Д.БОЛОРМАА Э.СОЛОНГО
Урлагийн гэр бүлийн төлөөлөл болох Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнэ, Монгол улсын гавъяат жүжигчин, дуучин Х.Болормаа нарыг “Амьдралын тойрог”-тоо урилаа. Б.Бат-Эрдэнэ гэхээр та хэн билээ гэж бодож магадгүй. Тэгвэл Аранза нэрээр нь та илүүтэй танина. “Гэгээн хайрын дуу”, “Арга ч үгүй хайр уу даа” зэрэг зохиолын дуунаас гадна рок попын олон сайхан дуунд хөгжим хийж яваа “Аranza” стиудийн захирал. Гэрийн эзэн урилгыг маань анхнаасаа уриалгахан хүлээж аваагүй ч бас татгалзсангүй. Гагцхүү уулзаж ярилцах цаг хугацаа нь дэндүү давчуу байж таарлаа. Товлосон цагтаа Баянмонгол хороололд байрлах гэрт нь очлоо. Гэрийн эзэн үүдээ тайлж өгч байна. Цаана нь Х.Болормаа эгч “Дүү нар ирээ юу. Та хэд маань яасан ч давчуу өдөр ирээ вэ. Өнөөдөр /өнгөрсөн баасан гариг/ Т.Найданжав ахын гавъяатын найр болно. Одоо 18.00 цагт гэсэн. Одоо чинь 17 цаг болж байдаг. Найранд очих гээд нүүр амаа будах гээд завгүй сууна даа, эгч нь. Гэхдээ дүү нартаа бол жаахан ч цаг зав гаргалгүй яах вэ. Т.Найданжав ах маань их авъяастай хүн. “Будантай буурал хорвоо” дууг нь мэднэ биз дээ. Миний хань Найданжав ахаас сурсан зүйл ч олон байгаа байх шүү. Тийм үү, ханиа” хэмээн бахдангуй нь аргагүй ярих. Биднийг очиход толины өмнө будаг шудаг болж суусан Болороо эгч гал тогоо ороод хоол цай боллоо. Энэ хооронд гэрийн эзэн “Бид хоёр хүүтэй. Хүүхдүүд маань одоохондоо эзгүй байна. Том хүү МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан. Хичээл нь цуглаад удаагүй болохоор сургууль дээрээ өнжих шинжтэй шүү. Харин бага маань 10 настай. Одоогоор хичээлээсээ ирээгүй байна” хэмээн ойр зуур хөөрөлдлөө. “Урлагийн гэр бүл болохоор завгүй өнгөрнө биз” гэхэд “Өө, Болороо маань гэр амьтай. Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, гэр орноо авч явах үүргийг надаас илүү Болороо хийх юм байна шүү дээ. Би стиудийн ажил гээд бор хоногтоо шахуу юм орж ирнэ” гэв. Биднийг энэ зуурхан ярьж суух хооронд Болороо эгч борц үнэртсэн цай чаначихаад “Дүү нар цай уу. Миний хөгшин ч гэсэн цайгаа уу. Өдөржингөө гадуур явсан ядраа байлгүй” хэмээн ханиа эвийлэх ажээ. Цай зүү болсны дараа Аранза “Миний хань сурвалжлагч нартай ярьж бай. Хань нь гараад машиныхаа зарим зүйлийг нь янзлах хэрэг байна” хэмээн гарч одсон юм.
Х.Болормаа: ИЖИЙ МААНЬ НАДААС ИЛҮҮ САЙХАН ДУУЛДАГ
Анх би чинь 1989 онд Багшийн сургуульд байхдаа л дуулж эхэлсэн. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа гэсэн үг. “Ээжээс ерөөл хүсэх дуу”-г ангийнхаа Пүрэвжав гэж Увсын нэг хүүтэй анх дуулсан. Дараа нь “Хот айл”, “Хорвоо буруутай гэж үү”, “Үнэний хорвоо” дуунуудаа дуулсан байх аа. Гэхдээ энэ бүгд чинь “Нутаг амьтай аав”-аас өмнө шүү дээ.
Гэхдээ СУИС-д 1995 онд ороод 2000 онд төгссөн. Дуулж эхэлсэн жилээ тооцвол 20 гаруй жил өнгөрчээ. Ер нь би ганцаараа дуулаад байгаа юм биш Монголын бүх ард түмэн дууч шүү дээ.
