Ч.ГАНТУЛГА
Хичээлийн хэрэгсэл нь амилж, сахилгагүй хүүг хашраадаг тухай өгүүлэх “Норовын намтар” зохиолыг уншаагүй хүүхэд үгүй биз. Энэхүү зохиолыг хүүхдийн зохиолч Д.Содномдорж 1957 онд бичсэн түүхтэй. Үе үеийн Норовууд “Норовын намтар” жүжгээс алдаагаа олж харсан нь лавтай. Тэгвэл орчин үеийн залууст зориулж, найруулагч Ч.Түвшин зохиолыг нь бичиж, найруулан нэгэн содон түүхийг тайзны бүтээл болгон амилууллаа. Энэ бол драмын театрын уран бүтээлчдийн бяцхан дүү нарынхаа хичээлийн шинэ жилд зориулан барьж буй оюуны бэлэг юм.
Хүүхдүүд бужигнан дуу хуур болох зуур тайз харанхуйлж, жүжиг эхэллээ. Оосор нь тасарсан цүнх, үзүүр нь хугарсан харандаа, хавтас нь салсан ном, толгой нь эргэсэн гортиг, бэх нь асгарсан үзэг, хуудас нь урагдсан дэвтэр зэрэг өрөвдөлтэй хичээлийн хэрэгслүүд үнэнч найз улаан харандааны араас гашуудна. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Норов түүний үзүүрийг нь хугалан хөнөөжээ. Өнөр бүлээрээ аз жаргалтай байсан өнгийн харандаанууд уйлна. Эзэн хэзээ ирж биднийг сүйтгэх бол гэж битүүхэн дотроо айна. Харин энэ бүхнийг ажиглаж зогссон цүнх зоригтойгоор “Сахилгагүй муу хүүг сайн гэгч нь шийтгэе” гэж уриална. Хичээлийн хэрэгслүүд дэмжиж, хариугаа авч, шийтгэх төлөвлөгөө боловсрууллаа. Энэ зуур насаараа намын дарга хийсэн өвөө нь ач хүүгийнхээ эцэг эхийн хуралд сууснаар зүрх нь өвдчихсөн орж ирнэ. Тарьсан олон хэргийг нь эмээд нь ховлодог. Норов компьютер тоглоомын газар найзуудтайгаа байлдаантай тоглоом тоглоно. Тэндэхийн эзэн бяцхан хүүхдүүдийг ашиглан хөлжсөн нэгэн. Гэрээсээ хулгайлсан зүйлээр нь тооцоогоо хийж өөгшүүлнэ. Ээж аавыг нь ирэхэд хүүхэд нь байхгүй гэж хуурна. Харин энэ бүхнийг Жимсээ охин сайн мэднэ. Байнга Норовоос хичээлээ хий гэж шахаж, шаардана. Гэвч үгэнд ордоггүй, хүмүүжил муутай, сурлага гавихгүй, дэггүй нөхөр юу гэж үг авахав. Үе дамжиж ирсэн ханын цагаа гомдоосноор сахилгагүй жаалын адал явдал цааш үргэлжилнэ. Норовыг өглөө нойрноосоо сэрэхэд цүнхтэй дэвтэр, ном нь алга болсон байв. Амилсан хичээлийн хэрэгслүүд хайрт аав, ээж, эмээ, өвөөг нь барьцаалж тоглоомын ертөнцөд аваачдаг. Тэднийгээ аврахаар Норов хүү, Жимсээ найзынхаа хамт тоглоомын ертөнцөөр аялдаг. Гомдсон хичээлийн хэрэгслүүд хэрвээ сахилгагүй зангаа засч, онц сурна гэж амлахгүй бол хайртай гэр бүлийнхнийг нь суллахгүй гэж айлгадаг. Гэмээ ухаарч, буруугаа ойлгосон Норов сайн хүүхэд болно гэдгээ амласнаар хайртай хүмүүсээ сулладаг. Эцэг эх нь хүүхдээ хайхрамжгүй орхисондоо харамсч, хичээлийн хэрэгслүүдээс уучлалт гуйснаар жүжиг төгсдөг юм.
