Ч.ГАНТУЛГА
ГАНЦ БИЕ БҮСГҮЙЧҮҮДИЙН АМЬДРАЛ
Хааяа нэг кино үзэж, алжаалаа тайлах сайхан. Тийм учраас шинээр нээлтээ хийж үзэгчдийн хуйлруулаад буй “Single Ladys” киног үзэхээр “Тэнгис” кино театрыг зорьсон юм. Кино эхлэхээс 10 минутын өмнө суудлаа эзэллээ. Кинонд ганц бие гурван бүсгүйн амьдралын тухай өгүүлнэ. Жүжигчин Г.Ундармаа 40 гарсан ганц бие бүсгүй Ариунсанаагийн дүрийг бүтээжээ. Тэрээр нэгэн компанийн захирал. Ажил, амьдрал, мөнгөний төлөө хувийн амьдралаа хойш тавьсан. Гэвч 40 насны босгоор алхаад түших хань, тэврэх үргүй байгаадаа сэтгэлээр унасан бүсгүй. Түүний хамгийн сайн найз нь 30 настай, охинтойгоо амьдардаг ганц бие бүсгүй Сарангоо. Энэхүү дүрийг “Х-Түц” хамтлагийн жүжигчин А.Туяа бүтээсэн. Түүнд охиныг нь чин сэтгэлээсээ хайрлах, түшигтэй хань хэрэгтэй. Харин 20 настай, гал цогтой, сэргэлэн цовоо бүсгүйн дүрийг “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөн бүтээжээ. Энэ гурван бүсгүй насны зөрүү хамааралгүй, нөхөрлөдөг. Тэднийг холбосон хамгийн том хүчин зүйл нь ганц бие амьдрал. Харин тэдний амьдралд худал, хуурмаг, мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй, өөрийгөө гэр бүл зуучлагч гэж танилцуулсан Батаа хэмээх залуу орж ирснээр санаанд оромгүй өөрчлөлтийг авчирна. Батаагийн дүрийг “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Т.Билгүүн бүтээжээ. Тэрээр гурван бүсгүйг залилж, нөхөртэй болоход нь тусална гэж амладаг. Гэвч бүх зүйл түүний урьдчилж зохиосон жүжиг байсныг бүсгүйчүүд мэддэггүй. Харин киноны төгсгөлд гурван бүсгүй ямар ч зуучын шаардлагагүйгээр хүлээж байсан хайраа олдог. Киног хүнээр төсөөлвөл зүрх нь зохиол байдаг. “Single Ladys” киноны зохиол таалагдсан. Манайд ганц бие бүсгүйчүүд олон байдаг. Нийгэмд тулгамдаад байгаа сэдвийг кино болгосон нь зүйтэй. Амьдрал, хайр хаана байдаг, ханилах тавилантай хүмүүс оройтсон ч заавал учирдаг гэдгийг ухаарах шиг. Харин дүрийн хувьд ялгаа байхгүй, нэг хэвэнд цутгачихсан юм шиг энгийн. Гурван бүсгүйн дүр бие биенээ хуулбарласан мэт. Дэндүү хэтрүүлэгтэй, хүмүүсийг инээлгэх гэж ядсан юм шиг сулбагар. Киноны дүр бүхэн үзэгчдэд ямарваа зүйлийг хэлэх өгөлттэй байдаг гэж мэргэжлийнхэн ярьдаг. “Single Ladys”-д дандаа мэргэжлийн жүжигчид тоглосон нь сайшаалтай ч хэтэрхий нэг талаа барьсан, хуурамч юм шиг санагдсан. Магадгүй бүгд хошин урлагийн жүжигчид тоглосонтой холбож ойлгож болох юм. Нүүрний хувирал, хөгжилтэй төрхөөрөө үзэгчдийг татах гэж оролдсон нь өрөвдмөөр. Зураглаач, жүжигчинтэйгээ хамт тоглодог гэдэг. “Single Ladys” киноны зураг авалт уйтгартай санагдсан. Нэг планаа хэтэрхий их барьсан, хувиралт, дэвшилт байхгүй. Энэхүү киног үзэхээр ирсэн хүмүүсийн ихэнх нь хүүхэд байсан нь гайхмаар. Ганц бие бүсгүйчүүдийн амьдралыг хүүхдүүдээ дагуулж ирж үздэг эцэг эхчүүдийг ойлгосонгүй.