Гэхдээ Монголд дуулаачийн сургууль гэж тусдаа мэргэжлийн сургууль байсаар байхад хэн дуртай бүхэн болсон болоогүй дуу дуулж, хоолой бичүүлж ард түмнийг хуурчихаад дуучин гэж цоллууж байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг. Би одоо хүртэл өөрийгөө дуучин гэж хэлүүлэхэд заримдаа эмээдэг. Яг энэ мэргэжлийг бүрэн төгс эзэмшиж чадсан юм уу, дуучин гэж хэлүүлэх хэмжээнд байгаа юм уу гэсэн бодол хааяа надад төрдөг. Мэргэжлийн бус ч юм уу сургуулийг нь төгсөөгүй хүмүүс яагаад өөрсдийгөө уран сайханч гэж зарлуулж болохгүй гэж. Миний хувьд СУИС-ийг төгсөхөөсөө өмнө дуулж байхдаа уран сайханч гэж зарлуулдаг байсан. Мэргэжлийн дуучин болоогүй байсан болохоор тэр. Хэрвээ санаж байгаа бол Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат уран сайханч Х.Болормаа дуулна гээд л зарлуулдаг байлаа. Түүнээс би тэр хүмүүсийн дуулахыг нь хориогүй. Монголын ард түмэн бүгдээрээ л сайхан дуулдаг, дууч ард түмэн шүү дээ.
“Өөрийн чинь дууг сонсож байхад зэлээ тойрон ижийгээ харуулдах ботгоны буйлаа ч юм шиг эсвэл сэтгэл гэгэлзтэл татах хуурын аялгуу ч юм шиг тийм мэдрэмж төрдөг л дөө. Нэг үгээр хэлбэл говийн аялгуу гэмээр ч юм шиг. Тэгэхээр дуучдын өссөн орчинтой хоолойных нь өнгө хүртэл зохицсон байдаг юм шиг санагддаг” гэж урам хайрладаг сонсогч нар олон бий.
-Би уртын дуу дуулах дуртай. Уртын дууг сонсоход үг аялгууны хувьд нэг л дуу дуулаад байгаа юм шиг сонсогддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ өөр байдаг. Баруун, зүүн,төвийн аймгаараа ялгагдаж, хөг дан нь өөр өөр байх жишээтэй. Жишээ нь өндөр уул нуруудтай газрын дуу бол дээшээ их цойлсон байдаг бол говь, талынх нь болохоор үсрэлт багатай, ерөнхийдөө тийм долгиолсон, зэрэглээтсэн байх жишээний байдаг. Тэгэхээр дуучдын хоолойны өнгө хүртэл өссөн орчноо дагаад өөр өөр байж болох талтай. Надад хүртэл тэгж санагддаг. Миний ижий гэж сайхан дуулдаг буурай бий. Хоолой нь залуугийнх шигээ цээлхэн, хүчтэй хэвээрээ шүү. Бид ээжээсээ долуулаа. Бид долоог өсгөх гэж хамаг л цаг заваа зарцуулсаар залуу нас нь дууссан байх. /инээв/ Биднийг өсгөөд, дээрээс нь улсын ажил хийгээд, тэгээд яагаад ч юм хувь заяа нь тэгж хөтөлсөн юм байлгүй дээ, урлагийн хүн болоогүй. Гэлээ ч сайхан дуулдаг хүн бий. Манай нутгийнхан бол миний ээжийг мэднэ. Бас миний эмээ их сайхан дуулдаг хүн байсан. Ялангуяа уртын дууг бол бүр илүү дуулдаг байсан. Тэгэхээр надад дуучны удам байгаа юм шиг байна.
БОТГОНЫ ДУУГ ДУУЛААД УЙЛЖ БИЛЭЭ
Би нэгдүгээр ангийнхаа “Үсэглэлийн баяр дээрээс л эхэлж дуулсан хүн шүү дээ. Тухайн үед хүүхдүүд үсэг болдог байсан. Би үсэг болохыг хүсч байтал намайг үсэг б олгоогүй дуулуулчихсан. Одоо бодоход их л дурамжхан байсан санагддаг юм. Тэр үед миний дуулсан дуу ботгоны тухай дуу байсан.
