Д.ЦЭРЭННАДМИД
НААДМЫН ХЭЛГИЙРЭЛ БУЮУ ЦОЛНЫ СОЛИОРОЛ
Улсын баяр наадам өндөрлөв үү, үгүй юу нэр бүхий хэдэн аймгийн 90 жилийн ойн томоохон наадмын тухай ярьж эхэлсэн. Нутаг нугаа гэсэн хүмүүсээс эхлээд уяачид, бөхчүүд тэр л тухай бодсон, бас яарсан биз. Тэгээд л олны хүсэн хүлээсэн ерэн жилийн өргөж хэлэхэд даншиг гээд байгаа наадмууд болсон. Төв аймгийнхаас эхлээд улсын наадмын дайтай хөлтэй л болсон байх. Лав л ойрын жилүүдэд болоогүйгээр олон морь уралдсан юм билээ. Яахав дөрвөн аймагт сайхан л наадам болсон шиг. Зурагтаар аль алийг нь хальт харсаан. Бахархмаар юм ч байсан. Бас халагламаар юм ч харагдаж байлаа шүү дээ. Халагламаар гэсний учир юу вэ гэвэл бөхчүүдийн олон түмнээсээ зовохгүй, нэр зовлогоо хиртүүлсэн явдал байсных. Тэр тухай өгүүлэхгүй, бичихгүй өнгөрч болохгүйг сануулсан хэрэг. Эхлээд ер нь монгол наадмыг юу гутаадаг болов гэвэл нөгөө бидний хайрлаад, харах үзэх гэж ухаангүйтдэг бөхчүүд маань нэр төрөө балласан үйлийн эзэд болчихжээ. Сүүлийн жилүүдэд улсын баяр наадмын бөх найраа гэдэг завхралд автав. Монгол үндэсний бөх хөгжиж байгаа юу гэвэл хөгжиж байна. Харин буруу тийших хөгжил нь дийлээд байгаа нь наадмыг наадам биш болгож байгаа юм. Шуудхан хэлэхэд барилдаан бүхэнд нүцгэлдэг залуучуудын тоо өссөн нь жинхэнэ хөгжил биш байх. Ер нь юманд зохист орон тоо, хэр хэмжээ гэж байдаг бол тэр нь хэтэрч байна уу даа. Яахав олигтойхон барилддаг нэг нь аймаг, улсын цол хүртээд хоёр өрөө байр, “Ланд-200” машинаар шагнуулж байна. Чадаж байгаа юманд арга алга гэдэг шиг түүнд бурууг тохох хэрэггүй юм. Харин найраа буюу даваа үнэлэх аргаар мөнгө олох нууц бизнес (нууц гэж дээ олон түмэнд ил байгаа юм чинь) дэндлээ. Өнөөгийн нийгэмд бий болсон авлигын сүлжээ дийлдэх янзгүй болсон ишг бөхчүүдийн дунд даваа үнэлдэг бизнес ёстой л хуурай өвсөнд ассан түймэр шиг болж. Энэ тухай олон түмэн ярьдаг, шүүмжилдэг ч төр, засгийн эрх мэдэлтнүүд, бөхийн хүрээний байгууллага зүтгэлтнүүд мэдсэн ч мэдээгүй юм шиг дотор нь хутгалдаж явна. Улстөрчдийн хараа бөх дээр тусахдаа бүр хазгай. Уг уламжлалыг эвдсэн түрүүлээгүй хүнд аварга цол олгох солиотой заалттай хуулинцар санаачилж зүггүйтдэг.
Энэ мэт байдал монгол үндэсний бөхийг мөхөөм янзтай. Ийм байдал саяхан болсон аймгуудын наадмаас бүр тод харагдсан гэж болно. Ер нь бөхийн цолны төлөө хэн ч юу ч хийхээс буцахыг байсныг Завхан, Архангайн наадмаас харав. Нутгийн бөхдөө цол хүртээх гэсэн солиорол “90 жил”-ийн их наадмуудыг жинхэнэ гутаав даа. Завхан аймгийнхан наадмаа хоёр болгохдоо эхлээд зөвхөн өөрийн аймгийн харьяат аймаг, сумын цолтон 256 бөхийг албан хүчээр тоо гүйцээн барилдуулж түрүүлсэнд нь аймгийн арслан цол олгожээ. Зуун чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэдэг шиг нэг залуу түрүүлж л таараа шүү дээ. Гэтэл тэр барилдаанд түрүүлсэн сумын заан Ш.Пүрэвгарьд аймагтаа л “аймгийн арслан” гэж цоллуулах болж байна л даа. Энэ буруудлыг Ш.Пүрэвгарьд биш зохион байгуулагчид хийж байгаа юм. Монгол бөхийн өргөөнд болдог барилдаанд Ш.Пүрэвгарьд аймгийн арслан биш. Ийм ухагдахуун гарч байна. Завхан аймгийнхаа л арслан байх нь л дээ. Тэр барилдаанаас харахад тус аймгийнхан сум бүхэндээ, баг бүрдээ сумын заантай болж ерэн жилдээ бэлдсэн харагдаж байна. Архангай ч ялгаагүй. Хурга, ишиг ялгаж байгаа юм шигээр аймгийн цолтнуудыг тусад нь барилдуулсан. Тэгээд бага цолтой нэгдээ аймгийн арслан өгүүлсэн байлаа.
