Д.ЦЭРЭННАДМИД 

Азийн морин спортын холбооны тэргүүлэгч гишүүн, Киргиз улсын МСХ-ны ерөнхийлөгч Манасбек Султанов энэ зун Монголд ирж нэлээд хугацааг өнгөрөөсөн. Түүнтэй сонгомол морин спортын хөгжлийн талаар ярилцлаа. Энэ хүн Киргиздээ саадтай харайлтын төрлөөр морь, тамирчин бэлтгэж байгаа хүн юм билээ.

-Таны Монголд ирсэн зорилгыг сонирхож байна л даа?

-Би Монголын морин спортын холбооны урилгаар ирсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Киргизэд болсон тэмцээнд Монголын тамирчид оролцох үед бид хойшид хамтран ажиллах талаараа ярилцсан юм. Ингээд Монголд байх хугацаандаа Монголын морин спортын холбооны ажилтай танилцлаа. Тамирчидтай нь уулзаж нөхөрсгөөр ярилцсан. Бас монгол наадам үзлээ.

-Азийн морин спортын хөгжил бусдаас хэр ялгаатай вэ?

-Морин спорт Азид эртнээс хөгжсөн төрөл. Япон, Солонгос болон Арабын орнуудад илүү хөгжиж байгаа гэж хэлж болно. Хятад, Казахстан, Узбекистанд сайн хөгжиж байна. Харин олимпийн хөтөлбөрт багтдаг төрөл нь дутмаг тал бий.

Монгол, Киргизийн хувьд хөгжлөөр тун адилавтар юм. Уг спорт өнөөдөр хөгжиж байгаа орны жишигт хүрэхэд их ажиллах шаардлагатай байна л даа.

-Монголыг адууны орон гэдэг “Морьтон Монгол” ч гэдэг. Тэгэхээр морин спорт сайн хөгжих боломжтой байх гэж боддог. Гэтэл шуудхан хэлэхэд доройхон байгаа шүү дээ. Энэ нь адууны төрөл үүлдэр, онцлогоос болж байна уу. Эсвэл...?

-Морин спортод гурван төрөл байдаг. Үндэсний, сонгомол, олимпийн гэж. Эндээс бид олимпийн төрлийг хөгжүүлэхийг зорьж байна. Монголд Үндэсний морин уралдаан уламжлалаараа улам хөгжиж байгааг харлаа. Тэгэхээр алив спортын хөгжил сургалтаас л шалтгаалдаг. Сургалтын төвүүд олон байх шаардлагатай. Гэтэл Монголд 1.5 сая хүнтэй том хот гэхэд нийслэлдээ морин спортын төвгүй байгаа нь харамсалтай байна. Манай Киргизид нэг л төв байдаг. Гэхдээ томоохон. Тэгвэл Ташкентад найм, Узбекистанд 120, Бээжинд 160-аад сургалтын төв ажилладаг. Тэгж л байж амжилтад хүрдэг. Сургалтын төв заавал том байх албагүй. Гагцхүү хотдоо л төвлөрсөн байвал хүүхдүүд хичээллэхэд дөхөмтэй байдаг.

-Манай Улаанбаатарт газар ч алга. Бас тэгээд хотод мал байж болохгүй гэдэг...?

-Ийм шалтаг хэлбэл хөгжүүлэхгүй гэсэнтэй адил. Яагаад газар байхгүй гэж Улаанбаатар хотын төвд цемент, хайрга, чулууны ноос угаадаг бас төмрийн гээд үйлдвэрүүд байх юм. Түүний оронд тохилог байр савтай морин спортын сургалтын төв байж болно. Гадаадын орнуудад нийслэлдээ төвүүд нь байдаг юм.

-Тамирчид бэлтгэхэд хэр цаг хугацаа шаардлагатай байдаг вэ?

-Монгол, Киргизийн хүүхдүүд Европынхноос илүү авъяастай л даа. Адилхан нүүдэлчин түмний үр сад учир морь унах нь тэдэнд байгалиас заяасан зүйл. Тиймээс амархан сурдаг, даддаг.

-Тэгвэл монгол морьд сонгомлын төрөлд хэр тохиромжтой байдаг юм бол...?

-Киргиз, монгол морь адилхан. Дээр үед гол нь дайн байлдааны зориулалтаар  ашиглаж байсан. Тэгснээр манай улсын морьд холын зайд тэсвэртэй нүүдэлч мөн чанартай нь их тохирч байсан юм. Энэ чанарыг алдсан ч гэлээ монгол, киргиз морьд байгалийн нөхцөлд дасан зохицох чадвар сайтай хэвээр. Өвс, ургамлаа өөрөө олоод тамир тэвээрэг авах нь хурдан. Энэ бол монгол морины гайхамшигтай чанар юм шүү. Бие бялдрын хувьд жаахан давжаа болсон нь үнэн л дээ.

-Морьдыг яаж бэлтгэдэг вэ. Тухайлбал танай Киргизэд?

-Бид аргамаг хүлэг гэж ярьдаг. Энэ нь хуучин үлгэрт гардаг сайн морьд, гаднаас өөр үүлдэр авчирч эрлийзжүүлсэн морьд гэж үүнийг ангилдаг. Хөдөө аж ахуйн шугмаар ч юм уу морин заводуудыг байгуулж тэндээсээ сайн морьд бэлтгэх арга бий. Монголд тийм уламжлал байсан гэж дуулсан. Гэтэл яагаад Монголд морин спорт бусдаас хоцрогдонгуй яваа юм бэ гэвэл дээрээс муухан анхаарал тавьдаг, хичээллэгсэд цөөн юм байна л даа.

-Таны үгэнд дээрээс нь сайн анхаарал тавих чухал гэсэн санаа гарлаа. Энэ тухайгаа жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Төр, засгаас энэ төрлийг спортын бусад төрөлтэй адил анхаарах учиртай л гэж хэлээд байгаа юм. Ер нь анхаарах гэдэг сургалтын байршил сайтай төвүүд л байгуулаад өгчихнө чухал. Тэгвэл бусад асуудал аяндаа болоод явчихна шүү дээ. Би ММСХ-ны ерөнхийлөгч Б.Цогтгэрэлтэй уулзсан. Түүний хэлэх нь морин спортын томоохон төв байгуулах гэж байгаагаа хэлж байна лээ. Харин хотоос зайдуу гэдэг нь таалагдаагүй. Хол байгаа төвд уралдаанд оролцох тамирчид, томчуул л очно. Долоо хоногт 4-5 удаа хичээллэх учиртай хүүхдүүд очиж чаддаггүй юм. Үүнийг анхаараасай гэдгийг би санал болгосон. Цаашид хамтарч ажиллах тухайгаа ч ярилцсан.

-Киргизийн морин спортын холбооны зүгээс тэр дотор таны хувьд манайд ямар дэмжлэг туслалцаа үзүүлж чадна гэж бодож байна вэ?

-Бид цус нэгтэй амьдралын хэв шинж адил учир эртнээс дотно харилцаатай явж ирсэн. Тиймээс хойшид улам нягт хамтарч ажиллан сайн тамирчид бэлтгэж тив, дэлхийд морьтон түмнийхээ нэр алдрыг өргөх учиртай. Бид монголчууддаа уралдаан тэмцээн болоход морьдоор тусалж болж байна. Мөн уралдаан тэмцээнийг зохиож хамрах хүрээг өргөтгөх, сургалт, семинар хийж болно.

Морин спортын сургалтын төв байгуулахад туслах боломжтой. Аль болохоор далайцтай хамтарч ажиллахад бэлэн.