Борхон тойрмын зах дээр
Бяцхан хөөрхөн ботго гээд дуу байдаг шүү дээ, Отгон гавъяатын дуулсан. Тэр дууг анх дуулж байсан. Дуулж дуусчихаад нэг их уйлсан юм даг. Ботгыг өрөвдөөд уйлсан уу, эсвэл үсэг болгоогүйд шарлахаад уйлсан уу, мэдэхгүй. Уйлснаа л санадаг юм. Тэрнээс хойш наймдугаар ангиа төгсөн төгстөл дуу хөгжмийн багш болно гэж боддог байлаа. Найм төгсөөд хүссэн мэргэжлээрээ сурлаа. Оюутан болсон жил юмдаг урлагийн үзлэг болж би “Хар торгон хамжаар” гэдэг дууг дуулсан. Яагаад ч тэр дууг сонгосон юм. Одоо бодоход сурч байгаад л дуулж байсан санагддаг юм. Тэгээд их азтай тэр үед Бямбабаяр багш миний дуулахыг сонсч таараад сүүлд нь намайг дуудаж “Ээжээс ерөөл хүсэх дуу”-г өгч байсан. Тэр хүртэл, бүр сургуулиа төгстөл би дуучин болно гэж бодож байгаагүй. Сонин байгаа биз. Тэгээд нөхөртэйгөө танилцаж, гэр бүл болж хүүгээ гаргасан. Тэр үед л ер нь дуучин болвол яасан юм гэсэн бодол орж ирсэн. Тэгээд хэнд ч хэлэлгүй СУИС-д шалгалт өгөөд тэнцсэн. Яагаад хэнд ч хэлээгүй гэхээр хэрвээ шалгалт өгөөд тэнцэхгүй байвал яана гэсэн бодол их байсан болохоор тэр байх. Ингэж л дуучин болсон доо.
“Тэгэхээр нөгөө багш болох хүсэл мөрөөдөл маань талаар болсон хэрэг үү” гэвэл тэгсэн. Нутагтаа очиж багшлах маань бүр өнгөрсөн. /инээв/ Гэхдээ яваандаа хүссэн хүсээгүй багшлах байх гэж би боддог шүү. Харин арван жилд дуу хөгжмийн багш хийх нь үү эсвэл дуулах талдаа багшлах нь уу гэдэг л байна. Над дээр өөрийн чинь шавь болъё гэж хүүхдүүд их ирдэг. Би тэдэнд эгч нь шавьтай болох хэмжээний болоогүй байна гэж хэлээд буцаадаг” гэлээ. Биднийг энэ зуур ярилцаж байх Аранза ах ч орж ирлээ. Тэрээр хажуугийн өрөөнөөс “Манай эхнэр ч нэг ам нь халбал ч бүх зүйлээ нууж хаалгүй ярьчихдаг хүн шүү дээ. Сурвалжлагч нарт хамаагүй зүйлээ бас ярьж болохгүй. Гэр бүлийн нууц гэж бий шүү” хэмээн тоглоом болгон инээх нь тод сонстов. Болороо эгч толины өмнө нүүрээ будангаа бидэнтэй хөөрөлдөх.
БИ ХАМГИЙН АЗТАЙ ЭМЭГТЭЙ
“Та хүүхэд үеэ дурсаач. Бас аав, ээжийнхээ тухай яривал” гэвэл “ Миний аав, ээж Говь-Алтай аймгийн Шарга сумын хүмүүс. Аав маань олон жил багийн дарга хийсэн нийгмийн идэвхтэй хүн. Бас сайхан барилдана. Аймгийн арслан цолтой шүү дээ. Харин ээж маань сайхан дуулна. Зэргэлдээх сумынхан нь Болормаагийн ээж гэхээс илүү өөрийг нь илүү сайхан дуулдаг гэж үнэлдэг байх шүү. Ер нь би хүүхэд байхдаа даруухан, байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй шахам хүүхэд байсан. 10 жилийн хувийн хэрэг дээр даруу төлөв гээд бичсэн байхыг бодоход багшдаа хүртэл үнэлэгдэж чадсан байна. /инээв/
Гэхдээ юм юм сонирхдог байсан. Биеийн тамирт төдийлөн сайн биш мөртлөө волейболын секцэнд орчихсон ч явж байх шиг, хөдөлмөрийн хичээлд их дуртай, дүү нартаа хувцас хийж өгдөг, урлаг уран сайхан, оройн цагаар сумын клубийн үдэшлэгт орж дуулах ч гэх юм уу юманд оролцомтгой хүүхэд байсан. Бас өөр нэг сонирхуулах зүйл гэвэл миний хадам аав маань бас залуудаа сайхан барилдаж явсан хүн. Арслан цолтой. Аранза бид хоёр чинь арслан аавын азтай хүүхдүүд байгаа юм даа. Бид хоёр урлагийн гэр бүл болохоор төрж байгаа уран бүтээл маань зүрхний гүнээс гардаг байх аа. Би их азтай хүн гэж өөрийгөө боддог. Миний амьдралд олон сайхан азтай явдал тохиосон. Хүмүүс хүү гаргах юмсан гэж их боддог. Гэтэл би хоёр сайхан хүүтэй. Хоёр хүү төрүүлж өгснийгөө их азтай гэж боддог. Урлагийн хүнтэй, тэр тусмаа хөгжмийн хүнтэй суусан маань миний аз. Дараа нь СУИС-д орсон маань ч бас л аз. Би ийм сайхан залуудаа учирсандаа ч бас үргэлж баярлаж явдаг даа. Нэгэнт гэр бүл болоод амьдарч байгаа хүмүүс чинь бие болоод сэтгэл бусад юугаараа холбоотой байдаг юм тэр бүх юмаараа холбоотой байна. Манай гэр бүлийн хүн миний хувьд нэг номерийн туслагч, шүүмжлэгч байдаг. Мэдээж шинэ дууг Аранзаадаа сонсгоно. Аранзаа л бүх дууны фонаграмм, оранжировшикийг хийнэ.
