С.Дашдооровын мэндэлсний 80 жилийн ойд
Ч.Гантулга
Соёл, урлагийн их сургууль өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Сургуулийн багш, ажилчдаас гадна, яруу найраг, утга зохиолд шимтэн дурласан эрхэм уншигчид, зохиол бүтээлээрээ бидний оюуны цангааг тайлдаг буурал зохиолчид маань цугласан байв. Тэд эрхэм андынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүний тухай нандин дурсамжийг дэлгэхээр иржээ. Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын мэндэлсний 80 насны тэгш ой энэ жил тохиож байна. Монголын утга зохиолын ертөнцөд бичлэгийн өнгө аяс, үзэл бодлоороо онцгойрч, бичлэгийн бүх төрөлд бүтээл туурвисан ховорхон зохиолчдын нэг нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын хүү Сормууниршийн Дашдооров байжээ. Түүний “Хүлэг” найраглал, “Өндөр ээж” , “Саруул талын ерөөл” туужийг нь одоо ч хүмүүс шимтэн уншдаг. Үүнээс гадна “Бууж мордох хорвоо”, “Оосор бүчгүй орчлон”, зэрэг бүтээл нь одоо ч үнэ цэнээ алдалгүй уншигчдыг татсаар байна. Эрхэм зохиолчийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагааг түүний охин Д.Маралгоогийн тэргүүлдэг “С.Дашдооров судлалын төв”-өөс санаачлан зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн суудлын тэргүүн эгнээнд зохиолчийн хадам ээж н.Лхамхүү, Ардын уран зохиолч Т.Галсан, Б.Догмид, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Зандраабайдий, Монголхүү, Д.Д.Нэргүй болон нутгийн дуучин Хөдөлмөрийн баатар Х.Хайдав тэргүүтэй эрхмүүд заларчээ. “Дооровыг дурсахуй” хүндэтгэлийн арга хэмжээ түүний амьдралын түүхийг өгүүлэх гэрэл зургийг үзүүлснээр нээлтээ хийсэн юм. Зохиолчийн бага нас, аав ээж болон Багшийн сургуулийн оюутан, ЗХУ-ын Утга зохиолын сургуульд суралцаж байх үеийнх нь ховор зургуудыг сонирхууллаа. Мөн Зүүнхараагийн сургуульд монгол хэлний хичээл зааж байсан үе болон их зохиолч Р.Чойномтой авахуулсан зураг нь содон санагдсан. Үүний дараа СУИС-ийн багш нар түүний “Хүлэг” найраглалыг уншиж толилуулав. Энэ үед танхим тэр чигээрээ аниргүйд умбаж, зохиолчийн оюун бодлоос урган гарсан тансаг үг, монголчуудын зан заншил, хөдөө нутаг, хүлэг морьдын тухай бодолд умбасан юм. Энэ үйл ажиллагааны хамгийн оргил хэсэг нь зохиолчийн тухай дурсамж хүүрнэх үе байв. Зохиолч С.Дашдооровын охин Д.Маралгоо “Би их олон жил гадаадад амьдарсан. Ингэж явахдаа уургаа бариад адуундаа гарах залуу, саалийн хувингаа барьж зогсох бүсгүй хүнийг буюу жинхэнэ монгол омогшлыг үгүйлдэг байлаа. Аавын минь зохиолд энэ бүхэн бий. Миний бага нас дэндүү жаргалтай өнгөрч. Аавыгаа дагаж зохиолчдын гэрт очиж, тэдгээр бурхдын өвөр дээр тоглож өссөн би их азтай. Аав минь жинхэнэ монгол эр хүн байсан. Зааж, сургасан, захисан захиас бүрийг нь одоо ч амьдралдаа хэрэгжүүлэхсэн гэж бодож явна. Манай төв Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургуультай уялдаа холбоотой ажиллаж байна” гэсэн бол С.Дашдоорвын дотны анд зохиолч Д.Батбаяр зохиолчийн аав Т.Сормуунирш гуайн тухай нандин дурсамж хүүрнэсэн юм. Тэрээр “Сормуунирш гуай сархадыг их сайхан, соёлтой хүртдэг хүн байлаа. Хүүгийнхээ гэрт завилж суучихаад, хөлс нь бурзайгаад л яриа дэлгэдэгсэн. Дооровын дээд ургийнхан их мэдлэгтэй оюуны өндөр чадамжтай хүмүүс байсныг би аавынх нь ярианаас сонссон. Т.Сормуунирш гуайн аав нь Талхжав гэдэг хүн байсан юм билээ. Харин Сормуунирш гуай хүүгээ орилуулалгүй өсгөсөн гэж надад дурссан удаатай. Энэ үг миний сэтгэлд их тод үлдэж. Аавынх нь ярьснаар Дооров багадаа нэлээд эрх ч малд нүдтэй хүүхэд байсан юм билээ. Таван настайгаасаа хонь хариулж эхэлсэн. Тиймээс Монголын хөдөө тал, нүүдэлчин амьдралыг дэндүү сайн мэднэ. Энэ нь ч зохиол, бүтээлд нь их тусгалаа олдог. Монголын нүүдэлчин амьдралыг бүзтээлдээ хамгийн сайн гаргасан зохиолч гэвэл Д.Нацагдорж, Д.Намдаг, С.Дашдооров гэж би хэлнэ” гэж эрхэм андынхаа тухай дурслаа.
Эх сурвалж: www.polit.mn