Д.ЖАВХЛАН
Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Уранцэцэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ын жинд түрүүлж, Монголын цагаан өмсгөлтнүүдийн гуч гаруй жилийн түүхэнд анхны эмэгтэй дэлхийн аварга болсон тухай бид өмнө мэдээлсэн билээ. Отгон аваргыг эх орондоо дөнгөж ирээд байхад нь уулзаж ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Дэлхийн аваргын тэмцээнээс хос алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээний талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахгүй юу?
-Бөхөд элэгтэй Монгол түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Рио де Жанейрогийн дэвжээ намайг түшиж би Дэлхийн аваргын тэмцээнээс алтан медаль аваад эх орондоо ирлээ. Намайг халуун дотноор хүлээж угтсан сэтгүүлч та бүхэнд баярлалаа. Ингэхэд та долоон жилийн өмнөх тэмцээнийг дурсах шиг боллоо. Би 2007 онд Монголд зохиогдсон кураш бөхийн Дэлхийн аваргын тэмцээнээс 17-хон насандаа алтан медалийг энгэртээ гялалзуулсан. Тухайн үед хүүхэд болоод ч тэр хязгааргүй их баярлаж билээ. Монголын спорт сонирхогч ард түмнээ хоёронтоо баярлуулж чадсан би азтай хүн юм.
-Та гурван жилийн дараа Бразиль улсад зохиогдох олимпийн наадмын эхний шалгалтаа амжилттай давж чадлаа?
-Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь тэр. Ирэх олимпийг зохиох эрхийг авсан тухайн улсын цаг агаар, цагийн зөрүүтэй танилцах таатай завшаан энэ удаагийн тэмцээнээр тохиолоо.
2016 оны олимпийн мөчлөгийн эхний жилд Монголын жүдочид чансаа, болон аль хэр бэлтгэлтэй байгаагаа дэлхий нийтийн өмнө дүгнүүллээ. Манай шигшээ багийн тамирчид энэ удаагийн тэмцээнээс 4-5 медаль хүртэх зорилготой оролцсон. Хоёр медаль гурван шагналт байр, энэ тийм ч амархан олдох боорцог биш юм.
-Хагас шигшээ барилдаанд чинь таарсан Сара Менезесийг олимпийн аварга гэдгээр нь манай бөх сонирхогчид андахгүй. Дэвжээний эзэн жүдочтой медалийн төлөө өрсөлдөхөд ямар байв?
-Надад сугалаа тун хатуу таарсан. Сара Менезес дэвжээний эзэн бөх, мөн олимпийн аварга. Надтай эгнэшгүй туршлагатай. Би барилдааны үндсэн цагт хоёр юүко үнэлгээгээр илүүрхсэн хэдий ч цаг дуустал аль болох болгоомжтой байхыг хичээсэн. Үнэлгээний давуу байдал надад олдож байна гэдгийг мэдсэн. Оноогоо хамгаалж барилдах тийм ч амар биш юм.
Эсрэг бөхийн цочоох оролдлого бүрт гэдрэг савчих гээд тун ч явдалтай юм билээ. Барилдааны үндсэн цаг дуусахад би Менезесийг ялж хүрэл медалийг халаасласан. Дэлхийн аваргын тэмцээний медальт байранд үлдэж чадсан хойно хэнээсээ айж бэргэх вэ гэж бодоод бэлтгэлийн өрөөнд өчих мэхийг давтсан шиг суулаа. Гэтэл нөгөө талаас өнгөрсөн дэлхийн аваргын босоо бөх жингийн супер өрсөлдөгч Японы Харүна Асами гараад ирэв. Түүнийг хатуу самар хэмээн тодорхойлоход болно. Учир нь тэрээр 2010 оны дэлхийн аварга юм. Дэвжээнд гарах гэтэл сэтгэл түгшээд нэг л болдоггүй. Тэгээд би Олимпийн шинэ аваргыг сөхрүүлж түүгээр барахгүй кураш бөхийн дэлхийн аварга шүү хэмээн өөрийгөө зоригжууллаа. Амьхандаа дотор байгаа айдсаа гаргаж байгаа нь тэр.