ЦЭРГЭЭС ИРСЭН ЗАЛУУД ДУРЛАСАН НЬ ОНОСОН
“Та хоёр танилцаж байсан түүхээ яриач” гэвэл
-Манай хүн чинь багшийн сургуулийн хоёрдугаар курст цэргээс орж ирж байсан юм. Тухайн үед даруухан л нэг залуу байсан. Миний хувьд дасаж дурласан байх. Харин манай хүн намайг хараад л дурласан гэж ярьдаг. Үнэн худлыг нь би мэдэхгүй шүү дээ” хэмээн инээвэл Аранза “Үнэн шүү дээ, Болороо минь би чамайг хараад дурласан. Дараа нь сэтгэлд чинь дурласан. Чи одоо дандаа үнэн эсэхийг нь мэдэхгүй гэж байх юм” хэмээн гомдонгуй нь аргагүй тунирхав.
“Болормааг нийтийн дуучин гэж тодорхойлж болдоггүй. Поп дуу, нийтийн дуу хоёрыг хослуулан дуулаад байх шиг санагддаг. Нийтийн дуучидтай харьцуулахад илүү мэргэжлийн гэсэн үнэлэлтийг хүлээдэг. Магадгүй, өөрийн гэсэн өвөрмөц имиж чинь энэ байж болох юм” гэхэд
-“Хурд”-ын Ганбаяр ах бас ингэж хэлж байсан. Нийтийн дуу, поп дуу хоёрын дундуур дуулаад байдаг гэж ер нь олон хүн гайхдаг л даа. Анх дуулж эхэлсэн үеэсээ тогтсон хэв маягийг өөрийнхөөрөө эвдэж дуулахыг хичээдэг байсан. Нөхөр маань миний дуунуудын найруулгыг хийдэг. Захиалж хийлгэх үе ч байна. “Намрын өнгө орлоо, ээж ээ” дуу маань поп стилийнх.
“Хурын усыг хундаганд дүүргээд
Хувааж ууя даа, хоёулаа” гээд дуулдаг даа, энэ дуугаа бас поп стилээр захиалж хийлгэсэн. Иймэрхүү стилийн дуу дуулбал болох юм шиг санагдаад өөрийн бодлоо нөхөртөө хэлсэн хэрэг. Шинээр гаргаж байгаа хоёр CD-нд маань нийтийн болон поп дууны төрөлд багтах бүтээлүүдийн аль аль нь орсон. Бусад дуучны дууг сэргээж дуулахаас зайлсхийсэн. Ер нь бодоод байхад би уран бүтээлчийнхээ хувьд урьд нь олонд танигдчихсан дууг сэргээн дуулдаггүй. Өөрийн гэсэн бүтээл гаргахыг зорьдог. Өөртөө тавьж байгаа нэг шаардлага юм даа.
Нөгөө талаар дуучин Болормаагийн гэж өмчлөх имиж эндээс эхтэй ч байж болох юм. Энэ зуур Болороо эгч цагаа харснаа “Эгч нь одоо явахгүй бол болохгүй нь. Хүний найран дээр очих учраас үсчин орж үсээ янзуулах хэрэг байна. Дүү нар надаас асууна гэж бодож байсан асуултаа Аранза ахаасаа асуучих. Цаадах чинь хариулаад өгнө” хэмээн гарахаар болов. Үүний дараа бид ч хөгжмийн зохиолч Аранзатай цөөн хором ярилцах болов. Гэхдээ тэрээр байнга цаг руу харж “Хүлээн авалт нь 18.00 цагаас гэсэн билүү, Болороо. Би ч гэсэн ингэсгээд гарахаас. Эртхэн гарахгүй бол замын түгжрэл гэж аюултай юм бий” хэмээн цаг руу байнга харах ажээ. Бид ч түүнд төвөг учруулахгүйг хичээж цөөхөн хором ярилцсан.