Бидний ирээдүй хүүхдүүд билээ. Тэд онц сурч, ээж аавынхаа үгэнд орж, сайн хүн болж төлөвшвөл буурлуудынхаа ачийг хариулж буй нь тэр. Энэ бүгдийг ойлгуулж, сургах үүрэгтэй хүмүүс нь гэр бүл, эцэг эхчүүд. Норов төрөхдөө сахилгагүй төрөөгүй. Түүнд эцэг эхийн хараа хяналт, үлгэр дуурайл дутжээ. Жүжигт эхийн хайр гэдэг хүссэн бүхнийг нь авч өгч, эрхлүүлэх биш, үлгэр жишээ эцэг эх байж, хүүхэддээ зав гаргаж, ярилцах хэрэгтэйг сануулсан байв.
Найруулагчийн хэлэх гэсэн гол санааны нэг нь компьютер тоглоомын газар. Өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа хүүхдүүдийн хамгийн том дайсан нь энэ. Эцэг эхдээ худлаа ярин мөнгө авч, номоо зарж, хичээлээ таслагчдын ихэнх нь тэнд цагийг өнгөрүүлдэг нь нууц биш. Донтсон хүүхдүүд байлдаантай тоглоомын дүрд хэтэрхий автан нэгийгээ хөнөөлөө гэсэн мэдээлэл цацагдсаныг бид мартаагүй. Шархадны эмнэлэгт тоглоомонд донтсон хүүхдүүдэд зориулсан тасаг хүртэл бий болсон гэдэг. Тэгвэл энэ жүжигт өнөө цагийн энэ эмгэнэлийг тод харуулжээ.
Норовтой хамт тоглодог найз нь гэрээсээ мөнгөн аяга хулгайлан тоглоомын газрын эзэнд атгуулснаар шөнөжин тоглох эрхтэй болж буй тухай ч гардаг юм. Тоглоомын газрын эзэн тэднийг түгжээд явдаг. Мөнгө л байвал юу ч хийхээс буцахгүй болсон хүмүүсийн дүрийг түүгээр төлөөлүүлжээ. Хойч үеийн ирээдүйн эзэд болсон хүүхдүүдийн оюун санааг бохирдуулж, уруу татсан цахим тоглоомын газруудыг энэ хэвээр нь даруулгагүй байлгасаар байх уу гэсэн асуултыг бас дэлгэжээ.
Норовын дүрийг драмын театрын залуу жүжигчин А.Чингүүн бүтээсэн. Түүний хувьд театрын босго алхснаас хойш бүтээсэн анхны гол дүр нь энэ. Сахилгагүй нь дэндсэн Норовын дүрийг чадварлаг бүтээснийг нь хөөрхөн хүүхдүүдийн халуун алга ташилт гэрчилсэн байх. Харин түүний хажуу байрны охин, ангийн анд Жимсээгийн дүрийг соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Хулан бүтээжээ. Дөрөвдүгээр ангийн сурагч, Норовын сайн найз. Түүнийг буруу замаас гарахад нь тусласан ачтан бол Жимсээ охин. Тэр бол үлгэр жишээ хүүхдүүдийн төлөөлөл юм. Норовын аавд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амгаланбаатар, ээжид Д.Ганцэцэг тогложээ. Аав нь хүүхдийн төлөө сангийн тэргүүн. Гэвч өөрийнхөө хүүхдэд анхаарлаа хандуулж чадаагүй нэгний дүр юм. Жүжгийн төгсгөлд хүүгээ хүмүүжүүлж чадаагүй хүн түмний олон хүүхдийн төлөө юу хийж чадахав дээ гэж харамсдаг тухай өгүүлдэг. Өвөөгийн дүрийг Соёлын тэргүүний ажилтан Д.Отгонбат, эмээгийн дүрд гавьяат жүжигчин У.Урнаа тогложээ. насаараа намын дарга хийсэн өвөө нь Норовыг удам гутаалаа гэж загнадаг. Гэвч түүний хүмүүжлийг хөсөр хаясан нь өөрийнх нь буруу байсныг сүүлд ухаардаг.