-Рио де Жанейрогийн татамид аз таныг арай илүү түших шиг санагдсан. Учир нь та хэсгийн эхний барилдаануудад дэлхийн шилдгүүдээс хол өнгөрсөн. Та хэрэв шилдгүүдтэй эрт таарсан бол медальт байранд үлдэж чадах байсан уу?
-Би жингийнхээ өрсөлдөгч бүрийг нарийн судалсан. Тэдэнд тохирох мэхийг ч эртнээс давтаж гартаа оруулсан. Алтан медалийн төлөөх эгзэгтэй барилдаанд Японы бөх Асамитай барилдахдаа өчих мэх хийнэ гэж бодож дэвжээнд гарсан. Санасан мэх амжилттай болж би дэлхийн аварга болсон.
-Хэрэв өчих мэх бүтэлгүйтвэл өөр хувилбар байсан уу?
-Би шийдвэрлэх барилдааны өмнө хоёр мэхний хувилбарыг олон давтаж дэвжээнд гарсан. Өчих мэх хийе гэж бодоод шууд дайрчихсан. Алдарт бөх Харуна Асами бууж өгч буйгаа илэрхийлэн дэвжээг цохиход үнэхээр гоё мэдрэмж төрсөн шүү. Өрсөлдөгч тамирчны бууж өгөх үйлдэл нь жүдочдод хамгийн агуу ялалтад тооцогддог. Тиймээс дэлхийн аваргын алтан медалийг бахдалтайгаар авсандаа баяртай байна.
-Медалийн тавцанд Харуна Асами гаргасан амжилтаа голонгуй нүдээ бүлцийтэл уйлж байхад харин та баярын нулимсаа тогтоож ядан зогсч байсан?
-Медалийн тавцанд гарахдаа биеэ барихыг хичээсэн боловч Спорт цогцолборын тайлбарлагч “Монголын бөх Мөнхбатын Уранцэцэг” гэхэд хөл, гар чичрээд, нүдэнд нулимс дүүрээд явчихсан. Энэ дашрамд намайг жүдо бөхийн спорт руу хөтөлж оруулсан н.Баярсайхан, Ш.Цэвэлмаа багш нартаа баярлаж явдагаа илэрхийлэхийг хүсч байна.
-Өөрийг чинь утсаар яриад уйлж байхыг олон хүн харсан байна лээ. Тухайн үед та хэнтэй ярьж байв?
-Аварга болсон баярт мэдээгээ хамгийн түрүүнд ээжтэйгээ хуваалцсан. “Охин нь Дэлхийн аварга болчихлоо. Таныгаа энэ мөчөөс эхлэн жаргаана” гэсэн товчхон яриа өрнөсөн дөө.
-Та Лондоны олимпод оролцох эрхийг 52 кг-ын жинд олж авсан байх аа. Харин энэ удаад 48 кг-руу жин хасч барилдаад амжилт гаргалаа. Энэ хоёр жингийн онцлог ялгааг тайлбарлахгүй юу?
-Би 48 кг-ын жинд олон жил барилдсан. Энэ жингийн бөхчүүд хурд давамгайлж барилддаг онцлогтой. Харин 52-д барилдаж буй бөхчүүд хүч бяраар түлхүү барилддаг юм шиг.
-Гурван жилийн дараа Рио де Жанейрогийн олимпод таны жингийн өрсөлдөгчид бүгд л даагаа нэхэх гэж ирэх болов уу?
-Тэгвэл сайн л байна. 2016 оны олимпийн өмнө дэлхийн аваргын хоёр ч тэмцээн хүлээж байгаа. Энэ хоёр тэмцээнд тэд өөрсдийнхөө ур чадварыг харуулах бүрэн боломжтой юм. Тэд эс чадвал би дахин аваргалнаа.
-Та 2016 оны олимпоос медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Хүмүүсийн тэр их итгэл найдварыг олимпийн наадмын баярт мэдээгээр хариулахыг хичээнэ.
-Ярилцсанд баярлалаа. Олимпийн аварга болохыг ерөөе?
-Баярлалаа. Би та бүхнийхээ итгэлийг алдахгүй.