ОЛОН ХАМТЛАГ, ДУУЧДЫГ ТӨРҮҮЛСЭН
Би ер нь гэртээ цаг зав зарцуулах нь бага. Болороо л хоёр хүүгийнхээ сургууль, соёл гээд гүйнэ. Гэрийнхээ ажлыг ч давхар хийх юм. Стиудынхаа ажилд дарагдаад гэртээ хааяа цаг зарцуулж байна уу гэж бодогдох үе бий. “Танай хүүхдүүд тань дуу хөгжимд хэр сонирхолтой бэ” гэвэл том хүү маань багадаа Хөгжим бүжгийн коллежийн Төгөлдөр хуурын ангид сурдаг байсан. Хөгжим сайхан тоглоно. Харин бага маань хөгжим дуу хуур сонирхоод байдаггүй. Даруухан талдаа. Оройтож гаргасан, айлын отгон хүүхэд гэхэд эрх биш шүү. Одоо ч хөвгүүдээ эрхлүүлэх завгүй явна даа. Ойрд зохиолын, поп дуу гэхээс илүү киноны хөгжмийн найруулга дээр ажиллаж байна. Тухайлбал, “Тусгай салаа” олон ангит кино, “Өдөр өдрийн нар” киноны дууг хийлээ. Ер нь 20 гаруй жил Монголын хамтлаг, дуучидтай хамтарч ажиллажээ. Өнөөдөр хит болж байгаа дуу, манлайлж яваа хамтлаг дуучидтай гар нийлж ажилласан байна. Шинээр гарч байгаа хамтлаг, дуучдын анхных нь зүг чигийг ч тавьж дэмжиж явлаа. Түүнээс хойш хэдэн зуун дууны хайруулыг хийсэн байх. Тоолж үзээгүй юм байна” хэмээн хэсэг бодлогошросноо “Ер нь тоолж мэдэхгүй байна. Тоолно гэж бодож ч явсангүй” хэмээх. Болороо маань 20-иод жилийн өмнө дуулж байсан хуучин дуунуудаа шинэчлэн дуулаад CD гаргах гэж байгаа. Удахгүй цомогоо гаргана” гэлээ. Энэ зуур элдвийг хуучилж удаагүй байхад Аранза ахын найранд явах 18.00 цаг нь ч болжээ. Хүний шунал ханадагүйн учир ярилцлага маань дуусаагүй мэт санагдаж түүнийг найр болох “Баянгол ресторан” ортол машинд нь дагаж суугаад ярилцахаар тохиров. “Таныг гавъяат болох хэмжээний хөгжмийн зохиолч гэдэг шүү дээ” хэмээвэл инээснээ “Төрийн шагнал яагаад авахгүй байна вэ гэж хэлж байна уу. Би шагнал, одон тэмдэг хүлээдэг хүн биш ээ. Өөрийнхөө үүргийг гүйцэтгээд явах нь чухал. Яах вэ, миний хувьд урлагийн гал тогоонд 20 гаруй жил зүтгэжээ. Олон хамтлаг, дуучдын замыг зааж, Монголын соёлын урлагийн салбарт хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож байна. Харин ханийг маань олон хүн яасан орой гавъяат болов гээд хүмүүс янз янзын юм ярьдаг юм билээ. “Чамаас хойно гарч ирсэн залуу авчихлаа. Чиний урдуур олон хүн ороод гавъяат авч байхад хөөцөлдөөч” гэж хэлдэг байж билээ. Бид хоёр тэвчээртэй байхыг хүсдэг. Уужуу ухаан бүхнийг ялдаг гэдэг шүү дээ” хэмээн инээх. Энэ зуур ч Аранза ах зорьсон газраа ирлээ. Гэрийн эзэгтэй аль хэдийнэ ирсэн байв. “Баянгол” ресторанд Т.Найданжавын гавъяатын найранд оролцохоор урлагийнхан цөм цуглаж. Ерөнхий сайдын зөвлөх Д.Батбаяр эхнэр Т.Баясгалан гээд урлаг, спортын одод цэцэгс тэвэрсээр хөвөрч байна. Сурвалжлагын маань эзэд болох Б.Бат-Эрдэнэ, Х.Болормаа нар ч гэсэн гавъяатад баяр хүргэхээр салж одлоо.