Бас болоогүй ээ. Хоёр дахь наадам буюу улсын цолтнууд оролцох барилдаандаа улсын начингаас дээш цолтойг барилдуулахгүй гэж шахсан байгаа юм. Гэтэл том цолтнууд нь эсэргүүцэн зодоглон гарч зогсож байж аваргатай, арслантай, гарьдтай, заантай наадам болгож. Энэ бүхнийг нугалаа гэж ч болно. Ардын хувьсгалын анхны жилүүдэд нугалаа их байсан гэдэг (одоо ч энэ болхи улс төрд ч байгаа л байх). Тухайн үед нам, засгийн шийдвэрийг далимдуулан өөрийн зоргоор элдэв явуулга үйлдэх нь их байж. Ноос, ноолуурын төлөвлөгөө биелүүлээгүй хүнийг шоронд хийнэ гэж айлгах, ганц нэг хазгай үг хэлсэн нэгнийг эсэргүү гэж яллах зэргээр нугалаа хийдэг байсан гэдэг. Кинон дээрээс Бодоо сайд бошигийг халах эвлэлд элсэгчдийн гэзгийг огтолж байсан тухай харсан шүү дээ. Архангай, Завханд бөхийн хоёр наадам хийсэн нь бол үүнтэй адил нугалаа л даа. Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагад Архангай аймгийн удирдлага ойлгуулахдаа “Бид нэгэнт хуулиар аймгийн наадам 512 бөх барилдуулж болохгүйгээс цол хүртээх аймгийн наадмаа 128 бөх барилдуулж хийчихээд ерэн жилдээ 256 ч байна уу, 512 бөхөө барилдуулна” гэжээ. Үүнийг нь МҮБХ зөв зүйтэй юм, хууль сахиж байна гэж хүлээж авсан бололтой. Гэтэл энэ нь заль байж л дээ. Архангай, Завханыхны хувьд шүү дээ. Энэ жил аймгийн цолтон 111 төрсөн мэдээ байна. Түүний дийлэнх нь ерэн жилээ тэмдэглэсэн аймгуудын наадмаас тодруулсан “дотоод үйлдвэр”-ийн бүтээгдэхүүн юм.
Тэр тоог сонсоход юуны бахархах, харин хачирхал төрж байна. Урьд нь нэг жилд арав, хорин шинэ цолтон гарлаа гэдэг байсан юм билээ. Наадмын бөх нь гайгүй сайхан боллоо гэмээр нь Төв аймгийн 90 жил юм уу даа. Бусад нь муугаар хэлэх юмтай л болсон. Тухайлбал Дорноговьт Догшин хутагтын мэндэлсний 210 жилийн ойн наадмыг хийсэн. Энд мөн л бөхийн хэл ам бий. Нэгийн даваанд унасан бөх дөрвийн даваанд гарч ирсэн гэж бөхчүүд хэлж байналээ. Говьсүмбэрийн наадамд аймгийн арслан цолтой бөхийг аймгийн начин гэж оноолтыг буруудуулсан. Энэ бол хэн нэгнийг гаргаж ирэх гэхдээ эрэмбийн алдаа хийсэн явдал бололтой. Энэ мэтээр наадмын бөхөд маргаан, будлиан мундахгүй л дээ.
ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭЛТГИЙ НААДАМ
Хан-Хэнтий аймаг 90 жилийн ойгоо бусдын адил сүр дуулиантайхан тэмдэглэсэн. Хожим ярих дурсах сайхан юм байсан л байх. Гэхдээ л хэлтгий наадам гэж хэлэхэд буруудах юун. Эрийн гурван наадам гэдэг яахав дөрөв ч гэж болно. Гэтэл түүнээс бөх нь бөх биш олны дургүй хүргэсэн дахиад тийм барилдаан хармааргүй болсноос наадмын хэм хэлтийсэн дээ. Хэлтийсэн. 256 бөх зодоглоход арслан, гарьдаас эхлээд улсын цолтой 22 бөх барилдсан бий. Гэтэл муухан найруулсан жүжиг шиг л юм болж таарав. Найруулагч нь хэн байв гэдгийг анзаарч үзвэл тус аймгийн баяр наадам зохион байгуулах комиссынхны хийсэн ажил гэдгийг хэлэх хүн олон байна. Харин аймгийн бөхийн холбоо, зүтгэлтнүүд нь гүйцэтгэгчид байжээ. Баянмөнх сумын харьяат З.Наранбаатар гэдэг залууг аймгийн арслан болгох нууц төлөвлөгөөг аль эрт хийсэн бололтой. Тэр төсөл төлөвлөгөө тун хүчтэй. Наадамд очсон улсын том цолтнууд ч нуга дарагдаж ээлж дараалан өнхрөөд өгч. Түрүүлүүлэх гэсэн залууд гурвын даваанд улсын начин Б.Насандэлгэр, дөрөвт улсын начин Б.Батбаяр, тавд улсын заан Д.Бумбаяр, зургаад улсын заан М.Өсөхбаяр, долоод улсын арслан Х.Мөнхбаатар, үзүүр түрүү барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар нар тахимаа өгөв. Тэдний унасан биш улайн цайм бууж өгснийг олон түмэн харж байсан. Зарим нь бүр барилдалгүй элэг бүсээ тайлж харагдсан шүү дээ. Бөхчүүд ингэж л мөнгөний төлөө наадамд зодоглосон залуу байтугай араг үүрсэн эмгэнд ч бууж өгөх нь л дээ. Дээрээс нь буюу аймгийн баяр наадам зохион байгуулагчид энэ найрааг хийхийн тулд наадамд ирсэн улсын цолтнуудад боодол боодол мөнгө харуулж. Тэгэхээр аль ч дэнжид аваргуудыг айлгадаг арслан, гарьд, заанууд болжмор болон жижгэрч бушуухан унахын түүс болсон биз. Уг нь наадамд бөхчүүд түрүү авах гэж ногт ганзагалж очдог сайхан уламжлал бий. Гэтэл одоогийн бөхчүүд ногт биш мөнгө хүүдийлэх богц саваа ганзагалж очдог болсон байна.
Аймгийн баяр наадмын комисс ерэн жилийнхээ ойд түрүүлсэн бөхөд олгох байг хоёр өрөө байр гэж зарласан. Гэхдээ нутгийн бөх түрүүлбэл өгөх, өөр аймгийн бөх түрүүлбэл өгөхгүй гэсэн байх юм. Бас л ичмээр хэрэг шүү дээ. Тэр шийдвэрээр хоёр өрөө байрыг З.Наранбаатарт л өгөх юм шүү гэсэн үг байж. Улсын цолтнууд эр бяргүйдээ биш мөнгөнд болж “нурсан нь” нууц биш. Томхон давааны унаа нь 10 саяын үнэтэй байсан гэж дуулдав. Тэгэхээр барилдсан болж сөхөрсөн, барилдалгүй бүсээ тайлсан арслан, гарьд, заан, начингууд богцондоо юмтай л буцаж дээ. Өнөө үеийн бөхчүүдэд ичих нүүр гэж даан ч алга даа. Улсын сайн заан гэгддэг Б.Сайнбаяр, Д.Бумбаяр, улсын баяр наадмаар “ногоон гэрэл”-ээр харцага цолд хүрсэн Н.Түвшинбаяр нар энэ наадмын начин төрүүлэгчээр тодров. Ийнхүү тус аймгийн наадмын бөх үзэх юмгүй, наадамч олны дургүйцэл төрүүлсэн барилдаан байв. Тиймээс үзэх бөхгүйд нь наадам хэлтгийрсэн гэж байгаа юм. Найраанд орсон улсын цолтнууд дараалан “хэвтээд” байхаар үзүүр, түрүүнд очсон улсын гарьд Н.Ганбаатарт барилдах боломж олдоогүй байх. Тэгээд аваргууд дуурайж элэг бүсээ тайлж зүгээр л буугаад өгчихөв. Ингэснээр Н.Ганбаатарын нэр хүнд өсөөгүй, унасан. Энэ наадмын комиссын бөхийн найраа хийх “цахилгаан төлөвлөгөө”-г зөрчих нь эрсдэл дагуулж ч мэдэх магадлал бас бий. Тэр жил Сүхбаатарт болсон “Алтан овоо”-ны хишиг наадамд улсын аварга А.Сүхбат шударга зангаараа барилдаад түрүүлчихсэн чинь нутгийн залуусын нударганы амт үзсэн удаа бий. Ийм сургамж бөхчүүдэд санагддаг байх л даа.
