцлаа.

-Монголын жүдочдын 24 жил тасраад байсан мөнгөн медалийг та Рио де Жанейрогийн татамигаас авах байжээ?

-Бразильд болсон дэлхийн аварга шалгарулах тэмцээн сайхан болж өндөрлөлөө. Энэ тэмцээнээс манай шигшээ баг урд хожид гараагүй амжилтаа өлгийдсөн юм. М.Уранцэцэг бид хоёрын авсан алт, мөнгөн медалийн зэрэгцээ шигшээ багийнхаа бусад жингийн шагналт байруудыг дурдахгүй өнгөрч болохгүй юм. Манай цагаан өмсгөлтнүүд гаргасан амжилтын эрэмбээрээ дэлхийд эхний тавд бичигдсэн. Монголын жүдочид одоогоос 24 жилийн өмнө буюу 1989 онд анхны дэлхийн аваргын медалийг эх орондоо авчирсан. Тухайлбал одоогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш, гавьяат тамирчин, О.Балжинням дэлхийн аваргын мөнгөн медаль, үүний зэрэгцээ тус тэмцээнээс Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, гавьяат тамирчин Х.Баттулга хүрэл медалийг авсан байдаг. Монголын жүдочдоос 48 кг-ын жинд анхны эмэгтэй Дэлхийн аварга төрсөн нь энэ тэмцээний онцлог гэж болно.   

-Шилдгүүдтэй нэг дэвжээнд гарах ямар байв?

-Тэмцээний урд өдөр бага зэрэг сандарсан тал бий. Дэлхийн аваргын татамид анх зодоглож байгаа болохоор тэр биз дээ. Харин эхний өрсөлдөгчөө ялсны дараа санаа амарч, өөрийгөө мэдэрсэн шүү. Эхний барилдаанаас хэсгийн аварга болох хүртэл бүх барилдаан миний бодлоор болсон.

-Дэлхийн аваргад өөрийн чинь эхний өрсөлдөгч БНАСАУ-ын тамирчин Ян Хьёк Чол байсан. Тэрээр энэ жинд олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд төдийлөн гарч байгаагүйг мэдэх юм. Шинэ өрсөлдөгч тантай тал таарч байна уу?

-Хьёк Чол барилдааны арга туршлагаар тааруу хэдий ч их бяртай юм билээ. Ер нь өрсөлдөгч бүрийг үнэлэх ёстой. Дэлхийн аваргын тэмцээнд амар даваа байдаггүйг сайн мэдэж авлаа.

-Мораккогийн бөх таны хоёрдахь учраа байсан. Түүнд ямар мэх бэлдэж дэвжээнд гарсан бэ?

-Түүнтэй өмнө нь таарч барилдаад ялж байсан болохоор сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван, ялна гэдэгтээ итгэлтэй байсан.

-Хэсгийн аваргын төлөөх өрсөлдөөнд нутгийн бөх Г.Болдбаатартай хийсэн барилдааныг чинь  мэргэжилтнүүд онцолж байсан?

-Түүнийг нутгийн бөх гэхээс илүүтэйгээр дэлхийн шилдэг өр­сөл­дөгч гэвэл онох байх. Бол­доо бяртай, элдэвтэй бөх. Бид харамсалтай нь эрт таарчихсан. Най­зыгаа ялсны да­раа, хагас шигшээд Гүржийн Амиран Папи­наш­вилитэй барилдахад сэтгэл түгшээд хэцүү байлаа. 

-Г.Болдбаатарыг ялсны дараа заавал медальд хүрэх ёстой гэсэн дарамт таныг зовоосон байх нь ээ дээ?

-Тийм ээ. Яагаад гэхээр бид ур чадвараар ойролцоо бөхчүүд. Амралтын өрөөнд Г.Болдбаатар надад амжилт хүсэхэд сая нэг санаа амарч, Амиран Папинашвилиг заавал ялна хэмээн найздаа ам гарч билээ. Тэгээд би ялж найзынхаа өмнө нүүр бардам зогссон хэрэг.

-Та ОУХМ Г.Болд­баатарын сул талыг энэ тэмцээнд олж харав уу?

-Г.Болдбаатар бэлтгэл сайн хийхээс гадна цуцдаггүй хөдөлмөрч залуу. Тэр дэндүү уран, гоё барилддаг. /инээв/

-Жүдогийн шинэ дүрэм танд аль хэр нийцэж байна вэ?