ГУНИГТ БҮСГҮЙН ТҮҮХ
Дараагийн үзсэн кино найман долоо хоногийн турш ашиг орлогоороо тэргүүлж, рекорд тогтоогоод буй Ларьдма. Энэхүү бүтээлийг киноны мастер болоод буй жүжигчин Б.Навчаа бүтээсэн юм. Сонин, сайтуудаар түүнийг салсан нөхрөөсөө өшөө авах гэж Ларьдмаг бүтээсэн, жүжигчин, топ модел Д.Пүрэвсүрэнг тоглуулсан нь учиртай гэж шуугиж байсан. Кинонд хоёр бүсгүйн амьдралын түүхийг өгүүлдэг. Айлын эрх, танхи охин Ларьдма агуу хайр, аз жаргалыг мөрөөдөж гэнэн хүсэл сэтгэлээр амьдардаг нэгэн. Тиймээс ч заяаны ханьтайгаа учирсан гэдэгтээ итгэн, хамтын амьдрал эхлүүлдэг. Гэвч түүний аз жаргал удаан үргэлжилдэггүй. Нөхөр нь хэтэрхий хартай учраас түүнийг дарамталж эхэлдэг. Энэ зовлонг тэвчихээ больсон бүсгүйн багахан алдаа түүнийг өргөст торны цаана аваачдаг. Нөхөртөө гомдож, шоронгийн хүнд хэцүү нөхцөлд тэсвэрлэж амьдрах хэрэгтэй болсон Ларьдма цаг хугацааг торны цаана өнгөрүүлэх хугацаандаа амьдралыг өөр нүдээр харж эхэлдэг. Харин шоронгийн харгалзагч эмэгтэйн дүр бол хүчирхийллээс хүчирхийлэл үүсдэг гэдгийг харуулсан сөрөг дүр. Энэхүү дүрийг жүжигчин Б.Навчаа бүтээсэн юм. Тэр ч гэр бүлээсээ хүчирхийлэлийг бие сэтгэлээрээ мэдэрч, шаналж яваа нэгэн. Сэтгэлд нь Ларьдматай адил нөхөртөө гомдсон, цөхөрсөн сэтгэл нуугдсан байдаг. Кинонд гэр бүл салалтын цаана үр хүүхэд, бие сэтгэл хэрхэн хохирдогийг тод харуулжээ. Энэ хоёр бүсгүй танилцаж, жаргал зовлонгоо хуваалцснаар найзууд болж төгсдөг. Бид кинонд жүжигчин Д.Пүрэвсүрэнг баян айлын тансаг бүсгүйн дүрээр хардаг. Харин Ларьдмагийн дүр жүжигчин бүсгүйг бүх талаар нь эвдсэн, нээсэн дэвшилттэй дүр болжээ. Дүрийн хувирал, эргэлт таалагдсан. Жүжигчин Б.Навчаа үргэлж инээдмийн кинонд тоглодог. Манай үзэгчид тэр төрхөөр нь хүлээж авдаг нь нууц биш. Харин энэ удаа түүнээс өөр дүр харахад сайхан байсан. Жүжигчдийн тоглолтын хувьд ярих зүйл байхгүй мэт. Харин кино зохиолд дэндүү хар бараан голлосон юм шиг. Үргэлж хүчирхийлэл, айдасын тухай өгүүлэх нь үзэгчдийн сэтгэлд өөрийн эрхгүй түгшүүрийг төрүүлэх шиг. Кино дуусан дуустал танхимд байсан үзэгчид нам гүм байсан. Зураг авалтын хувьд ч хар, бараан, нууц кадрууд голлосон. Гэрэл гэгээтэй зүйл байхгүй мэт. Дууны хувьд жүжигчний тоглолтыг тодотгож, сэтгэл хөдлөлийг нь илэрхийлэх мэт урсаад л. Киноны өргөлт, гол чимэг нь дуу, шуум байдаг. Ларьдмаг ялгаагүй ихэвчлэн бага насны хүүхдүүд үзсэн. Эрчүүд биш бүсгүйчүүд голдуу үзсэн нь харамсалтай. Магадгүй эхнэрээ хайрладаггүй эрчүүд үзсэн бол олон зүйлийг ойлгох байсан байх.