МОНГОЛ БӨХ ИЙМ Л БОЛЧИХОЖ. ЯАХ ВЭ?
Энэ асуултыг Монголын үндэсний бөхийн холбооныхонд л тавьмаар байна. Яагаад гэхээр үндэсний бөхийг жолоодох учиртай мэргэжлийн байгууллага нь энэ холбоо. Хөгжөөд байгаа гэх бөх чинь буруу замаар будаа тээгээд байна. Гэхдээ энэ холбооны эрх мэдэл хүрэхгүй асуудал ч гардаг л байх. Бөхөд улс төр орж бас бизнесийн бүлэглэлүүд сүрхий хутгалдсан болохоор. Нөгөө талаар үндэсний бөхөд мөрдөж байгаа дүрэм, журам, баяр наадмын хууль хуучирчээ. Алив асуудалд хандах болохоор дүрэм, журамд хуульд ингэж заасан гэдгээр халхавчилж суудаг болсон. Хамгийн нэг анхаарал татсан асуудал аймгийн наадмын бөх. Ерөнхий дүр зураг нь улсын цолтой хэдэн бөх очиж үймүүлээд л өөрсдөө унаж өгч хэн нэгнийг аймгийн арслан болгодог явдал. Дундговийн “алдарт наадам”-аас эхлээд хожим нь ярихад дургүй хүрэм барилдаан олон. Өмнө нь Өмнөговийн наадмыг И.Доржсамбуу гарьд тэргүүтэй томчуул очиж найраа хийгээд Д.Хашбат гэгчийг аймгийн арсланд өргөмжилсөн байдаг. Өвөрхангайн Есөнзүйл сумын наадмыг бас үзсэн хүмүүс нь бөх нь булай болсон гэж ярьдаг. Ийм болохоор аймаг, сумын наадамд улсын цолтой бөх очихоор хөдөөгийнхөн айдаг болж. Нөгөө л заваан найраагаа хийх гэж ирлээ гээд. Үүнээс гарц хайж байгаа нь тэр гээд зарим сум наадмаа нууцалсан сураг дуулддаг. Архангай, Завханыхан гэхэд найраанаас зайлсхийх гээд нугалаа гаргаж бөхөө өөр завхралд оруулав. Тэгэхээр аймгуудын наадмыг бөхийн холбоо анхааралдаа авах цаг болж. Анхааралдаа авна гэхээр тэг, ингэ гэсэн заавар өгөөд сууж байж таарахгүй. Аймгийн бөхийн холбоогоор дамжуулан яг л гартаа авахгүй бол болохгүй нь ээ.
МҮБХ-ны өнөөгийн ажил, үйлийг хуучирсан дүрэм, журамдаа баригдаад хэт ерөнхий, хязгаарлагдмал байна гэж хэлэх хүн олон байна. Нэг санаа хэлэхэд дүрэм журам алдагддаггүй гэгдэх заалны барилдааныг л зохион байгуулдаг болохоор Монголын бөхийн холбоог Улаанбаатар хотын холбоо гэмээр ч юм шиг. Аймаг бүрт салбар холбоо бий. Тэд нь олигтой ажиллахгүй найраа, будлиантай эвлэрэгчид болсон. Нөгөө талаар үндэсний бөхийг эрүүлжүүлэхэд одоогийн мөрдөж буй дүрэм, журмаа өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэхэгүй бол найраачид гаарсан чигээрээ байх нь. Найраанд сурмаг болж амташсан улсын гарьд И.Доржсамбуу гэхэд ах, дүүс улсын заан М.Өсөхбаяр, Д.Баасандорж нараа буруу зам руу хөтөлчихлөө. Бусад нар бүхий олон бөхөд ч энэ “өвчин” халдварлаж байгаа юм. Өөрөө найраа хийж үзэгчдийн дургүйг хүргэснээс болж толгойгоо хагалуулаад хашраагүй дээ. Гарьд маань. Энэ мэтээр тэр, энэ найраа хийсэн гээд тоочвол олон бөхийн нэр хэлж болно оо. Бөхчүүдийн өндөр үнэ, хөлстэй унаа нь авлигын нэг хэлбэр мөн л дөө.
