Н.БАТМӨНХ
У.Мижиддорж Архангай аймгийн Хашаат суманд 1933 оны усан тахаи жил төржээ. У.Мижиддорж арслангийн аавынх нь эцэг унзад Рааш , ээжийнх нь эх Чанцал хэмээх их том биетэй , хүч чадал ихтэй хүмүүс байсан байна. Мөн ах Дарьзав нь барилддаггүй байсан боловч маш мариа сайтай бие томтой , эгч Гандан нь эр хүн шиг бие цогцтой , морь сайн уургалдаг хүн байжээ. У.Мижиддорж арслан 15 настайгаасаа эхлэн өөрийн сумын болон Өгийннуур сумын наадамд барилдаж эхэлжээ. 18 настайдаа 1951 оны улсын баяр наадамд барилдахаар сумаасаа хөтөлгөө морьтой ирж барилдан нэгийн даваанд унаж урам муутайхан буцжээ. Тэрээр цэргийн албанд мордсоноор улсын баяр наадамд барилдах замаа дахин үргэлжлүүлж 1952 оны улсын баяр наадамд гурав давж дөрвийн даваанд Ц.Чимэд-Очир аваргад амлуулан унажээ. 1953 онд аймгийн наадмаас начин цол. 1954 оны Дорноговь аймгийн баяр наадамд барилдан түрүүлж аймгийн арслан цол авчээ. 1955 оны улсын баяр наадамд 256 бөх анх удаа сугалаагаар барилдахад тусгай хорооны байлдагч У.Мижиддорж тав давж улсын начин цолыг 22 насандаа авчээ.
1956 оны улсын баяр наадамд барилдсан 512 бөхөөс долоо давж Монгол улсын заан цолыг 23 насандаа авчээ.
1957 оны улсын баяр наадамд зургаа давж өсөх идэр чимэг.
1958 оны улсын баяр наадамд тав давж улам нэмэх чимэг.
1960 оны улсын баяр наадамд зургаа давж улам өрнөн өсөх чимэг.
1961 оны улсын баяр наадамд тав давж идэр шаламгай чимэг.
1962 оны улсын баяр наадамд зургаа давж үнэн хүчит чимэг.
1963 оны улсын баяр наадамд найм давж үзүүрлэж монгол улсын арслан цолыг 30 насандаа хүртжээ.
1964 оны улсын баяр наадамд зургаа давж хоёрдохоо үнэн хүчит чимэг.
1965 оны улсын баяр наадамд зургаа давж бат хүчит чимэг.
1966 оны улсын баяр наадамд тав давж бат өрнөх чимэг.
1967 оны улсын баяр наадамд тав давж олныг баясуулагч чимэг.
1968 оны улсын баяр наадамд зургаа давж бууршгүй хүчит чимэг.
1969 оны улсын баяр наадамд зургаа давж чимэг олгоогүй.
1972 оны улсын баяр наадамд тав давж манлайн дэлгэрэх чимэг.
1973 оны улсын баяр наадамд тав давж тод сонин чимэг.
1974 оны улсын баяр наадамд тав давж хоёрдохоо бууршгүй хүчит чимгүүдийг тус тус хүртжээ.
1970, 1971, 1975, 1978 онуудын баяр наадамд дөрөв давж у/х И.Ламаажав у/з Ц.Дамдиндорж, з/б Д.Амгаа , Дархан аварга Д.Дамдин нарт, 1952, 1977, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1986 онуудын баяр наадамд гурав давж Даян аварга Ц.Чимэд-Очир, а/а Ж.Одсүрэн, з/б Х.Галиндэв, а/а М.Баатар, у/а Л.Сосорбарам, а/а М.Загдсүрэн, а/а Д.Шарав нарт 1984, 1985, 1989 онуудын улсын баяр наадамд хоёр давж а/а З.Дэлгэрдалай , з/б Б.Батбаяр , ц/а Д.Хишигдорж нарт өвдөг шороодон , 1990 онд сүүлчийн удаа улсын баяр наадамд зодогложээ. Мөн 1959 , 1976 , 1988 онд барилдсан эсэх нь тодорхой бус юм.Хэрэв барилдсан бол доогуур даваанд унасан бололтой.
У.Мижиддорж арслан 17 жил улсын баяр наадамд тав давж түүнээс гадна 30 гаруй жил улсынхаа баяр наадамд зодогложээ. У.Мижиддорж арслан өндөрдүү нуруутай, ууц урттай, хүч мэх тэнцүүхэн, хараа сайтай, уужуу тайван барилдаантай, суйлах, дэгээдэх, хөмрөх, ачих, шуудагдан өргөх, давуулж гуядах мэхүүдийг даацтай сайн хийдэг, баруун дархан ташаатай, бөхийн мэхийг сайн хариулж барилддаг учир улсад олон жил тогтмол амжилттай барилдсан бөх юм. Мөн үүнээс гадна чөлөөт бөхөөр 97 кг, 100 кг жинд хот, нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцож байсан ба чөлөөт бөхийн нэгдүгээр зэргийн тамирчин юм. Тэрээр хууль цаазны дунд сургууль, намын дээд сургууль, ХААДС-ийг дүүргэж, сумын дарга, нийслэлийн төв зах, төв цэнгэлдэх хүрээлэнгийн дарга зэрэг алба хашиж байлаа. У.Мижиддорж арслан зургаан хүү, таван охинтой өнөр айлын тэргүүн юм. Арслан маань өөрийн барилдаж явсан бөх дархан аварга Б.Түвдэндорж , Д.Дамдин, Ш.Батсуурь, Ж.Мөнхбат, улсын аварга Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин, улсын заан Л.Ёндон нарын бяр хүч барилдааны арга барилын талаар дандаа дурсан ярьдаг.
Мөн хойч үеийн залуу бөхчүүдэд даруу төлөв, шалмаг шуурхай, барилдааны үед элдэв ааш араншин гаргахгүй өөрийн биеийг зөв үнэлж, бусад бөхчүүдээ хүндэлж явахыг захиж сургажээ.У.Мижиддорж арслан үндэсний бөхийн хөлийн цэцээр олон жил ажилласан юм. Одоо энх тунх амьдарч байна.