-Шинэ дүрмийг надад захиалж гаргасан юм шиг л санагддаг. Дэвжээн дээр зугтаж, тойрдог зальтай нэгэн энэ дүрэмд амархан бүдрэх юм шиг бодогдлоо. Хурд, хүчтэй бөхөд шинэ дүрэм ялах боломжийг арай илүү олгоно.

-Таныг алтан медалийн төлөө барилдахаар гарч ирэхэд манай бөхийн хорхойтнууд сэтгэл догдлон үзсэн болов уу. Танд боломж хэр ойрхон байсан бэ?

-Би дэвжээнд гарахдаа тайван байсан. Миний өрсөлдөгч 2009 оны дэлхийн аварга, Наохиса Такато гэгч өсч яваа залуу бөх байсан. Алтан медалийг авах боломж надад арай илүү байсан гэж боддог. Дараа түүнтэй таарвал заавал ялах болно. 

-Өөрийг чинь алтан медалийн төлөө барилдахын өмнө олимпийн аварга, шигшээ багийн дасгалжуулагч Н.Түвшинбаяр зөвлөж байгаа харагдсан?

-Биеэ барилгүй тайван барилдахыг зөвлөсөн. Өөрт байгаа нөөц хүчийг гаргах гэж яарах хэрэггүй гэж хэлсэн.

-Гурван жилийн дараа Бразил улсад олимп болно. Уулархаг газрын агаарын өөрчлөлт өөрт чинь аль хэр нөлөөлөв?

-Рио де Жанейрогийн цаг агаар, цагийн зөрүү манай тамирчдад таарах юм шиг санагдлаа. Монголын жүдочид түүхэндээ хамгийн өндөр амжилтыг энэ татамид гаргасан. Гаргасан амжилтаа бататгахын тулд шигшээ багийн бэлтгэл хийх хуваарыг олимп болох хотын цагт тааруулах нь оновчтой юм шиг. 

-Тэгвэл та ирэх гурван жилд их л завгүй байх нь ээ?

-Тэр ч ойлгомжтой хэрэг.

-Гранпри тэмцээнээс алтан медаль хүртсэн тухайгаа ярихгүй юу?

-Би он гармагц Туркийн Самсун хотноо болох Гранпри тэмцээнд бэлдсэн. 60 кг-ын жинд би ганцаараа оролцсон. Эхний тойрогтоо Европын залуучуудын аварга, Гүржийн бөх Бролашвилитэй учраа таарахад би торгуулийн үнэлгээгээр хожигдож байсан ч үндсэн цагийн төгсгөлд харцагадаж дайраад тэндээсээ шахаж өргөх мэхээр түүнийг буулгаж авсан юм. Дараагийн даваанд ОХУ-ын Роберт Мишвидовадзийг, дөрөвдүгээр тойрогт Азербайжаны Вугар Ширинлигийг давхар ачих мэхээр ялж аваргын төлөө барилдах эрхийг олж авсан. Улмаар аваргын төлөө Казахстаны жүдоч Иелдос Сметовыг гэдрэг дарж унагаад гранпри тэмцээний аварга болсон.  

-Та хэдэн настайгаасаа барилдаж эхэлсэн бэ?

-Бөхийн спортоор хичээллээд 11 жил дэх жилтэйгээ золгож байна. Намайг жүдо руу хөтөлж оруулсан хүн бол самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга н.Баярсайхан гэж хүн бий. Тэр хүн намайг 14 настай жаахан хүү байхад сайн бөх болно хэмээн дугуйландаа багтааж авсан юм.

-11 жилийн хугацаанд олон арван медалийн цуглуулгатай болоо байлгүй?

-2006 онд Самбо бө­хийн дэлхийн аварга болж, дараа жил нь За­луучуудын дэлхийн авар­гаас мөнгөн медаль авсан. Харин жүдогийн төрөлд 2010 онд Москвагийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн юм.

-Өөрөө бэртлийн улмаас дэвжээндээ гаралгүй хэсэг хугацаанд завсарласан байх аа?

-Би Гуанжоугийн Азийн наадамд барилдаж байхдаа цээж, хөлөндөө айхтар бэртэл авч жил гаруй хугацаанд дэвжээнд гараагүй. 

-Төрж өссөн нутаг усныхаа тухай манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Би Төв аймгийн Угтаалцайдам сумынх. 2000 онд хотод нүүж ирсэн.

-Ярилцсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье?

-Баярлалаа.