ХӨГӨӨ ЧИРСЭН ХӨГИЙН ЯВДЛУУД
Ойрын үед банш Батаа кино ертөнцөд моодонд ороод буй. Түүний тоглосон кино, жүжиг, реклам эрэлттэй байдаг. Тэрээр хөөрхний эсрэг царай муутай төрхийг имижээ болгож, урлагийн салбарт одтой яваа. Түүний бие даан бүтээсэн анхны бүтээл болох “Микроны босс” кино нээлтээ хийгээд удаагүй. Киног нь сонирхохоор очсон юм. Кинонд микро түрээсэлж, амьдралаа залгуулдаг хоёр найзын тухай өгүүлдэг. Хоёр идэж, хоосон хонохгүй өдөр хоногийг аргацааж байсан хоёр найз баян айлын бийлэгжүү хүүгийн үнэтэй машиныг сэвтээснээр үйл явдал эхэлдэг. Түрээсийн микротой, өглөө гараад орой ирдэг халтуурчин хоёрт төлбөр төлөх мөнгө байхгүй нь мэдээж. Тиймээс зугтаадаг. Баян айлын хүүг халзан гэж хочлоно. Наргиж, цэнгэхээс өөрийг мэдэхгүй, мөнгөний үнэ цэнэ, мөнгийг яаж олдогийг мэдэхийг ч хүсдэггүй Халзангийн хувьд машиныг нь сэвтээсэн хоёрыг хашраахаар шийддэг. Жүжигчин Д.Баттөмөр микроны кондукторын дүрд тогложээ. Түүний хоч нь тахиа. Үнэтэй машиныг нь янзлуулах мөнгө хайсан боловч олддоггүй. Тиймээс Халзанд тахиа уралдах санал тавьдаг. Үнэтэй машин, микро автобус хоёрын уралдаан. Киноны төгсгөлд залуус учраа олж, Халзан мөнгөний үнэ цэнийг ойлгож, тэд найзууд болдог юм. “Микроны босс” кино нэг талаараа амьдралд ойрхон болсон юм шиг санагдсан. Кинонд монголын дундаж амьдралтай айлын нэг өдрийн амьдрал тодхон харагддаг. Бид микро автобусаар яаж зорчдог, микрочид зорчигчидтой хэрхэн харьцдаг зэрэг амьдралд ойрхон ололттой зүйл олон байсан. Харин жүжигчдийн хувьд муу байлаа. Нөгөө л дүр төрхөөрөө инээлгэх гэсэн өнгө, аяс ажиглагдсан. Жүжигчин Д.Баттөмөрөөс нөгөө л хөгжилтэй, инээд хүргэм төрх нь салсангүй. Халзангийн дүрд тоглосон реппер Р.Мөнх-Эрдэнийн хувьд дүрийн хувиралт, өөрчлөлт байхгүй. Харин зураг авалтын хувьд хурдтай, ололтой тал олон байсан. “Микроны босс” кино зүгээр л хөнгөн инээд хүргэсэн. Сэтгэлд хүрч, ухааруулсан зүйл байсангүй.