Үндэсний бөхөд анхаарал татсан нэг сэдэв бол допинг. Эхлээд тэр энэ допинг хэрэглэсэн гэж шуугисан. Авсан арга хэмжээгүй л өнгөрсөн. Уржнангийн наадмаас жаахан хатуурхаж хоёр бөхөд хоёр жилээр барилдах эрхийг хасах шийтгэл хүртээсэн. Тэгвэл өнгөрсөн жилийн наадмын барилдаанаас бас хоёр бөх допинг хэрэглэсэн гэж гарсныг зарлаад бөөн хэрүүл болсон. Сүүлдээ хэрүүлээс айсан уу, арслан Х.Мөнхбаатараас жийрхсэн үү, хариу мэх барьсанд нь болсон уу зөөлхөн хандаж түүнд зөвхөн давааны шагналыг нь хасч чимгийг нь хураах шийдвэрт хүрсэн. Арсланд ингэж зөөлөн хандсан болохоор шинэ начин Б.Сугаржаргалд барилдах эрхийг ердөө зургаан сар хасах шийтгэл хүлээлгэсэн. Б.Сугаржаргал ч түүнийг нь шийтгэл гэж тоосонгүй уг хугацаанаас өмнө барилдаад эхэлсэн юм. Тэглээ гэж дуугарсан хүн ч байсангүй. Уг нь шийтгэл гэгдэх зургаан сарын хугацаа одоо л дуусах учиртай байх.
Бөхчүүд сүүлдээ дүрэм журам байлаа ч тоохыг байсан шиг байна. Энэ жилийн наадмын допингийн шинжилгээний хариуг ирээгүй л гэх юм. Битгий ирээсэй гэж бодогсод ч байгаа байх. Хэн ч допинг хэрэглээгүй бол хэрэглэсэн бөх алга гэсэн хариу заавал ирж таарна. Гай болж хэн нэг нь допинг хэрэглэсэн гэж гарвал лав зарлаж чадахгүй байхаа. Зарлахаар “дайн” болдог юм чинь. Бас мөнгөтэй хүн допингээ нууж чаддаг гэсэн яриа ч бий. Авах арга хэмжээг янз бүрийн аргаар зөөлрүүлдэг нь ч нууц биш болсон. Хамгийн сүүлд бас нэг санаа хэлэх байна. Найраа будлианаас болж залуу бөхчүүд хохирч байна. Элдэв хутгууш хийж цол олгосон нь тэр цолны болзол хангасан залуусын буруу ердөө биш. Иймээс тэд хохирч байгаа юм. Дундговийн наадмын 10 бөхийн цол хүчингүйд тооцогдсон. Уг нь зөв. Тэгэхдээ байгаа оноогүй шийдвэр гэж хэлэх гээд байна л даа. Уг нь шийтгэлийг найрааг зохион байгуулсан нөхдөд тохох учиртай юм биш үү. Тухайлбал тэр наадмын бөхийг будлиулсан бөхийн комисс, гарын даа нар, найрааг удирдсан бөхчүүдэд хатуу шийтгэл очих ёстой байх. Энэ утгаар бодвол цол авсан бөхчүүдийн цолыг өгсөндөө өгчихвөл болох ч юм шиг.
“Өглөө” кинон дээр Сэлэм Тогмидыг хэн буудав гэхэд буудсан нөхрийг барьсаан жанжаан гэхэд Д.Сүхбаатар “Үгүй ээ. Жинхэнэ эзнийг нь” гэдэг шүү. Үүнтэй үлгэрлэн бодвоос тийм л байгаа юм. Хэнтий, Завхан, Архангайн наадмын бөхийн булхайг тухайн аймгийн наадам зохион байгуулагчид, тэнд ажилласан бөхийн комисс, гарын даа нарт шийтгэл оноох нь зөв. Бөхийн холбооныхон тэгэх дүрэм байхгүй л гэх биз. Тэгвэл дүрэмдээ өөрчлөлт хийгээч. “Их эе”-ээ хуралдуулж асуудлыг хурцхан тавиач. Үүнийг зөвхөн бичигч би биш бөх сонирхогчид олон түмэн шаардаж байна. Жил болгоны наадмаар худал нь дийлсэн хуудуутай барилдаан үзэж суух гэж үү. Больмоор байна аа...